Д.Сумъяабазар: Манай газрын тос сайн чанартайд тооцогддог

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын зүгээс Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих төслийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Эксим” банк хооронд байгуулсан 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэн, 2023 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үйлдвэрт шаардлагатай автозам, төмөр зам, цахилгаан хангамж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд бүрэн хийгдэж дууссан төдийгүй, үйлдвэрийн технологийн болон ундны усны хангамжийг шийдэж, үйлдвэрийн хэрэгцээнд зориулан нийт 405,17 га газрыг улсын хэрэгцээнд аваад байна. Түүнчлэн Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компанитай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг 2019 оны тавдугаар сард байгуулснаар үйлдвэрийн зураг төсөл болон дараагийн шатны ажлууд хийгдэх нөхцөл бүрдсэн байна. Тиймээс Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон барих үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй бараа материалд тухайн жилд тавьсан татварыг 100 хувь буцаан олгох тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Газрын тосны үйлдвэр чухал асуудал. Газрын тос ямар чухал болохыг иргэдэд ойлгуулмаар байна. Монгол Улсад анх удаа том үйлдвэр барих гэж байна. Энэ бол бүтэн хими технологийн үйлдвэрлэлийн бүс байгуулна гэсэн үг. Ажилчдын орон сууцнаас эхлээд олон асуудлыг шийдэх учиртай. Энэ удаад зөвхөн ажилчдын орон сууцны бүтээн байгуулалтад шаардагдах асуудлыг оруулж ирж байгаа юм байна. Цаашид үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын асуудлыг оруулж ирэх үү. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр түүхий эдийн тээвэрлэлтийг яаж шийдсэн бэ. Нөөцийнхөө ажлыг баталгаажуулах нь чухал. Зүүнбаянд байгаа нөөцөөс авах боломж бий юу. Өгий нуурын бүс, Алтайн цаад говийн бүсэд нөөц байж болзошгүй гэж ярьдаг. Шинэ талбайгаас нөөц нэмэгдүүлэх чиглэлээр юу хийж байна вэ” хэмээн асуув.

Үүнд, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Тээвэрлэлтийн асуудалд дамжуулах хоолой яригддаг байсан. Хажуугаар нь төмөр замын тээвэр байх нь зүйтэй гэж үзсэн Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан. Бид авто зам, төмөр зам, дамжуулах хоолой гэсэн чиглэлээр судалгаа хийгээд Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна. Газрын тосны үйлдвэрт нөөц чухал. Манай газрын тосыг өтгөн, профинтой учраас амархан царцдаг гэдэг ч сайн газрын тос. Тиймээс “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн нэр дээр ирээдүйтэй гэсэн шинэ талбай дээр судалгаа хийж байна. Нөөцийг өсгөх ёстой. Одоо байгаа 36 сая тонн нөөцөд тулгуурлаж үйлдвэрлэл явна гэж байхгүй” хэмээн хариуллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.185.209) 2019 оны 10 сарын 19

Мэдлэгээр дутмаг хүн яаж ажил хийхэв дэ дасгалжуулагч хийж явах хүнийг төрд байлгадаг арчаагүй мулгуу үхэр монголчуудын үйлийн лай юм да оюу толгойг 49/51 болгочих хүн байна уу монголд босоо Ганбаатар л хийж чадах байх да даанч үхэр монголууд нь сонгохгүй юм,

0  |  0
Привет (192.82.73.253) 2019 оны 10 сарын 18

СУМЪЯАБАЗАР ХАЛТАРУУДТАЙ НИЙЛЭЭД НЕФТИЙН УЙЛДВЭР БАРЬЧИХНА ГЭЖ БАЙХГУЙ ШУУ. ЭНЭТХЭГТ НЕФТИЙН САЛБАР ЯМАРХУУ ХОГЖИЛТЭЙГ СУДАЛЖ БАЙЖ ЭНЭ ТОМ АЖЛЫГ ЭЗЛУУЛЭЭСЭЙ

0  |  0
Top