СОНГУУЛЬ 2020: Цагаан сараар ХЭВИЙН БООВ тараахыг хориглоно

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сард болно. Харин өнөөгийн парламент Сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан байдаг. Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүд, сайд нарыг тойрогтоо ажлаа тайлагнаж, уулзалт цуглаан хийхийг ХОРИГЛООГҮЙ. Харин удахгүй болох цагаан сараар тойргийнхоо иргэдэд гарын бэлэг, хэвийн боов тараасан тохиолдолд Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх аж.  

Тэгвэл ZINDAA.MN сайтаас сонгогчдын боловсролд өчүүхэн ч гэсэн дусал нэмэх үүднээс 2020 оны Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн онцлох зүйл, заалтыг цувралаар хүргэж байна. Энэ удаад тус хуулийн долоодугаар бүлгийн 48 дугаар зүйл буюу хууль бус сурталчилгааг хориглох журмын голлох заалтаас онцолж байна. 


1. Бэлэн мөнгө, эд зүйл тараахыг хориглоно. 

2. Бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах болон аливаа үйлчилгээг төлбөргүй, хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглоно.

3. Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн болон баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулахыг хориглоно.

4. Хүлээн авалт, дайллага, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэхийг хориглоно. 

5. Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт сувилалд амраахыг хориглоно.

6. Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийхийг хориглоно.

7. Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэргээр амлалт өгөхийг хориглоно. 

8. Сонгуульд оролцохоос татгалзах болон сонгуулийн хууль, тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулахыг хориглоно.

9. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээ ашиглаж улстөрчдийн чансааг тогтоох санал асуулга зэргийг явуулахыг хориглоно. 

10. Албан ёсны ухуулагчдаас бусад этгээд сурталчилгаа хийхийг хориглоно. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.212) 2020 оны 01 сарын 16

taraaj l baig hedn hugshichuul maani ng ydaa ng ym gcn xemneg ter hed ymar tsalingaacaa ugch bg bish ylcaac avcn munguur avch ugch bg um chin

0  |  0
Top