Төр шашны их дархан М.Балдан-Осорын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг сэргээн засварлаж, шинэчлэх ажил хийгдлээ. Анх 2013 онд түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулан бүтээсэн уг цэцэрлэгт хүрээлэн нь хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж эвдэрч сүйдсэн байв. Улмаар дахин сэргээх хүсэлтийг үр хүүхдүүд нь аймаг орон нутагт санал болгосноор 50 сая төгрөг төсөвлөж, шинэчилсэн юм. Төмөр хашаа, хоёр сүүдрэвч, гурван төрлийн хөшөө, зургаан ширхэг сандал хийн засварлажээ. Хөшөө болон сандлууд бүгд цул боржин чулуу бөгөөд эдэлгээний хувьд бат бөх болсон гэдгийг ажлыг гүйцэтгэсэн компани онцолсон байна.
Ажлын гүйцэтгэлтэй алдарт дархан М.Балдан-Осорын охин Б.Буд биечлэн танилцжээ. Түүний хувьд хөшөөг сэргээн засварлах саналыг гаргасан аж. Б.Буд “Монгол Улс төдийгүй дэлхийд алдартай Дарьганга хийцийн мөнгөн урлалын дархан аавын минь үйл хэргийг Сүхбаатарчууд үеийн үед дурсан санаж, энэхүү цэцэрлэгт хүрээлэнг нь хайрлан хамгаалж яваасай гэж хүсэж байна” хэмээн чин сэтгэлээ илэрхийлж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )