УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн ч гишүүдийн олонх дэмжсэнгүй.
УИХ-аас 2010 онд шинэчлэн найруулж баталсан “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулийн 21.1.2-д “химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 200 000-3 000 000 төгрөг” гэж заасан нь бага хэмжээтэй бодис импортолж, ашигладаг эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, лаборатори, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндрэлтэй байгаагаас хууль бусаар импортлохыг оролдох, зөвшөөрөлгүйгээс хил дээр ирсэн бодисоо авч чадахгүй байх, хураагдах зэрэг зөрчлийг үүсгэж байгаа аж. Түүнчлэн хэд хэдэн аж ахуйн нэгж нийлж, нэг зөвшөөрөл авах, нэг зөвшөөрлөөр аль болох их хэмжээтэй бодисын зөвшөөрөл авахыг эрмэлзэх болсон нь зөвшөөрлөөр дамжуулан химийн бодисын хэрэглээнд тавих хяналтыг сулруулах, химийн бодисын хууль бус импортыг бий болгох зэрэг сөрөг үр дагавар гарах шалтгаан болж байна гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.
Дээрх хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулийн 21.1.2-д заасан тэмдэгтийн хураамжийн дээд доод хязгаарыг өөрчлөн “химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 50 000-20 000 000 төгрөг” болохоор хуулийн төсөл боловсрууллаа. “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуульд өөрчлөлт оруулснаар орон нутгийн төсөвт тэмдэгтийн хураамжаас төвлөрөх орлого одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзээд байсан юм.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 2 )
Хууль тогтоогчдын мэдлэг сулаас химийн бодисыг ангилж чадахгүй байна. Химийн бодис болгоныг адил түвшинд үзсэн байгаа юм. Хортой бодисыг хоргүй ердийн бодистой адилтгасан байна лээ.
Уул нь химийн бодисыг зэрэглэж, бүлэглэж нэгжид нь үнэлгээ тогтоовол дээр дээ.