Улстөрчидтэй холбоотой гомдлыг фэйсбүүкийн НОГООН СУВАГ хүлээж авахгүй

2019 оны 10 сарын 07

 

Хүний эрх, эрх чөлөө гэдэг ойлголт  ардчилсан нийгмийн тулгуур гэдгийг бид бүгд л мэднэ. Харин хүний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг бүгдээрээ сонсож, дуулж байсан ч хүлээн зөвшөөрөх хандлага сул байдаг. Яг энэ хандлагаа сүүлийн жилүүдэд сошиал орчноор дамжуулан илэрхийлэх нь улам нэмэгдсээр байгаа. Ардчилсан орны эрх чөлөөт иргэдийн хувиар үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байгаа нь сайхан ч бусдын амьдрах, оршин тогтнох эрхэнд халдаж байгаа нь зохисгүй.

Жишээ татъя. Өнгөрсөн долоодугаар сард фэйсбүүк дэх “60 тэрбум” хуудаст “Дараагийн дампуурах банкийг зөв таасан таван хүнд шагналтай” гэсэн “Азтан тодруулах” сошиал уралдаан зарласан байсан. Санхүүгийн салбар тэр дундаа банк бол итгэлцэл дээр суурилдаг бизнесийн үйл ажиллагаа тул иймэрхүү сошиал орчны таавар гэхчлэн асуудлаас үүдэн  банкны салбарт, арилжааны банкуудад асуудал үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс тухайн үед сошиал дахь энэ мэт асуудлыг зохицуулах зохицуулалт бий юу гэдгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос тодруулж байв. Тэгэхэд  “Шууд оролцож, ямар нэг байдлаар арга хэмжээ авах боломж хуулийн хүрээнд байхгүй. Оюуны өмчийн асуудал байлаа гэхэд Оюуны өмчийн газраас тухайн асуудлаар албан ёсны мэдээлэл ирүүлэх юм уу. Хууль зөрчсөн аливаа асуудал байлаа гэхэд хууль, хяналтын байгууллагын зүгээс манай руу албан ёсны мэдээлэл, дүгнэлт бүхий бичиг, мэдэгдэл ирүүлсэн тохиолдолд манай хорооны зүгээс Фэйсбүүк компани руу дамжуулж, уламжлах л эрх хуулийн хүрээнд бий” гэж байсан юм.

Тэгвэл одоо уншигч танд дуулгах таатай нэг мэдээ байна. Харилцаа холбооны зохицуулах хороо болон Фэйсбүүк компанийн хамтын ажиллагааны үр дүнд хууль бус контентын талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай “ногоон суваг” буюу шууд харилцах цахим сувгийг Монгол Улсад анх удаа албан ёсоор нээжээ.

Уг зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж гагцхүү Фэйсбүүк хэрэглэгчдийн хэм хэмжээ “Community Standards” болон Монгол Улсын холбогдох хуулийн хэрэгжилтийг фэйсбүүк нийгмийн сүлжээнд хангах хүрээнд олон нийтийн аюулгүй байдалд шууд аюул занал, учруулж болохуйц гэж үзсэн тухайн контент болон бүртгэлтэй хэрэглэгчийн хувийн аккаунтыг устгах, түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээ авч хамтран ажиллах аж.

Фэйсбүүк компани нь Монгол Улсын “green channel”-р ирүүлэх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж хариуг өгнө. Уг гомдол, хүсэлттэй холбоотой илүү мэдээлэл, судалгааг хийхэд ХХЗХ-ны ажлын баг ажиллах гэнэ.  Гэхдээ тухайн контентын агуулга нь дараах хүрээнд байна. Үүнд:
 

  • Хүчирхийлэл болон гэмт хэргийн шинж чанартай
  • Олон нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөхүйц үзүүлсэн
  • Амиа хорлолт ба өөрийгөө золиослох
  • Хүүхдийн бэлгийн мөлжлөг
  • Садар самуун
  • Дээрэлхэх ба дарамтлах
  • Хувийн мэдээллийн нууцлал
  • Үзэн ядах үг хэллэг
  • Спам
  • Худал мэдээлэл
  • Оюуны өмч
  • Журамласан бараа бүтээгдэхүүн


Харин Фэйсбүүк компанийн “Community standards”-ийн дагуу “public figure” буюу улс төрийн албан тушаалтан, тэдгээртэй холбоотой шүүмжилсэн, гүтгэсэн, доромжилсон агуулгатай аливаа төрлийн мэдээ, мэдээлэлтэй холбоотой гомдлыг “ногоон суваг”-аар хүлээж авахгүй юм байна.  Учир нь үзэл бодлоо илэрхийлэх олон улсын хэм хэмжээний дагуу олон нийт нь улс төрийн албан тушаалтны талаар хэлэлцэх, шүүмжлэх, мэдээлэл солилцох бүрэн эрхтэй тул “ногоон суваг” улс төрчдийг өмөөрөхгүй байх нь. Ер нь бол сошиал хуудсуудаар бодлоготойгоор  “сэвдэг” сэдвүүдийн дунд улс төрийн чиглэлийн мэдээ мэдээлэл их байдгийг хэн хүнгүй мэднэ. Ялангуяа сонгуулийн үеэр сошиалаар бүүм болдогийг 2016 оны УИХ болон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль бэлхнээ харуулсан. Тиймээс цаашид 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр  Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг фэйсбүүк нийгмийн сүлжээнд хангуулах чиглэлд ХХЗХ, Фэйсбүүк компанитай хамтран ажиллах аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top