СҮХБААТАР: Хүүхэд, залууст хувь хүний ур чадварын боловсрол олгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

Хүүхдийг ивээх сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төслийг Дэлхийн Банк, Японы Нийгмийн хөгжлийн сангийн 2.7 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгуудын 25 суманд 2019-2023 онд хэрэгжүүлэх юм. Монгол Улсад боловсролд хамрагдалт өндөр боловч ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр дэлхийн 187 орноос 130 дугаарт жагсдаг байна. Тэр дундаа орон нутгуудад ажлын байр хомс, ур чадвар дутмаг байдгаас өсвөр үеийн хүүхэд, залуучууд ихээхэн бэрхшээлтэй тулгардаг аж.

Тиймээс өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн ихээр шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг Сүхбаатар аймгийн дөрвөн сумын өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгосноор тэдний сурлагын амжилт, ур чадварыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэхээр чиглэгдэж байгаа юм.

Уг төслийн хүрээнд хувь хүний ур чадвар, энтрепернершип боловсрол олгох шинэлэг хэлбэрийн сургалтын хөтөлбөрийг өсвөр үеийн хүүхэд, залуучуудын оролцоотой боловсруулж, сонгогдсон сумдын Ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсрол төвтэй хамтран хэрэгжүүлэх ажээ. Мөн сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадвараа бодитоор туршихад нь дэмжлэг үзүүлэн, хүүхэд залуучуудын боловсруулсан бичил төслийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр сургууль завсардсан болон ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй нийт 6000 өсвөр насны хүүхэд, залуучууд сурлагын амжилтаа нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмшиж, төслийн үйл ажиллагаа нь зорилтот орон нутгийн багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүд гэх мэт 20 мянга орчим хүнд хүрнэ гэж үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top