Г.Батжаргал: Иргэд төрөөс гаргасан шийдвэрүүдэд захирагдаж, хариуцлагатай хандаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

Дэлхий нийтэд тархсан “Ковед - 19” халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг Монгол Улс орон даяар зохион байгуулж байна. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай аймагтаа авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа. 


-Коронавирус өвний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд Баянхонгор аймгийн ЗДТГ хэрхэн зохион байгуулалт хийж ажиллаж байна вэ?

-Дэлхий нийтэд аюулт өвчний халдвар нэмэгдэж, цар тахлын хэмжээнд хүрч, ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд Засгийн газар, Улсын Онцгой комисс /УОК/, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрууд хариуцлагатай ажиллаж байна. Баянхонгор аймгийн хувьд анх нэгдүгээр сарын 24-нд аймгийн Онцгой комисс энэ асуудлаар хуралдаж, УОК-оос өгсөн чиглэлийн хүрээнд бэлтгэл, арга хэмжээг авч эхэлсэн. Нэгдүгээр сарын 27-ноос долоо хоногийн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, эрсдэл үүссэн үед хэрхэн яаж ажиллах вэ гэдэг уялдаа холбоогоо хангаж ажилласан. Бидэнд юу шаардлагатай байна вэ гэдэг бүх асуудлыг тодорхойлж авсан. Тиймээс бид анхнаасаа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжихэд бэлдэж байсан учраас харьцангуй хүндрэл багатайгаар зохион байгуулж байна.

Сайн тал нь иргэд маш хариуцлагатай байна. Энэ тахал Монголд ороод ирвэл өөрсдийн амьдрал, амь настай холбоотой гэдгийг маш сайн ойлгож байгаа учраас төр захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрүүдэд захирагдах, түүнийг биелүүлэх тал дээр онцгой сайн байлаа. Сар шинийн баярын өдрүүдэд гэхэд хавтгайрсан золголт, айл хэсдэг, хөдөө гадаа явдаг асуудал бага байсан. Үүнээс үзэхэд бусдын сайн сайхны төлөө иргэд нэгдэж чадах юм байна гэдгийг харлаа. Манай аймгийн хувьд нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 5-ныг хүртэл долоо хоног бэлэн байдалд шилжээд, дараа нь УОК-оос зарласны дагуу дахиад өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Энэ үед бүхий л бэлэн байдлыг хангасан байв. Сэжигтнийг тусгаарлах байр, шаардлагатай эм тариа, эмч нарын нэг удаагийн хувцас хэрэглэл зэргийг бэлдсэн. Аймгийн хэмжээнд ажиллаж буй төрийн албан хаагч нарын хувцас, багаж хэрэглэл, эм тариа, үйл ажиллагааны зардалд нийт 70 сая төгрөгний эх үүсвэр гаргаад ажиллаж байна.

-Төрийн байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт орсон уу. Ямар хуваариар ажиллаж байна вэ?

-Төрийн албан хаагчид 08:00 - 18:00 цагийн хооронд ажиллаж байна. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 0-5 насны гурав хүртэлх хүүхэдтэй эхчүүд маань цагийн хязгаартайгаар буюу 10:00 -17:00 цагийн хооронд ажиллагаа байгаа.

Манай аймаг хөл хорио тогтоосон энэ үед аймгийн төвийг тойроод 14 пост ажиллаж байна. Сум болгонд 6-8 пост ажиллаж байгаа. Хяналт шалгалтыг явуулж, зайлшгүй шаардлагтай үед нэвтрүүлж байгаа. Хөл хорио тогтоосон үед 1100 төрийн албан хаагч пост, жижүүрийн үйл ажиллагаанд дайчлагдаж ажилласан. Нэн ялангуяа цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, аймгийн Шүүхийн шийдвэрийн алба, ЗДТГ-ын харьяа хэлтэс, агентлагуудын албан хаагчид дайчлагдаж ажиллаж байна. Байгууллагын удирдлагууд нэг, нэг өдрөөр жижүүрлэн ажиллалаа. Мөн дан ганц постод гарах бус иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч ажилласан. Аймгийн гудамж талбайг мананцар үүсгэх төхөөрөмж ашиглан ариутгалаа.

Аймгийн болон сумын эмнэлэгт нэн шаардлагатай байгаа хувцас хэрэглэл, зарим шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүллээ. Өөр аймаг, орон нутагт зорчиж байгаад ирсэн иргэдийг тусгаарлах байранд гурав хоног байрлуулсан. Мөн Дорноговь аймагт илэрсэн халдварын хавьтагч нарыг тусгаарлаж, тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан учраас тусгаарлалтыг цуцалсан. Тухайн иргэд нь Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаж байгаад ирсэн хүмүүс байсан.

-Хорио цээртэй холбоотойгоор үнэ хөөрөгдөх, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн тохиолдол гарсан уу?

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг таслахгүй байлгах асуудал тавигдаж байна.

Нэг тулгамдаж байгаа асуудал нь хөл хорио тогтоосонтой холбоотойгоор аймгийн төвд хөдөөнөөс мах борлуулах, нийлүүлэлт буурсантай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд махны үнэ өссөн байна. Тийм учраас аймгийн ЗДТГ-аас Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газартаа чиглэл өгч, нөөцөд байгаа 170 мянган тонн махнаас бага, багаар нь зах зээлд гаргаж байна. Гурил, будаа, өргөн хэрэглээний бараа, хүнсний хангамж хэвийн байгаа.

-Аймгийн хэмжээнд хаваржилт хэр байна. Сумдад өвс тэжээлийн нөөц хангалттай байгаа юу?

-Аймаг 400 тонн өвсний нөөц бүрдүүлсэн. Одоогоор шаардлагатай газартаа нийлүүлэлт хийж байна. Энэ өвөл аймгийн хэмжээнд өнтэй сайхан өвөл боллоо. Иргэд, малчид зутарсангүй. Гэхдээ хоёрдугаар сарын сүүлээр орсон цас хангайн чиглэлийн сумд болон зуншлага тааруу байсан говийн зарим сумдад хаваржилт хүндрүүлэх төлөвтэй байна. Галуут, Эрдэнэцогт, Өлзийт, Баянговь, Баянлиг, Шинэжинст, Баян-Өндөр зэрэг сумдад хаваржилт хүндэрч эхэлж байна. Сум болгон өөрсдийнхөө өвсний нөөцөө дууссан. Аймгаас өвс тэжээл нийлүүлж байгаа ч үнэ өндөр байгаа учраас малчид үнэ буулгаж өгөх хүсэлт тавиад байгаа. Бид ХХААХҮЯ болон УОК-т дээрх асуудлаар хандаж, 200 тонн өвс, 100 тонн тэжээлийг хямдралтай үнээр нийлүүлэх талаар хүсэлт хүргүүлсэн. Хараахан шийдвэрлээгүй байна. Ойрын хугацаанд шийдэгдэх байх гэж харж байгаа. Хөл хорио тогтоосон энэ үед ядаж өвс, тэжээлийг нь хямдралтай үнээр малчдад нийлүүлж өгөх нь том дэмжлэг болно. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 17

Mongol ard tymen mini hariuzlagatai sain bainaa…tegeegui bolch odiid hezyy l baih bailaa, zaashid ene asuudal zegzerch zevershtel hariuzlagatai bainaa

0  |  0
Top