МАН-ын дэргэхэд Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сонгогдлоо.
Өнөөдөр /2019.10.17/ НАМЭХ-ны долоодугаар чуулган Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн бөгөөд хуралд оролцсон 317 гишүүний 75 хувийн саналаар Д.Сарангэрэлийг ерөнхийлөгчөөрөө сонгосон юм.
МАН нь нийт 212469 гишүүнтэй ба үүнээс 106963 гишүүн нь эмэгтэй гишүүн. Иймд НАМЭХ-ны үйл ажиллагааны цар хүрээ өргөн болохыг чуулганд оролцогсод онцолсон ба 25 жилийн түүхтэй НАМЭХ-ны ээлжит чуулганыг МАН-ын 28 дугаар Их хурал болсноос хойш болж буй бодлого шийдвэр хэрэгжүүлэх үндсэн зорилготой ач холбогдол бүхий хурал хэмээн намын зүгээс үзэж байлаа.
НАМЭХ нь 1994 онд байгуулагдсан. Анх Д.Алтай даргатай “Эмэгтэйчүүд, хөгжил, хөдөлгөөн” нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1998 онд хоёрдугаар чуулганаа хуралдуулж, Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо /МАСЭХ/ нэртэй болсон. 2010 оны аравдугаар сард МАН-ын 26 дугаар Их хурлын өмнө МАСЭХ-ны ээлжит дөрөвдүгээр чуулганаа хуралдуулж, шинэ бодлого, зорилгоо тодорхойлж, байгууллагын нэрээ НАМЭХ болгон дахин өөрчилж, үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага болон төлөвшиж эхэлжээ. 2011 онд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан бол 2014 оноос УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа даргалж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )