Багануур, Шивээ-Овоогийн уурхай тонн тутамд 1900-3500 төгрөгийн алдагдал хүлээж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07



Төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаж байна.

Монгол Улсын нүүрсний нийт хэрэглээний 60, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 1-ний байдлаар 90.9 хувьтай үргэлжилж байгаа бол Шивээ-Овоогийн уурхайн хувьд 86 хувьтай байна гэж “Эрдэнэс Монгол” компаниас мэдээллээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд дулааны цахилгаан станцууд нүүрсний төлбөр дутуу хийснээс үүдэн санхүүгийн хүндрэлтэй байдал үүссэн гэдгийг уурхайн удирдлагууд онцоллоо. Тодруулбал, дулааны цахилгаан станцуудаас Багануурын уурхай 3.02 тэрбум төгрөг, Шивээ-Овоогийн уурхай 4.1 тэрбум төгрөгийн авлагатай байна.

Иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэхээс зайлсхийж төрөөс Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн нүүрсний үнийг хатуу барьсаар ирсэн. Ингэснээр дээрх уурхайнууд тонн тутамдаа алдагдал хүлээсээр байгаа юм. “Багануур”-ын нэг тонн нүүрсний өөрийн өртөг 37000 төгрөг. Харин ДЦС-уудад бүтээгдэхүүнээ 33500 төгрөгөөр нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, нэг тонн нүүрснээс 3500 төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн үг. Харин Шивээ-Овоогийн уурхайн хувьд нэг тонн нүүрснээс 1900 төгрөгийн алдагдал хүлээж байна. Тус уурхайн нэг тонн нүүрсний өөрийн өртөг 31500 төгрөг бөгөөд ДЦС-уудад бүтээгдэхүүнээ 29600 төгрөгөөр нийлүүлдэг.

Дашрамд дурдахад, Багануурын уурхай ТЭЦ-2, ТЭЦ-3, ТЭЦ-4, Дархан, Эрдэнэт, Амгалан, Налайх болон Багануурын дулаан болон цахилгаан станцуудыг эрчим хүчний нүүрсээр хангадаг. Харин Шивээ-Овоогийн уурхайн хувьд ТЭЦ-4, Хөтөл, Амгалан, Налайх болон Дорноговийн уурхайд эрчим хүчний нүүрс нийлүүлж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ахмад уурхайчин(202.9.42.131) 2019 оны 10 сарын 08

Хамгийн төвөгтэй шийдвэрээ хүлээсэн энэ асуудал цаашид үргэлжилсээр уурхайнууд өрөнд ороод зогсохгүй цахилгаан станцууд ч эдийн засгийн хуьвд хэцүүднэ: Өөрөөр хэлбэл хөгжлийг хурдасгагч эрчим хүчний салбар уналтанд орно. Тэгэхээр улсын хөгжил зогсоно. Ийм л гашуун үнэн биднийг хүлээж байна. Үнэ чөлөөлөхийн тулд яах вэ гэдэг асуудал Засгийн газар УМХ-ын шийдвэл зохих шийдвэр хүлээсэн асуудал юмдаа. Ийм өхцөлд эрчим хүчний салбартгадны хөрөнгө оруулалт горьдоод хэрэггүй л болчихсонлоо.

0  |  0
Top