Майкл Вайсс: Маргааш бид ямар амжилтад хүрснээ харуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

“Катар-2022” дэлхийн аваргын тэмцээн, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Манай шигшээ баг F хэсэгт Япон, Мьянмар, Тажикстан, Киргизийн багтай нэг хэсэгт орсон.

F хэсэг

1. Япон — 6 оноо (+8)

2. Тажикстан — 6 оноо (+2)

3. Киргиз — 3 оноо (+6)

4. Монгол — 3 оноо (-6)

5. Мьянмар— 0 оноо (-10)

Манай шигшээ баг маргааш /2019.10.15/ Киргизийн багийг талбайдаа хүлээн авах бол хэсгийг тэргүүлэгч Японы шигшээ баг Душанбед зочилж байгаа. Энэ хоёр тоглолтын үр дүнгээс F хэсгийн байдал маш их хамаарна. Өнөөдөр багууд хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

-Маргаашийн тоглолтын талаар?

Монголын шигшээ багийн дасгалжуулагч Майкл Вайсс – Бид бэлтгэл сургуулиа сайн хийж байгаа. Киргизийн баг бол манайхаас чансаа өндөр баг. Тэдэнтэй тоглохоос өмнө бид Японы хүчирхэг багтай талбай дээр нь тоглосон. Чамгүй сайн тоглосон гэж би үзэж байгаа. Киргизийн багтай хийх тоглолтод бид сүүлийн 2.5 жилд хийсэн ажлынхаа үр дүнг, ямар амжилтад хүрснээ харуулах хүсэлтэй байна.  

-Японтой хийсэн тоглолтын талаар хүмүүс манай багийг бөмбөг барьж чадахгүй байна зэрэг шүүмжлэл гарсан. Киргизтэй өөрөөр тоглох уу?

-2.5 жилийн өмнө шигшээ баг ямар байсныг санах хэрэгтэй. Би одоогийн нөхцөл байдал, байгаа тамирчдадаа тулгуурлаад багаа удирдан явж байгаа. Харьцангуй өндөр үр дүнтэй тоглож байгаа гэж бодож байна. Одоогийн байдлаар манай баг тики- така шиг богино, олон дамжуулалт өгсөн тоглолтыг үзүүлж чадахгүй. Хэрэв ийм тоглолт шигшээ багаас хүсэж байгаа бол өөр дасгалжуулагч урих хэрэгтэй.

-Маргаашийн гарааны бүрэлдэхүүний талаар?

-Би өнөөдрийн бэлтгэлийн дараа Японтой хийсэн тоглолтын гарааны бүрэлдэхүүнийг өөрчлөх эсэхээ шийднэ.  

-Довтлогч Н.Наранболдыг Японы эсрэг тоглоход гараанд гаргаагүй. Тэр гэмтэлтэй байв уу? Эсвэл тактикийн хувьд сэлгээнд үлдээсэн үү?

-Н.Наранболдын хувьд яг одоо гараанд гарахад бэлэн биш байгаа. Тэр шигшээ багт дуудагдах болгондоо гэмтэлтэй ирдэг. Шигшээ багийн бэлтгэл дээр бэртлээ эдгээгээд тоглолтод оролцдог. Киргизийн эсрэг хийх энэ тоглолт дотоодын лигийн тоглолтоос огт өөр түвшний тоглолт. Японтой хийсэн тоглолтод Н.Наранболд сэлгээгээр гарж, хорин минут тоглохдоо нэг ч удаа бөмбөгөнд хүрээгүй. Энэ нь түүнийг форм муутай байгааг илтгэн харуулж байна гэж бодож байна. Гэхдээ тэр мэдээж маргааш талбайд гарах боломжтой.

-2017 онд манай баг  “Aceh World Solidarity Tsunami Cup” тэмцээнд Киргизийн багт 0-3 ялагдаж байсан.

-Тэр бол 23 хүртэлх насны залуучуудын багийн тоглолт байлаа. Харин одоо насанд хүрэгчдийн шигшээ баг. Тэр үед бид 0-6 ялагдаж болох байсан тоглолтод 0-3 ялагдаж чадсан. Шигшээ багийн хөгжлийн тухай ярихад бид бага багаар дэвшин, ахиж байгаа. Маргааш бид чадах бүхнээ хийнэ, ямар үр дүн гарахыг тоглолтын дараа л мэднэ.

-Киргизийн багийн талаар хэр мэдэх вэ?

-Арын бүсээс довтолгоог эхлүүлдэг, биеийн хүчний тоглолт хийдэг баг. Бид маргааш хамгаалахаас илүү урагш довтолж тоглоно. Японы эсрэг тоглолт ур чадварын эрс ялгаа байсан тул бид хамгаалж тоглосон. Харин Киргизтэй өөрөөр тоглоно.

-Унгарын “Пушкаш” академид тоглож байгаа Г.Ганбаярыг яагаад уриагүй вэ?

-Г.Ганбаярыг хэд хэдэн удаа шигшээ багт дуудсан. Тоглолт нь хангалтгүй байлаа. Бид Унгарт очиж, бэлтгэлийг нь үзсэн. Түүнд харь оронд гэрээ санаад сэтгэл зүйн асуудал байх шиг санагдсан. Нутагтаа буцаж ирвэл дээр ч байж мэдэх юм. Г.Ганбаярыг манай багийн тоглогчидтой харьцуулахад манай ямар ч тоглогч түүнээс илүү бэлтгэл хийдэг, илүү гүйдэг, хамгаалалтад тусалдаг, илүү биеийн хүч ашигладаг, ер нь бүх талаар давуу байгаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.190.154) 2019 оны 10 сарын 14

Хүүхдүүдэд хоосон магтаал хэрэггүй шүү, цагаан хэл ам хүрчихнэ.

0  |  0
Top