Мэргэжлийн сүмогийн Изүцү дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко энэ сарын 16-нд Токиогийн эмнэлэгт өвчний учир 58 насандаа нас нөгчжээ. Сүмо бөхийн холбооны Тойргийн барилдаан хариуцсан хэсэгт дэд тэргүүний алба хашиж байлаа.
Нойр булчирхайн хорт хавдар өвчтэй байсан гэж зарим хэвлэлээр мэдээлж байна.
Тэрээр дүү Тэрао, ах Какүрэйзан нартай хамт барилдаж, “Изүцү дэвжээний ах дүү 3” хэмээн алдаршиж байлаа. Гарамгай барилдааны шагнал 5, Уран барилдааны шагнал 4, Таканосато, Чиёонофүжи, Фүтахагүро аваргуудаас 7 кинбоши авч байв.
1994 оноос “Изүцү” дэвжээг удирдсанаасаа хойш ёкозүна төрүүлсэн ояката байв. Манай ёкозүна Какүрюүгийн багш билээ. Какүрюү бол түүний ганц цолтой шавь бөгөөд аваргын талаар “Туранхай хүү байсан болохоор үсчин болгоё гэж бодож байлаа” гэж ярьж байв.
Намрын тэмцээний өмнө бие нь муудаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч үр дүнд хүрээгүй байна.
Одоо “Изүцү” дэвжээнд ёкозүна Какүрюүгээс гадна санданмэ, жонидан зиндааны хоёр бөх бий. Хэрэв дэвжээ нь хаагдвал багшийнхаа дүү Тэраогийн удирдаж байгаа “Шикорояма” дэвжээнд нэгдэх магадлалтай байна.
Сэтгэгдэл ( 0 )