Монголын боксчдоос Д.ДАВААНЯМ эхлэн рингэнд гарна

Админ | Zindaa.mn
2019 оны 09 сарын 09

Ц.Энхтүвшин . "Таван цагариг"

Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 9-нд ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" -д ордонд эхлэх сонирхогчдын боксын 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа боллоо.

Хоёр жил тутам зохиогддог ДАШТ-д энэ удаа 91 орны 488 боксчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байсан ч жингээ үзүүлж, сугалаанд оролцох эрхийг 78 орны 365 тамирчин авчээ.

52 кг-ийн жинд 41 боксчин оролцох бөгөөд манай Хархүүгийн Энхмандах эхний тойрогт хийлээд дараа нь есдүгээр сарын 14-нд Казахстаны С.Бибоссиновтой тулалдана. Хэрэв түүнийг ялахын бол шилдэг 16-д Колумб, Аргентин, Тайландын аль нэгтэй таарна.

57 кг-ийн жинд 51 тамирчин сугалаанд орж, манай Эрдэнэбатын Цэндбаатар эхлээд гоц мөргөөд дараа нь есдүгээр сарын 15-нд Кыргызстан-Беларусийн боксчдын ялсантай тулалдана. Ялсан тохиолдолд Австри-Дани, Тайвань-Унгарын шалгарч гарч ирсэнтэй таарна.

63 кг-ийн жинд хамгийн олон буюу 53 боксчин өрсөлдөхөөс манай Баатарсүхийн Чинзориг эхлээд мөн л гоц мөргөөд есдүгээр сарын 14-нд БНХАУ-Палестиний ялсантай тулалдана. Энэ учрааг дийлбэл дараа нь Холланд-Польш, Кыргызстан-Энэтхэгийн хэн гарч ирсэнтэй хүч үзэх юм.

69 кг-ийн жинд 51 тамирчин жиндээ орсноос манай Ганбаатарын Баярхүү эхний тойрогт хийлээд хоёрдугаар тойрогт есдүгээр сарын 16-нд Украин-Тайваний хэн дийлсэнтэй тулаан хийнэ. Ялбал дараа нь Армен-Энэтхэг, Йорданы тамирчдаас шалгарсантай таарах юм.

Энэ удаагийн ДАШТ-ий Монголын "ширэн бээлийт"-нүүдээс 75 кг-ийн жингийн Даваасүрэнгийн Давааням өнөөдөр (2019.09.09) "салхи хагалан” Узбекистаны Ф.Кахрамоновтой тулалдана. Энэ тулаанд ялалт байгуулбал манай тамирчин дараагийн тойрогт Австрийн А.Каммаранотой таарна.

81 кг-ийн жинд нийт 49 тамирчин сугалаанд оролцож манай Нармандахын Шинэбаяр эхний тойрогт Узбекистаны Д.Рузметовтой учраа таарсан бөгөөд есдүгээр сарын 10-нд рингэнд гарна. Энэ хоёрын ялсныг БНА Конго улсын К.Пита хүлээж байгаа, дараагийн тойрогт.

91 кг-ийн жинд 42 боксчин тулалдах бөгөөд манай Сандагсүрэнгийн Эрдэнэбаяр эхний тойрогт Словакын Д.Михалектай оноолт таарсан. Есдүгээр сарын 10-нд болох уг тулаанд ялсан нь дараагийн тойрогт Казахстаны В.Левиттэй тулалдах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top