Бангкок хот албан ёсны нэрээ өөрчилнө

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Тайландын хааны эрдмийн зөвлөл нийслэл хотынхоо гадаад нэр Бангкокийн албан ёсоор Крунг Тхеп Маха Накхон /Krung Thep Maha Nakhon / болгож өөрчлөхөөр болсон тухай зарлажээ.  

Ингэхдээ Бангкок нэрийг ашиглаж болох хэдий ч албан бус гэж тооцох юм. Нийслэлийн албан ёсны нэрийг өөрчлөх шийдвэрийг Засгийн газрын тусгай комисс батлах ёстой.

Энэхүү шийдвэрийг газар зүйн нэршлийг орон нутгийн хэлний дуудлагатай ойртуулах зорилгоор хийж буй шинэчлэлийн хүрээнд гаргажээ.

Крунг Тхеп Маха Накхон нь Гиннесийн номд хамгийн урт нэртэй нийслэл хэмээн бүртгэгдсэн хотын нэрийн товчлол. Тайландын нийслэлийн бүтэн нэр нь 168 тэмдэгтээс бүрддэг ба  Krungthepmahanakhonamonrattanakosinmahintharaayuthayamahadilokphopnoppharatratchathaniburiromudomratchaniwetmahasathanamonpimanawatansathitsakkathattiyawitsanukamprasit гэж бичигддэг байна. Тай хэлнээс орчуулбал энэ нь “Бурхдын хот, их хот, мөнхийн эрдэнэс хот, Индра бурхны дагшин хот, есөн эрдэнийн чулуугаар баялаг дэлхийн сүрлэг хот, аз жаргалтай хот, Индра бурхны бэлэглэж, Вишвакарманы босгосон хааны тансаг, сүрлэг ордон” гэсэн утгатай аж.

Тайландын нийслэлийг тай хэлээр Крунг Тхеп Маха Накхон гэж нэрлэдэг байсан ч англи нэр болох Бангкокийг 2001 оноос хойш албан ёсны нэр гэж зарлаж байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top