Ц.Сандуй нарыг шүүх хуралд Г.Доржзодов гэрчээр оролцоно

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан дүрс бүхий бичлэг өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн задарч шуугиан тарьсан. Энэхүү хэрэгт тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар холбогддог. Хууль, хяналтынхан "60 тэрбум"-ын гэх тодотголтой эл хэргийг гурван жил гаруйн хугацаанд шалгасны эцэст Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан байдаг.

Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалт буюу "Сонгуулийг будилаантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг завдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.

Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг энэ сарын 07-ны өдөр хуралдуулж, тэдний гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон билээ.

Тэгвэл яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарт хамаарах эл шүүх хуралдаан өнөөдөр /2019.10.22/ 09:30 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 

Шүүх хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар өмгөөлөгчдийн хамт оролцох бол анх "60 тэрбум"-ын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов гэрчээр дуудагджээ. Өмнө нь шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэрээ Ц.Сандуй "Гэрчээр Д.Доржзодовыг дуудна. Энэ бол цэвэр улс төрийн зохиомол хэрэг гэдгийг л хэлэх байна" гэх тайлбарыг өгсөн билээ. Харин эл хэрэгт тагнуулын байгууллагаас УИХ-ын дарга асан М.Энхболдыг гэрчээр дуудаж, байцаалт мэдүүлэг авсан байдаг. Түүнийг ч бас шүүх хуралд гэрчээр дуудаж болзошгүй талаар эх сурвалж мэдээлсэн юм. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.94.67) 2019 оны 10 сарын 22

Ми Энхболд чинь гэмгүй хүн болж таараа юу, хамсаатан л баймаар, магадгүй үүрэг өгсөн байж ч болно.

0  |  0
Top