ТЕГ: Хар тамхи нэвтрүүлсэн гэмт үйлдийн талаарх мэдээллийг хүлээн авч байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15

Тагнуулын байгууллагаас үндэсний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр эрчимтэй ажилласны дүнд Монгол Улсын нэр бүхий иргэд АНУ-аас Дельта-9 тетрагидроканнабинол гэх мансууруулах бодисыг улс хоорондын шуудан илгээмжид нуун Буянт-Ухаа хилийн боомтоор зохион байгуулалттайгаар нэвтрүүлсэн, БНХАУ-аас метамфетамин буюу мөс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Өмнөговь аймгийн Гашуун Сухайт авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлсэн зэрэг гэмт үйлдлүүдийг илрүүлэн шалгаж хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.

Энэ төрлийн гэмт хэргийг манай иргэд гадаадын иргэдтэй хамтран богино хугацаанд өндөр ашиг олохыг эрмэлзэн үйлдэх, ингэхдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хүүхэд, залуучуудад зарж борлуулах, хэрэглээ, зах зээлийг өргөжүүлэх, хилийн ачаалал ихтэй боомтоор өөрийн болон бусдын ачаа тээшинд нууж нэвтрүүлэх, эсхүл олон улсын шуудан, илгээмж, карго зэрэг боломжит бүхий л зам сувгийг ашиглаж байна.

Хар тамхитай тэмцэх олон улсын байгууллагаас тус улсыг хар тамхи “дамжин өнгөрүүлэгч улс”-аас “хэрэглэгч улс” болж өөрчлөгдсөнийг анхааруулах болсон ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ нь манай улсын залуу үе рүү чиглэгдэж, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, цаашлаад үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх нэгэн онцгой хүчин зүйл болж байна.

Иймд, Тагнуулын ерөнхий газраас хүүхэд, оюутан, залуучууд, эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч, иргэд, олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд онцгой анхаарал хандуулахыг уриалж дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
 

1. Дотоодод анхаарах асуудал
 

-Хүүхэд, залуучуудаа гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх үүднээс тэдгээрт энэ төрлийн хууль бус үйл ажиллагаанд оролцсоноос үүдэх эрүүл мэндийн болон хууль зүйн үр дагаврыг таниулах, ойлголт төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, хүмүүжлийн арга хэмжээг сургууль, ар гэрийн хүрээнд зохион байгуулах, өсвөр насны хүүхэд, оюутан, залуучуудад тавих хараа хяналтыг сайжруулж, тэдний биеэ авч яваа байдалд анхаарах;

-Олон улсын шуудан, илгээмжийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж нь илгээмжийг нэг бүрчлэн шалгаж авах, илгээмжийн эзний бичиг баримтыг зайлшгүй биечлэн үзэж бүртгэл хөтлөх, холбоо барих утасны дугаарыг тэмдэглэн авч хэвших;

-Хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн жолооч хүн, ачаа тээш зөөвөрлөхдөө хууль бус бараа, эд зүйл авч яваа эсэхийг сайтар асууж тодруулан шалгаж тээвэрлэх, сэжиг бүхий ачаа тээш илэрсэн тохиолдолд хууль хяналтын байгууллагад даруй мэдээлж хамтран ажиллах.
 

2. Хилийн чанадад анхаарах асүүдал
 

-Иргэд гадаад улсад зорчихдоо хүнээс дайвар ачаа бараа авахаас аль болох зайлсхийх, авсан тохиолдолд тухайн ачааг зайлшгүй үзэж, шалгаж авах;

-Өөрийн ачаа тээшинд байнга хяналт тавьж, эзэнгүй орхихгүй байх;

-Гадаад оронд сурч, ажиллаж буй иргэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс ангид байж, ойр дотнын хүмүүсийн хууль бус ятгалгад автахгүй байх;

-Таны хамт сурдаг, ажилладаг хэн нэгэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авах, хэрэглэх, борлуулах, тээвэрлэх гэмт хэргийг үйлдсэн, үйлдэхээр бэлтгэж байгаа, эсхүл таныг татан оролцуулахыг оролдсон, ятгасан тохиолдолд нэн даруй Монгол Улсаас тухайн оронд суугаа элчин сайдын яаманд хандаж хууль зүйн зөвлөгөө, туслалцаа авах хэрэгтэй.
 

Эцэст нь хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээнээс болж таны гэр бүл, ойр дотнын хүн эдийн засгийн хувьд бусдаас хараат болох, удмын сан, ургийн болон бие эрхтний хөгжилд нь өөрчлөлт, гажиг үүсэх эрсдэл ойрхон байна. Иймээс иргэний үүргээ биелүүлэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хууль бус үйлдэл, үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг бидэнд өгч хамтран ажилласнаар /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.5 дугаар зүйл.Гэмт хэргийн талаарх мэдээллийг төлбөртэй авах/ Та өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүсээ хамгаалах төдийгүй, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах болно. Тагнуулын ерөнхий газар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт үйлдлийн талаарх мэдээлэл өгсөн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангаж, нууцыг чанд хадгалах болно.

Тагнуулын байгууллагатай 92263619 дугаартай утсаар холбогдох боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top