Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/ буюу МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын долоодугаар чуулган Тусгаар тогтнолын ордонд болж байна. 25 жилийн түүхтэй НАМЭХ-ны ээлжит чуулганыг МАН-ын 28 дугаар Их хурал болсноос хойш болж буй бодлого шийдвэр хэрэгжүүлэх үндсэн зорилготой ач холбогдол бүхий хурал хэмээн намын зүгээс үзэж байгаа аж.
НАМЭХ нь 1994 онд байгуулагдсан. Анх Д.Алтай даргатай “Эмэгтэйчүүд, хөгжил, хөдөлгөөн” нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1998 онд хоёрдугаар чуулганаа хуралдуулж, МАСЭХ /Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо/ нэртэй болсон. 2010 оны аравдугаар сард МАН-ын 26 дугаар Их хурлын өмнө МАСЭХ-ны ээлжит дөрөвдүгээр чуулганаа хуралдуулж, шинэ бодлого, зорилгоо тодорхойлж, байгууллагын нэрээ Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбоо болгон дахин өөрчилж, үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага болон төлөвшиж хөгжиж эхэлжээ. 2011 онд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан бол 2014 оноос УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа даргалж буй.
НАМЭХ-ны долоодугаар чуулганд хот, хөдөөгийн 317 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд хоёр өдөр үргэлжлэх уг чуулган өнөөдөр шинэ ерөнхийлөгчөө сонгож, дүрэмдээ өөрчлөлт оруулна. Харин маргааш шинэчилсэн дүрмийн дагуу холбооны бага хурлын гишүүдийг сонгох юм байна.
Чуулганы үеэр холбоог удирдаж байгаа одоогийн ерөнхийлөгч Ц.Цогзолмаагийн ажлыг дүгнэсэн. Түүнийг НАМЭХ-г удирдсан таван жилийн хугацаанд тус байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өндөр хэмжээнд, өргөн цар хүрээтэй хөгжсөн болохыг чуулганд оролцсон эмэгтэйчүүд хэлж байлаа. Өдгөө НАМЭХ нь дэлхийн 20 гаруй улстай хамтран ажиллаж байгаагаас БНХАУ, БНСУ, Европын хөгжингүй орнуудтай ойр нягт хамтын ажиллагаатай байгаа аж.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд болсон түүхэн том нэг үйл явдал бол Соц-Интернийн Азийн бүсийн хурлыг Азидаа анх удаа Монгол Улсад зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргаж, Азийн бүсийн эмэгтэйчүүдийг уриалж ажиллажээ.
Соц-Интернийн Олон Улсын Эмэгтэйчүүдийн байгууллага нь 139 орны улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, улс төрийн оролцоог дэмжих чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд НАМЭХ нь 1999 онд Соц-Интернийн Олон Улсын эмэгтэйчүүдийн байгууллагын /СОУЭБ/ ажиглагч гишүүнээр элсэж, 2003 онд Бразилийн Сан-Пауло хотноо болсон Соц-Интернийн эмэгтэйчүүдийн байгууллагын Их хурлын шийдвэрээр жинхэнэ гишүүн болсон түүхтэй. 2015 онд НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл Франц улсын Марсель хотод зохион байгуулагдсан ээлжит хуралд оролцох үеэрээ 2016 оны хурлыг эх орондоо зохион байгуулах шийдвэрийг гаргуулж чадсан юм. Өдгөө НАМЭХ нь НҮБ-аас эмэгтэйчүүдийн аж байдлын хүрээнд зохион байгуулагддаг бүхий л хурлуудад Монгол Улсаас албан ёсоор хүндтэй зочин уригддаг Соц-Интернийн хүндтэй байгууллага болж чаджээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа НАМЭХ-г удирдах хугацаанд шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо огцом өссөн байна. НАМЭХ-оос манлайлагч эмэгтэйчүүдийг бүх шатны сонгуульд бэлтгэх, чадавхжуулах талаар үе шаттай арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2016 оны сонгуулиар УИХ-д 12 эмэгтэй гишүүн сонгогдож, аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуульд үнэмлэхүй ялалтыг байгуулан түүхэн амжилтыг үзүүлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Нэг чавганцын оронд дахиад л чавганц. Залуучуудаа сонгооч. Тэтгэвэрийн хөгшчүүл юу ч хийж чадахшүй шүүдээ. Ямар даргын донтой юм бэ
Нэг чавганцын оронд дахиад л чавганц. Залуучуудаа сонгооч. Тэтгэвэрийн хөгшчүүл юу ч хийж чадахшүй шүүдээ. Ямар даргын донтой юм бэ