ОХУ-ын хоккейн шигшээ баг, NHL-ийн “Вашингтон Кэпиталз” багийн довтлогч Евгений Кузнецов кокаин хэрэглэсэн хэргээр дөрвөн жил тоглох эрхээ хасуулж, 2019 оны ДАШТ-ий хүрэл медалиа хураалгасан билээ. Энэ оны тавдугаар сард болсон ДАШТ-ий үеэр авсан түүний сорьцоос кокаин илэрсэн тул Олон улсын хоккейн холбооноос ийм хатуу шийтгэл оноосон юм.
Гэхдээ энэ шийтгэл Олон улсын хоккейн холбооноос зохион байгуулж байгаа тэмцээнд л хамаатай бөгөөд Кузнецов 2023 он хүртэл энэ холбооны тэмцээнд орох эрхгүй болсон. Харин Хойд Америкийн үндэсний хоккейн лиг нь Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Олон улсын хоккейн холбооны дүрмэнд захирагддаггүй, өөрийн хууль дүрэмтэй газар. NHL лигээс хар тамхи хэрэглэсэн тамирчиндаа ямар шийтгэл оноох нь олны анхаарлын төвд байлаа. NHL-ийн хувьд хамгийн гол нь бизнес. Ингээд Хойд Америкийн үндэсний хоккейн лигээс Кузнецовт кокаин хэрэглэсэн хэрэгт нь шийтгэл оноолоо. Түүнд ердөө гурван тоглолтод оролцохгүй байх шийтгэл оноосон юм. NHL-ийн дэд захирал Билл Дэйли “Олон улсын холбооноос ялгаатай нь манай лигт кокаиныг хүч чадал сэргээдэг допинг гэж үздэггүй. Тийм болохоор хориотой зүйл биш. Харин Кузнецов хар тамхи байнга хэрэглэх юм бол бид албадан эмчилгээнд явуулах арга хэмжээ авах болно” гэжээ.
Ингэхээр Евгений Кузнецов шигшээ багт ДАШТ, олимп, тивийн тэмцээнд орж болохгүй ч Хойд Америкийн лигт тоглосоор байх боллоо.
Сэтгэгдэл ( 0 )