Албан ёсны гэрчилгээ, шошготой хүнсний ногоог худалдаалж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хамтран зохион байгуулж буй "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа өнөөдөр (2019.09.23) "Алсыг харья-Органикийг сонгоё" өдөрлөгөөр үргэлжилж байна. Үзэсгэлэн худалдаанд, Органик хүнсний тухай хуульд заасны дагуу "Сэлэнгэ органик" хамтын баталгаажуулалтын байгууллагаар баталгаажсан, анхны албан ёсны гэрчилгээтэй, органик гэсэн шошготой төмс, хүнсний ногоо гарч байгаа юм.

Энэ онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар, Сант зэрэг есөн сумын хоршоодын 139 ногоочин нэгдэж, “Сэлэнгэ органик” хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулжээ. Тус байгууллага Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлэн, органик болохыг илэрхийлсэн шилжилтийн үеийн шар өнгийн дэвсгэртэй тэмдэг, тэмдэглэгээ ашиглах эрх авч, ийнхүү анхны хүлээн зөвшөөрөгдсөн органик шошготой бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Шилжилтийн үеийн органик хүнсийг баталгаажуулахдаа, хоршоодын гишүүд органик газар тариалан болон органик зөгийн аж ахуйн хяналтын хуудасны дагуу харилцан бие биеэ хянаж, зөвлөн туслах, туршлага солилцох арга барилын дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Харин төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг "Сэлэнгэ органик" хамтын баталгаажуулалтын байгууллагын хэрэглэгч тал гүйцэтгэж, тэдний тариалсан төмс, хүнсний ногоонд химийн хорт бодисууд агуулсан эсэхийг нитрит хэмжигчээр шалгажээ. Хэрэглэгч тал гэдэгт ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн, Сэлэнгэ аймаг дахь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо, Сэлэнгэ таван хайрхан дундын хоршоо багтаж байгаа юм.

Сэлэнгэ аймгийн эдгээр хоршоологч АДРА Монгол ОУБ-аас хэрэгжүүлж буй "Органик хөдөө аж ахуйн түншлэл" төсөлд хамрагдсанаар органик аргаар төмс, хүнсний ногоо хэрхэн тариалах аргад суралцжээ. Мөн төслийн зүгээс ногоочдыг чадавхжуулах, олон төрлийн сургалтад хамруулж, органик үрээр ханган, тоног төхөөрөмж, санхүүгийн дэмжлэг үзүүлж, тариалангийн талбайд хөрс, усны шинжилгээ хийх, хамтын баталгаажуулалтын байгууллагад нэгтгэх, үүнтэй холбоотой дүрэм, журмыг боловсруулах, хоршоодын засаглалыг сайжруулах, бүтээгдэхүүний маркетинг хийх зэрэг олон ажил зохион байгуулж байна. Хамгийн гол нь ногоочид органик үйлдвэрлэлд шилжихээ илэрхийлж, тангараг өргөсөн учраас төмс, хүнсний ногоо тариалахдаа химийн гаралтай пестицид, ургамал хамгаалах бодис, фунгицид, гербицид зэргийг ашиглаагүй бөгөөд хөрснийхөө үржил шимийг сайжруулахын тулд компостон бордоо, хучлага таримал тарьж, малын боловсруулсан бууц хэрэглэж байна. Түүнчлэн ногоочид зөвхөн төмс, хүнсний ногоо тарих, хураан авах ажлаа хариуцаж, дундын хоршоо нь борлуулалтыг хариуцаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, органик төмс, хүнсний ногооны бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын сүлжээг бий болгож байгаа гэсэн үг. Энэ бүхэн нь Сэлэнгэ аймгийн хоршоодын гишүүд, тэдгээрийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилтын бодит биелэл болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top