Бидний багад гүүнд хайртай морь гэж азарганд хэмлүүлсэн хэрнээ тэмүүлж л байдаг хаширдаггүй морьд байдаг байлаа. Одоо ч байгаа. Борви, хондлой, бэвэрхий гээд сорвигүй газар үгүй ч гүүндээ хайртай хэвээрээ. Өвөл зун, цагийн дөрвөн эргэлтэд азарганд адлуулж, түүнийгээ л дагана. Идээшилж, ижил сүрэгтэйгээ тааваараа бэлчээрлэж явах атал хамаг цаг, бие хаагаа үүнийхээ төлөө зориулсан ийм морьд байдаг даа. Гагцхүү гүүнд хайртай морь сүргийн эзэн болох ямар ч боломжгүй, гэхдээ түүнийгээ мэдэхгүй. Харин тэр морь эзэн хүндээ хэрэгтэй хүлэг учраас ижил сүргээ чимэн байсаар байдаг. Үүн лугаа адил улс төрд хайртай хүмүүс орж ч чадахгүй, гарч чадахгүй мөн ч их тарчлах юм. Олсон зоолсон жаал хөрөнгөө их улс төрд орох гэж 20 жил цацаад модоо барьсан нөхөр ч байна, байр, орон ч үгүй гудамжинд гарсан ч нөхөр байна. Улс төрийг бохир л гэдэг болохоос биш баргийн аавын хүүгийн морилоод байдаг талбар ч биш. Эрийн шандас шалгаж, эмийн гоо залийг тодруулдаг талбар. Тал засаж долдойдохгүйгээр энэ талбарт хаашаа ч явахгүй. Тиймдээ ч Монгол Улсад хэрэгтэй байж магадгүй олон нөхөд улс төр хэмээх хашааны гадна 20, 30 жил хашхирч байна. Асар их заль нь дийлсэн ухаан зарж, гудамжны гуйлгачнаас эхлээд Төрийн сэнтийд заларч байгаа нэгэнтэй эн тэнцүү харьцааг хэлбэр талдаа үүсгэж, хэнд ч үгүй гэж хэлж болдоггүй адармаатай талбар. Түүнээс бус дарга цэрэггүй загнаад баруун солгойгүй гар зангидаад тусыг эс олно. Ингээд тусыг эс олсоор байгаагийн сонгодог нэгэн жишээ бол Б.Жаргалсайхан юм. Тэгэхээр үндэсний баатар болтлоо улс төрийн тэмцэл өрнүүлж, улс төрд жинхэнэ утгаараа дурласан нөхдийн тэргүүн магнайг тэр л тэргүүлж таарна. Товчхондоо гүүнд хайртай морьдын тэргүүн магнай.
СОНГОГЧДОО ХАРААЖ ЗҮХЭЭД ГИШҮҮН БОЛЧИХГҮЙ
Тэр Монголын нэртэй бизнесмэний хувиар энэ төрд болох бүтэхгүй байгаа зүйлийг цэгцэлье гэсэн бодолтой явдаг байхыг үгүйсгэхгүй. Тийм ч учраас ахин дахин сонгуульд өвдөг шороодсоор яваа нь дамжиггүй. Түүний хувьд улс төрд орох гэж 20 жил нэр ч үгүй нүүр ч үгүй явж байгаа халаас нимгэн нэгэн ч арай биш юм. Тамтаггүй баяны дэргэд бол таргын таван ямаатай л нөхөр байх. Таргийн таван ямаатай нөхрийг бодоход хөлгүй баян мэт хачин нөхөр. Эсвэл тэр туйлын харамч нөхөр байх. Ямартай ч Б.Жаргалсайхан улс төрийн гортигны цаана насыг барж байгаа нөхдийн дэргэд бол УИХ-ын гишүүнээр сонгогдож, тэр ч бүү хэл Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаад үзсэн догь толгой. Тэгэхээр улс төрөөр дамжиж очдог тэр том албан тушаалын амтыг мэдэхгүй яах юм бэ. Тамга ч барьж үзээгүй бацаанууд байдгаа тэмтрээд гүйж байхад Монгол Улсын Засгийн газрыг барьцаалаад Японы “Марубен”-ээс зээл авчихдаг нөхөр амтанд нь орохгүй яах юм. Ёстой буруутгах аргагүй. Нөгөө талаар гэвэл аль эрт цагт буюу 1992 онд Хөрөнгөтний намыг байгуулж, дараа нь БНН болгон өөрчилсөн гэхээр их улс төрд хайран 25 жилээ яайран болгосон хүн. Чухам БНН нь хэдэн гишүүнтэй юм, нийгэмд хэрхэн нөлөөтэйг мэдэх юм алга. Судлаач Д.Ганхуягийн хэлснээр бол “Ганц даргатай 20 гаруй жил болсон, нэг юмаа улиг болтол давтдаг Нэхмэлийн үйлдвэрийн улс төрийн албыг нам гэж үзэх нь дэндүү сэрүүдсэн явдал болно. Хэрэв Жаргалсайхан Кромвелл болмоор байгаа бол хувьсгалаар болдгийг ойлгох хэрэгтэй…” хэмээсэн нь санаандгүй хэрэг биш байх. Тэрээр ганцхан удаа УИХ-д сонгогдсон цагаас хойш хэдэн ч удаагийн сонгуульд бүдрэв дээ. Ямар ч улстөрч нэг удаа бүдрээд алдаагаа олж хардаг бол УИХ, Намын даргын, Ерөнхийлөгчийн дотоод сунгаа гээд олон сонгуульд бүдэрсэн ч алдаагаа ухамсарлахгүй байгаагаас харвал тэр хэзээ ч их улс төрд эргэн ирэхгүй байж мэдэх юм. Хамгийн наад зах нь сонгуульд бүдэрсэн өдрөөсөө эхлээд сонгогчдоо хараан зүхдэг улстөрчийг энэ насандаа үзсэнгүй.
Та нар мөнгөөр саналаа худалддаг, оюун ухааны доройтолд орсон гээд зүхээд байхаар хэн түүнд саналаа өгөх билээ. Ямар ч мулгуу уначихаад буруу харж уйлан зөв харан инээж байгаад маргаашийнхаа ялалтыг боддог биз дээ. Гэтэл Б.Жаргалсайхан тэр дороо бухимдлаа тайлчихаад мартдаггүй, хэдэн сар, жилийн дараа ч хэвлэл мэдээллээр “мөнгөөр саналаа худалддаг доройтолд орсон түмэн” гээд доромжилж доромжилчихоод эргээд намайг сонгооч гээд очиж байгаа хүнийг ямар хүн гэх вэ. Тэгэхээр одоо бол тэр хэн ч биш зүгээр л гүүнд хайртай морь шиг амьтан болсон байх магадлалтай. Уг нь түүнийг төрд илгээх шалтгаан бий. Үйлдвэр үйлчилгээний газар босгож, бизнесээ амжилттай хэрэгжүүлсэн учраас энэ менежментийг төрд хийгээд үзэхэд болохгүй зүйл алга. Даанч урьд өмнө УИХ-д дөрвөн жил сууж, Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаад сайн нэр дуулаагүй. Нөгөө талаар сонгогчдоо хараадаг гэхээр орон зай тун бага үзэгдэж байна. Гэхдээ тэр ахиад л үзнэ.
ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ӨРСӨЛДӨӨД Ч ДӨХӨЖ ОЧИХГҮЙ Л ДЭЭ
Б.Жаргалсайханаас дутахгүй улс төрд хайртай гэхэд дэндүү хайртай нэг нөхөр бий. Төрсөн дүү Ш.Батсамбуутайгаа төрсөн нутаг Завханыхаа тойрогт өрсөлдөж байгаа хүнийг чинхүү хайртай гэж үзэхээс өөр аргагүй. Миний төсөөлөөд байгаагаар бол гүүнд жинхэнээсээ хайртай морь. Үүний дэргэд бол С.Бямбацогт, Д.Батцогт гээд нэг айлын хоёр хүргэн хоорондоо өрсөлдөх нь юу ч биш. Ерөөсөө улс төрд хаягдаж байгаа нөхдөд хоосон бухимдал үлддэг бололтой. Харсан бүхнээ хараан зүхэхээс эхлээд сэтгэцийн гэмээр эмгэгтэй болдог ч байж магадгүй. Эмч нараас асуувал нэг юм хэлэх л байх. Тэгэхээр “Нарантуул”-аар овоглосон Ш.Сайхансамбуугийн хувьд УИХ-д дөрвөн жил суухдаа ёстой юу болоод өнгөрснийг мэдээгүй байх. Мэдэх ч аргагүй. Улс төрийн өрөг дээр олон жил тоглоод сурчихсан ууган намын акулууд дунд тэр юугаа ч мэдэх билээ. Чухам үнэн худлыг бүү мэд, “Үнэн ба зөв нам”-ын ар талд байж, телевиз санхүүжүүлдэг гэх. Нэгэн телевизээр өдөр шөнөгүй л ганцаараа улстөрчдийг хараан зүхэж суугаагаас харвал санхүүгийн дэмжлэгтэй байх. Түүнээс улс төрд улайрсан нэг нөхрийг өдөр шөнөгүй буруу зөрүү донгодохыг харж суудаг хэвлэл мэдээллийн байгууллага гэж орчлонгийн хаана ч байхгүй. Үүнээс харвал тэр яах аргагүй айсуй сонгуульд энэ намаасаа нэр дэвших байх. Тэр ганцаараа ийн цуурч суухгүй. Араасаа бас нэг улс төрийн донтон залууг турхирч, түүнийг уруу татаж байна. Тэр нөхөр бол Ш.Сайхансамбуу ахаасаа дутахгүй явж өгнө. Юу юугүй л орчлон хорвоог эргүүлчих юм ярина. Тэгэхээр “Үнэн ба зөв нам” бол нэг ийм л бухимдсан, цуурсан хүмүүсийн нэгдэл гэж харагдахаар байгаа юм. Цуурч л байвал сонгогчид эргэнэ гэсэн ойлголт өнөөдөр байхгүй болсон гэдгийг ойлгоогүй л байгаа хэрэг. Энэ нөхөр социалист нийгмийн үед Хотын захиргаанд мэргэжилтнээр ажлынхаа гарааг эхлүүлээд бизнест хөл тавьсан нэгэн. Албан тушаал “амталж” үзэлгүй бизнест хөл тавьсан учраас тэр нэр цэвэр. Өөрийнхөө гараар, бор зүрхээрээ бизнесээ босгосон учраас сонгогчдод хаялга муутай хэмээн завханчууд ярьдаг. Арга ч үгүй. Тэр ямар төрөөс төрсөн тэрбумтан биш. Тиймдээ ч түүнийг сонгогчид дэмждэггүй байх талтай. Тэр бол яах аргагүй хөлсөө дуслуулж олсон мөнгөний үнэ цэнийг мэддэг хүн. Өдгөө түүний ярьж байгаагаас харахад ёстой л нэг хоосон дур, хөндий дүр болсон байгаагаас харвал амжилт олох нь тун хүнд.
ИХ УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХ ГЭЖ ДУУЧИН БОЛООД Ч БАРСАНГҮЙ
УИХ-д гурван удаа сонгогдож, салбарын сайдаар нэг удаа ажилласан, өөрийгөө болон өрөөлийг эцээчихгүй бизнес, хөрөнгөтэй нөхөр ид насандаа их улс төрөөс тэтгэвэрт гарчихсан. Б.Жаргалсайхантай олон талаараа адил төстэй Л.Гүндалай бол бусдыгаа бодоход УИХ-д олон удаа сонгогдсон гээд харамсаад, гүүнд хайртай морь болох гээд байх шаардлагагүй юм. Түүнд бусдаас давуу тал байдаг ч дэндүү увайгүй зан чанар нь дандаа хойш татсаар байгаад тэтгэвэрт нь суулгасан юм.
Гол шалтгаан нь гэвэл өнгөрөгч 2012 оны сонгуулиар тэрээр гадаадад сурдаг охидууддаа бичсэн захидлаар ном хэвлүүлж, Хөвсгөл аймгийн өрх бүрт тараасан нь ихэд гай болсон. Учир нь Хөвсгөлийн зарим иргэд гадаадад бүү хэл дотооддоо, дотооддоо бүү хэл аймгийнхаа төвд ч хүүхдээ сургаж чадахгүйд хүрсэн өрх цөөнгүй байсан гэдэг. Тойргийнх нь нөхцөл байдал ийм байхад эрхэм гишүүний энэ захидлын ном ёстой л “өлссөн хүнд өөх ярих”-ын үлгэр болж, өөрийг нь сонгуульд далаар нь тавьсан.
Энэ бол мэдрэмжгүй улстөрчийн ухаангүй ажил. Ерөөсөө Л.Гүндалайгийн охидуудын гадаадад сурна уу, дотоодод сурна уу сонгогчдод ямар хамаатай юм. Түүнээс бус тэр хийж чадахгүй ч тойрогтоо юу хэрэгтэй байгаа талаар зөгнөлт зохиол бичээд очсон бол улс төрийн тэтгэвэрт суухгүй байв. Түүнээс Л.Гүндалай анх Хөвсгөл аймгаас бие даан цойлж байсан хүн шүү дээ. Үүнээс хойш түүний хувийн улс төр эхэлсэн. Угаасаа намаасаа гарч орж байдаг нөхөр “Ард түмнээ хайрлая нам” ч байгуулав, тойрог солин нэр дэвшиж ч үзэв. Тэр ч бүү хэл улс төрд эргэн ирэх гэж дуучин болж хүртэл үзлээ. Улс төр хэмээх “хар тамхи” хүний далд авьяасыг хүртэл илрүүлдэг бололтой.
Сэтгэгдэл ( 6 )
Жагаа -”яльгүй- -”сүржиндүү ярьдагаас биш үнэнийг л хэлчихдэг, дажгүй сайн бизнесмен одоо жаахан намба суух биз дээ
доор нэг нөхөр захиалгаар бусдыг доромжлохоо боль гэжээ, энэ 3.аас хэн л айж захиалга өгөв гэж дээ хихихи.
Gunbalai bol shal demii,nogoo 2 n ch bas odoogiin ene 76 bgaa humuusiin olon hunees deer bh
Жагаа зодог тайлнаа
Жагаа эрдэнээс бүх талаар илүү шүү дээ
Zahialgaar busdiig doromjiloj doosh ni hiihee bolioroi.ene nuhduud yamarch bsan ulsaas hulgai hiigeegui bor zurheeree yavaa nuhduud shuu.demjinee edniig...