СОНГУУЛЬ 2020: Өртэй хүнийг нэр дэвшүүлэхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сард болно. Харин өнөөгийн парламент Сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан байдаг. Тэгвэл ZINDAA.MN сайтаас сонгогчдын боловсролд өчүүхэн ч гэсэн дусал нэмэх үүднээс 2020 оны Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн онцлох зүйл, заалтыг цувралаар хүргэж байна.

Энэ удаад тус хуулийн зургаадугаар бүлгийн 29 дүгээр зүйл буюу сонгуульд нэр дэвших нийтлэг журмын голлох заалтаас онцолж байна. 


1. Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна өргүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, банк болон бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоосон төлбөл зохих ЗЭЭЛ, БАРЬЦАА болон батлан даалтын өр төлбөргүй байх шаардлага тавьжээ. 

2. Нэр дэвшигч нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байна. Хэрэв аль нэг аж ахуйн нэгжийн 51 болон түүнээс дээш хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх ёстой. 

3. Нэг намын гишүүн өөр намаас нэр дэвшихийг хориглоно.

4. Ял эдэлж байгаа хүнийг нэр дэвшүүлэхгүй. 

5. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хоригложээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top