Тайландын хаан бараа бологчийнхоо хэргэм зэргийг хураалаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Тайландын хаан Маха Важиралонкорн “Итгэл эвдсэн” хэмээн өөрийн бараа бологчийн хэргэм зэрэг, цэргийн цолыг нь хураасан талаар Тайландын хааны ордноос мэдээллээ. 

Гурван сарын өмнөхөн Важиралонкорн хаан 34 настай Синийнат Вонважирапакти гэгч эмэгтэйд “Chao Khun Phra” буюу “Хааны бараа бологч“ хэмээх хэргэмийг сүүлийн нэг зуун жилд анх удаа олгосон. Энэ оны тавдугаар сард Тайландын хаан 41 настай Сутида Тиджай гэгч өөрийн хамгаалалтын албаны дэд тэргүүнтэй хуримаа хийсэн ба хэдхэн хоногийн дараа түүнийг ийн томилж байжээ.

Хоёр хуудас бүхий мэдэгдэлд Тайландын хааны ордон Синийнат хаан болон хатан хаанд үл захирагдан, хатан хаан Сутидатай өрсөлдөж, ордны ёс дүрмийг зөрчсөн гэж тайлбарлажээ.

Тайландын хойд Нан мужид 1985 онд төрсөн Синийнат Тайландын Хааны цэргийн анагаах ухааны коллежийг дүүргэжээ. Тэрбээр мөн Тайланд болон гадаадад нисгэгчээр бэлтгэгдэж, хааны хамгаалалтын албанд үүрэг гүйцэтгэж, энэ оны тавдугаар сард хошууч генерал цол хүртжээ. Наймдугаар сард хааны ордон Важиралонкорн хаан болон Синийнатын хамт авахуулсан 60 гэрэл зураг бүхий 46 хуудас намтрыг нь хэвлэн гаргаж байв.

Дугуй унаж, онгоцоор нисэх дуртай Важиралонкорн хаан энэ оны тавдугаар сард хаан ширээнд суусан. Тэрбээр Тайландыг 1782 оноос хойш захирч буй Чакри угсааны арав дахь хаан юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top