Баянхонгор аймгийн цагдаагийн алба хаагчид өчигдөр /2019.10.15/ байнгын бэлтгэл хангах стандарт нөхцөл бүхий зориулалтын байртай боллоо. Аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан хурандаа Б.Оюутболд алба хаагчдынхаа бэлтгэл бэлэн байдлыг сайжруулах зорилгоор санаачилж байсан ажил хурандаа Ц.Анхбаяр даргын үед бодит ажил хэрэг болж улсын комисс хүлээж авсанаар ийнхүү үүд хаалгаа нээж байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр болон хууль, хяналт, холбогдох байгууллагуудын удирдлагууд цагдаагийн алба хаагчид оролцлоо.
Улсын төсвийн 381 сая төгрөгийн өртгөөр орон нутгийн “Гал гэрэл констракшн” ХХК дөрвөн сарын хугацаанд тус барилгын ажлыг гүйцэтгэсэн байна. Дотроо эрэгтэй эмэгтэй алба хаагч тус бүрийн саун душ, ариун цэврийн өрөөтэй, эмчийн болон амрах өрөөтэй, бэлтгэлийн спорт заалтай, бие бялдар хөгжүүлэх 20 гаруй нэр төрлийн тусгай тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Эдгээр бялдаржуулах, чийрэгжүүлэх тоног төхөөрөмжүүд нийтдээ 20 гаруй сая төгрөгийн өртөгтэй. Үүнээс аймгийн ИТХ, ЗДТГ-аас 9.5 сая төгрөгний дэмжлэг туслалцаа үзүүлсэн бол Ц.Анхбаяр даргатай цагдаагийн газар үлдэгдэл 10 сая төгрөгийг өөрсдийн нөөцөөсөө гаргаж нийтдээ 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг суурилуулаад байгаа аж.
Нийгмийн хэв журмыг сахиулах үйлсэд хүчин зүтгэж буй цагдаагийн алба хаагчид байнгын бэлтгэл хангах зориулалтын байртай болсондоо сэтгэл өндөр байна.
Сэтгэгдэл ( 0 )