ОРХОН: 300 айл эко ариун цэврийн байгууламжтай болно

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Эрдэнэт хотын гэр хорооллын 14 багийн 266 айл, Жаргалант сумын 24 өрх “Эко ариун цэврийн байгууламж”-тай болж урамшуулал авахаар боллоо. Уг ажилд нийтдээ 608 сая төгрөг зарцуулна. Тодруулбал, орон нутгийн төсвөөс 277,5 сая, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 250 сая, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс 95 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус хийх юм. Аймгийн Засаг дарга Д.Батлут захирамж гаргаж “Эко ариун цэврийн байгууламж” барих өрхөд урамшуулал олгох журмыг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг журмаа боловсруулж бүртгэл явуулахад, 400 гаруй өрх хүсэлт гаргасан байна. Эдгээр өрхүүдийн дунд сонгон шалгаруулалт явуулах ажлыг Баян- Өндөр сумын ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж, 300 орчим айлыг шалгаруулжээ.

Шалгарсан өрх тус бүр 1 сая 997 мянган төгрөгийн урамшуулал авна. Мөн нийтийн эзэмшлийн 10 орчим байршилд “Эко ариун цэврийн байгууламж” байгуулна. Дээрх байгууламжийн жишиг зургийг баталсан бөгөөд барьж байгуулах ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэх юм. Эко ариун цэврийн байгууламж барьсан гэр хорооллын айлуудад урамшуулал олгох ажил жил бүр тогтмол үргэлжлэн хийгдэнэ гэдгийг аймгийн ЗДТГ-аас онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top