Увсын хязгаарт УЛААН ТУГ хатгах уу, ЦЭНХЭР ТУГ хатгах уу

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

-Увс аймагт айсуй сонгуулиар МАН-ын гуравтай АН-аас “Тэсо” корпорацийн О.Цогтгэрэл, Засаг дарга асан Д.Цэндсүрэн, ҮБХ-ны гишүүн Н.Тэгшбаяр, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр нар хүч үзэх магадлалтай- 

Бид өмнөх дугаартаа нөхөн сонгуулиас үүдэн олны анхааралд байсаар ирсэн Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрог болон 40, 41 дүгээр тойрог дамжсан эх сурвалжийн мэдээллийг хүргэсэн. Харин энэ удаад алс баруун хязгаар Увс аймаг дахь УИХ-ын 31, 32, 33 дугаар тойргийн тухай эх сурвалжуудын мэдээллийг “Сонгууль-2020” буландаа онцлов. Увс аймаг бол Ховд аймаг лугаа халх, дөрвөд, баяд, хотон гэх мэт олон ястнаас бүрддэг, алс баруун хязгаарт орших гээд онцлог зүйл олонтой тойрог. Он цагийн цаана үлдэж буй 2016 онд тус аймгаас өдгөөгийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар увсчуудыг УИХ-д төлөөлөх болсон. Тус аймаг ч Хэнтий аймгийн нэгэн адил цэнхэр туг мандуулж байсан түүх ховор. Энэ удаад улаан цэнхэр гээд чухам ямар туг хатгахыг сонгогч олны таалал, хувь гишүүдийн рейтинг мэдэх хэрэг. Ямартай ч айсуй сонгуулиар дээрх гурван эрхмийн мандатыг булаачих аавын хүү одоогоор МАН-д байхгүй ч 32 дугаар тойрогт мандатын маргаан гарах төлөвтэй байна. Улс төр хаашаа ч эргэсэн энэ гурван нөхөр мандатаа хадгалж үлдэх боломжтой. Тэгэхээр дээрх тойргуудад МАН-аас “Чойжин” тэргүүтнээс өөр дүр тодруулах нь  илүүц хэрэг байх.

МАН-ЫНХАН 32 ДУГААР ТОЙРОГТ МАНДАТАА БУЛААЛДАЖ МЭДНЭ

Тус аймгийн төв Улаангом сум, Малчин, Хяргас, Наранбулаг, Завхан сумыг хамаарах УИХ-ын сонгуулийн 32 дугаар тойрогт өдгөөгийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнгөрөгч 2016 оны сонгуулиар ялалт байгуулсан. Улс төрд талбай бага ч бизнест өргөн хүрээг хамрах энэ залуу хөрөнгө мөнгөөр ямар ч өрсөлдөгчөөс дутахгүйгээс гадна салбарын сайдаар ажиллаж байгаа гээд сонгогчдынхоо дунд чамгүй дэмжлэгтэй нэгэн гэдгийг юуны өмнө дуулгав. Гэхдээ саяхан УИХ-ын гишүүний туслахаас улс төрийн карьераа эхлүүлж байсан намтар нимгэн энэ залууд захын өрсөлдөгч хатуудаж болох юм. Бидэнд байгаа мэдээллээс сөхвөл Увс аймгийн Засаг даргаар ажиллаж асан Д.Цэндсүрэн АН-аас мандат олдохгүй бол бие даан нэр дэвшээд ч хамаагүй үзэх сонирхол байгааг эх сурвалж дуулгана лээ. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүн бол яах аргагүй том өрсөлдөгч байдаг утгаараа Н.Цэрэнбатын хамгийн хүчтэй өрсөлдөгч байж таарна. Нөгөө талаар улс төрд сайн муу зүйлээр намтраа зузаалсан нөхөр. Мөн цэнхэр талаас аймгийн АН-ын дарга Ч.Чимэд гэх нөхөр чимээгүй нам гүмхэн сууж байгаа ч сонгогчдын саналыг хаашаа ч эргүүлж мэдэх орон зайг орон нутагт бүрдүүлсэн гэдгийг сануулж байгаа нь нэг л ойлгомжгүй. Учир нь тэрбээр өнгөрөгч хугацаанд аймгийн АН-ыг тийм ч сайн ажиллуулаагүй гэдгийг орон нутгийн гишүүд ярьдаг. Магадгүй АН дотор мандат горилогчдын явуулга ч байхыг үгүйсгэхгүй. Д.Цэндсүрэнгийн хувьд мандатын төлөө өрсөлдөх магадлал бүхий нөхдийг энэ мэт зүйлээр гоочилж чадах хүн. Тэгэхээр 32 дугаар тойргийн гол тулаан Н.Цэрэнбат, Д.Цэндсүрэн нарын дунд өрнөх магадлалтай. Д.Цэндсүрэнгийн хувьд Засаг даргаар ажиллаж байхдаа “Гудамж” төслийн мөнгө болон бусад зүйл будилуулсан гэх асуудлаар АТГ-д шалгагдаж байсан гээд олон бараан зүйл байдаг бол Н.Цэрэнбатад өнөөдөртөө ийм бараан зүйл алга байгаа нь нэгэн давуу тал болж таарна. Д.Цэндсүрэн нь АН-ын дарга С.Эрдэнээс томоохон дэмжлэгтэй, тэр хэрээр сонин хэвлэлээр орон нутгийнхаа удирдлагууд болон гишүүдийг хайр найргүй шүүмжилж байгаагаас харвал чамгүй эрт сонгуулиа эхэлчихсэн бололтой. Ингэхдээ гол төлөв орон нутгийн хэвлэл мэдээлэл цахим хуудсаар байнга шүүмжлэл өрнүүлж байгаа нь ч үүнийг гэрчлэх биз ээ. Мөн өөр нэгэн эх сурвалжийн хэлж байгаагаар аймгийн АН-ын дарга Ч.Чимэд, Засаг дарга асан Д.Цэндсүрэн нар Увс аймагт  АН-ыг ялуулах үүрэг төв намаас хүлээсэн. Тиймээс орон нутгийн сонгуулиар Увс аймагт АН ялж гэмээнэ УИХ-ын сонгуулиар мандат аваагүй нь аймгийн Засаг даргад өрсөлдөх эрхийг авах төлөвлөгөө зурсан юм байх. Хамгийн сонирхолтой нь өдгөө аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа Д.Батсайхан МАН-аас энэ тойрогт хүч үзэхээ эртнээс сануулсаар байгаа бөгөөд тэрбээр Ч.Хүрэлбаатарын хүн юм байна. Хэрвээ ийм нөхцөл байдал үүсвэл Н.Цэрэнбат, Д.Батсайхан нарын дунд мандатын зодоон үүсэхээс гадна МАН дотор хэн нь хүчтэйгээ үзнэ гэсэн үг. Хамгийн гол нь Н.Цэрэнбат мандатаа хадгалж үлдэх боломж байдаг ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг дагаж гарч ирсэн гэх нэр нь түүнийг МАН дотор бүдгэрүүлдэг тал бий. Ямартай ч энд МАН-ын дарга удирдлагуудын зүгээс авах дэмжлэг ихээхэн хэрэгтэй нь анзаарагдана.

 

Ч.ХҮРЭЛБААТАРТАЙ С.ОТГОНБАЯР ТУЛАХ УУ, Н.ТЭГШБАЯР ТУЛАХ УУ

Тэгвэл Өндөрхангай, Өмнөговь, Бөхмөрөн, Түргэн зэрэг сумыг хамрах 33 дугаар тойрог бол дөрвөд зон голлон амьдардаг нутаг. Энэ тойргийг дархалаад байгаа Ч.Хүрэлбаатарын хувьд 2000 оноос Ерөнхий сайдын  зөвлөхөөр ажиллан улс төрийн карьераа эхлүүлж, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Түлш эрчим хүчний сайдаар томилогдон ажиллаж, улмаар 2008 онд парламентад сонгогдсон гээд улс төрийн карьер нь тасралтгүй өсч өнөөдөрт хүрсэн хүн. Өдгөө Сангийн сайдаар “давхар дээл”-тэй ажиллаж байгаа зэргээс харвал Увс аймагт яаран өвдөг шороодохгүй. Ямартай ч МАН-аас түүний тойргийг авчих хүн байхгүй учраас тэр энэ тойрогтоо өрсөлдөж таарна. Энэ утгаараа дөрвөд зоны гэж болох 33 дугаар тойрогт Сангийн сайдыг “хавсраад” унагаачих хүн тун ховор. Гэвч нэгэнтээ “Хотгор шанага”-ын уурхайг солонгосчуудад зарсан гэх баримт бүхий мэдээллийг УИХ-ын танхимаас эхлээд бүхий л хэвлэл мэдээллээр цацсан. Ямартай ч баримт дэлгэсэн нөхөд гүтгэсэн гэж буруудсангүй. Баримтаа дэлгүүлсэн гэх Ч.Хүрэлбаатар уурхай зарж хууль бус зүйл хийсэн гэх шүүхийн тогтоол надад алга болохоор энэ тухайд хойш тавих нь зүйн хэрэг. Харин орон нутгаас Ч.Хүрэлбаатарын садангийн нөхөд эзэмшдэг Хотгор шанагын уурхайг Ч.Ганболд гэх нөхөр орон нутагт хариуцан ажиллаж, ихээхэн хэмжээний хувь хүртсэн гэдгийг өчсөн. Энэ бол иргэдийн үг. Сонгогчдын дундаас гарч байгаа энэ сөрөг мэдээлэл нь түүнийг айсуй сонгуульд “хавсарчихгүй” бол түүнд өрсөлдөгч ховор гэхэд болно. Үүнээс гадна ирэх жилийн төсвийн төсөөллөөс аваад үзэхэд Увс аймагт 60 гаруй төсөл хэрэгжүүлэхээр 41.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр болсон нь ч Ч.Хүрэлбаатарын дүрийг тойрогт нь тодруулна уу гэхээс бүдгэрүүлэхгүй. Хэдийгээр тойрогт горилж өнгөрөгч гурван жилийн турш анхаарал хандуулсан олон нөхдөөс эцсийн байдлаар нэрс тодроогүй ч ажиллагаа явсаар байгааг эх сурвалж дуулгав. Тухайлбал, АН-аас эмэгтэй квот өгч гэмээнэ Д.Бумбаяр зааны гэргий НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг сэм гэтэж, чамгүй хөрөнгөлөг УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр мөнгө хаяад эхэлчихсэн байгааг дуулгав. Ц.Одонтунгалагийн хувьд НИТХ-д суудаг ч Увсын тойргийг сонирхож байгаа нь нийслэлийн тойрогт мандат олдохгүй гэж үзэснийх болов уу. Уг нь тэр С.Эрдэнийн өмчлөөд байгаа Баянгол дүүргийн иргэдийг нийслэлийн хуралд төлөөлдөг. Үүнээс гадна Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр хэмээх Өмнөговь сумын уугуул нөхөр зүй ёсны өрсөлдөгч гэдгийг нутгийнхан хэллээ. Түүний хувьд төрийн ажлын дадлага туршлага, боловсролтойгоос гадна Өмнөговь сумандаа ихээхэн дэмжлэгтэй юм байна. Увс аймгийн хэмжээнд томд тооцогдох Өмнөговь сумаас дэмжлэг авна гэдэг хүчтэй өрсөлдөгчийн тоонд ордог учраас Сангийн сайдтай “барьц сонгох” хэмжээнд хүрэх өрсөлдөгч бол яах аргагүй Н.Тэгшбаяр гэдгийг дуулгалаа. Ц.Одонтунгалагийн хувьд бөхөө шүтдэг, бөхийн гэх тодотголтой энэ аймагт заан нөхрийнхөө дэмжлэгтэйгээр зүтгэх тактик барьж байгаа бололтой. Харин С.Отгонбаярын хувьд “Увсад хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-аар суудал дээгүүр эзэлж, байн байн Увсын хязгаарт бэлэг сэлттэй зочлох болсон нь санаандгүй хэрэг огт биш бөгөөд намынхаа даргаас чамгүй дэмжлэгтэй аж. АН-аас яригдаж байгаа хоёрын хувьд аль аль нь намынхаа даргаас дэмжлэгтэй юм байна. Харин С.Эрдэнийн хувьд орон нутаг, сонгогчдын дунд том дэмжлэгтэй байгаа Н.Тэгшбаярыг дэмжих үү, хөрөнгөөр зодож буй С.Отгонбаярыг дэмжих үү гэдэг сонголтын өмнө зогсож байгааг эх сурвалж хэлсэн.

“МӨНГӨНИЙ БУРХАН” Б.ЧОЙЖИЛСҮРЭНГЭЭС ДАВСАН ХӨРӨНГӨЛӨГ ХЭН ОЧИХ ВЭ?

Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Давст, Сагилыг хамрах 31 дүгээр тойргийг  дархалаад байгаа нөхөр бол УИХ-д гурвантаа сонгогдоод байгаа Б.Чойжилсүрэн юм. Түүний хувьд Монголын тэргүүн баячуудын нэг учраас тойргоо мөнгөөр угждаг гэх. Тиймээс “Мөнгөний бурхан” болсон Б.Чойжилсүрэнтэй өрсөлдөх тун хүнд ч өнгөрөгч 2016 оноос хойш тойрогтоо дорвитой ажил хийгээгүй гэдэг нэрийг зүүгээд авчээ. Нөгөө талаар тэр УИХ-д гурав дахь удаагаа увсчуудыг төлөөлсөн ч ажлын байр нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын чиглэлд дорвитой ажил хийгээгүй, мөнгө тараадаг, бүхий л асуудлыг мөнгөөр шийддэг гэх хэл ам байнга дагадаг. Хэрвээ Увс аймгийн иргэд хоногийн хоолны мөнгөөр саналыг нь авч сурсан гишүүнээсээ салъя. Бодит ажил хийдэг гишүүнтэй болъё гэж үзсэн бол тэр унаж таарна. Эсвэл Увсын сонгогчдод хоногийн хоолны мөнгө хэрэгтэй байгаа бол тэр УИХ-д дөрвөнтөө сонгогдох болж байна. Тэгэхээр энэ тойрогт чухам ямар өрсөлдөгч байх вэ гэдгээс ихээхэн зүйл шалтгаална. Эх сурвалжийн хэлж байгаагаар Д.Дорлигжав АН-аас мандат авах эс авахаас шалтгаалах аж. Унаж хаширдаггүй Д.Дорлигжав хэрвээ АН-аас мандат авахгүй бол “Тэсо-гийн О.Цогтгэрэл мандат шүүрэхэд бэлэн гэдгийг хэллээ. О.Цогтгэрэлийн хувьд Увс аймагт өрсөлдөгчид ширүүн байгаа учраас Сонгинохайрхан дүүрэг гэх “Б” төлөвлөгөө ч халаасанд нь бий гэх. Д.Дорлигжавын хувьд өнгөрөгч хугацаанд тойрогт ямар нэгэн ажиллагаа өрнүүлээгүй ч өөрийнхөө “жин-гээр үзэх сонирхол байгаа бололтой.  Д.Дорлигжав намынх нь лидерүүд дундаа зодолдож, гишүүд нь намаа орхин явж байгаа энэ хүнд үед АН-ын дарга С.Эрдэнийг дэмжин ажиллаж байгаа. Тиймээс С.Эрдэнэ дарга О.Цогтгэрэлийг дэмжих ихээхэн сонирхол байгаа ч том утгаараа улс төрөө харахаар Д.Дорлигжавын хүсэл сонирхлыг харгалзан үзэхээс өөр аргагүй. Нэгэнтээ 30 жил улс төр хийгээд нэг ч удаа ялалт байгуулж үзээгүй Д.Дорлигжав ямар нэгэн тохирооны үндсэн дээр О.Цогтгэрэлд мандатаа өгөх болов уу гэх таамаг бий. Түүний хувьд энэ л тохиролцооны зарчмаар “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн дарга, Ерөнхий прокуророос  эхлээд салбарын сайдаар гурван ч удаа сонгогдож ажилласан хүн. Энэ утгаараа тойргийн гол тулаан нь Б.Чойжилсүрэн, О.Цогтгэрэл нарын дунд өрнөх магадлал байгаа. 

Н.АЛТАНХУЯГТ ОДООГООР ТОЙРОГ Ч АЛГА, ШИНЭН-ААС ӨӨР СОНГОЛТ Ч АЛГА

Цагтаа АН-ыг хойморлож явсан Н.Алтанхуяг яагаад Увсын тойрогт байхгүй юм гэж гайхах хүн олон байж мэднэ. Тэгвэл С.Эрдэнэ намын дарга байсан цагт Н.Алтанхуягт АН-ын хаалга хаалттай мандат горьдолтгүй гэдгийг батлан хэлсэн. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр гэнэт ажлаа өгч “Намаа цэвэрлэнэ. С.Эрдэнээс намаа салгаж авна” хэмээн мэдэгдээд явсан цагаас хойш чамгүй хугацаа өнгөрсөн ч С.Эрдэнийг ганхуулж ч чадсангүй. Тэгэхээр тэр АН-аас лав мандат авахгүй бөгөөд Увс аймгаас нэр дэвших эсэх нь тодорхой бус байна. Нэгэнт АН ч үгүй, юу ч үгүй болсон Н.Алтанхуяг ШИНЭН-ын Л.Болд, Ж.Батзандан нарт ам сайтай байх болсон нь тэдэнд тал засч байгаа хэрэг. Гэвч Ж.Батзандан нар түүний гуйхыг хүлээж байгаа гэх. АН-ын даргаас салбарын сайд, Шадар сайд, Ерөнхий сайд хүртэл алба хашиж явсан Н.Алтанхуягийн хувьд ШИНЭН-г гуйж очих эвгүй байгаа учраас мөн л тэдний урилгыг хүлээсэн байдалтай байна. 2016 оны сонгуулиар АН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрэмбэ дээгүүр нөхөр нутагтаа сэвж очоод уначихсан хүн. Унах унахдаа хэн ч мэдэхгүй Н.Цэрэнбатад өвдөг шороодсон. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар бол Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргээс ШИНЭН-ын нэр дээрээс зодоглоно гэж байгаа бол зарим нь Увс аймгаасаа өрсөлдөж даагаа нэхнэ гэсэн хоёр салаа зүйлийг ярьж байна. Ямартай ч тэр АН-аас мандат авахгүй бололтой.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуульч(203.91.115.46) 2019 оны 11 сарын 06

одонтунгалаг битэр юучив, хэдэн үгээ логиктой ярьчихаж чаддаггүй хүн, ярих сэдвээсээ хазайгаар хальтирсаар өөрөө ч юу ч ярьж байгаагаа мэддэггүй л цэгцггүй суурь, мэдлэггүй хүн

0  |  0
Би байна(192.82.71.164) 2019 оны 10 сарын 23

Ганц нэг хэнд хэрэггүй хэн ч танихгүй ацнууд юугаа хийж ядаг бнаа

0  |  0
Би байна(192.82.71.164) 2019 оны 10 сарын 23

Хаха алиа юм бичиж бхы үлгэрүүд баатруудыг амилуулаад хаа хүрхэв ардчилсан намын нэр зүүсэн хэдэн баачкаанууд

0  |  0
Зочин(103.26.195.9) 2019 оны 10 сарын 26

Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хувалзыг хамгийн түрүүнд Сангийн сайдаас огцруулах хэрэгтэй.

2  |  1
ИРГЭН(192.82.68.16) 2019 оны 10 сарын 23

АЛТАНХУЯГ БИЕ ДААХАД,ЭСВЭЛ ШИНЭ НАМААС ДЭВШВЭЛ БААРГАГҮЙ ГАРНА. ХҮРЭЛБААТАР, ЦЭРЭНБАТ, ЦОГТГЭРЭЛ, АЛТАНХУЯГ, ЦЭНД СҮРЭН НАР ҮЗЭЛЦЭХ БАЙХ ДАА.

0  |  0
Top