Ж.Туул: Машины кабинд хүн шатаж нас барсан хэрэг ганцхан энэ биш

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

Одоогоос 11 сарын өмнө Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээврийн том оврын автомашины бүхээгт гал гарсны улмаас жолооч Д түлэгдэж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач 31 настай байсан бөгөөд түүний ард бага насны гурван хүүхэдтэй залуу бүсгүй өрх толгойлон үлдэж хоцорсон юм. Нөхрөө харамсалтайгаар алдсан Ж.Туул төрийн бус байгууллага байгуулан тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд ажиллаж эхлээд байгаа аж. Энэ талаар “Тээвэрчдийн гэргий нарын холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ж.Туултай ярилцлаа.


 

-Тантай жилийн дараа дахин уулзаж байна. Өмнө нь бид осол болж, танай гэр бүлд хүнд зүйл тохиолдсон үед ярилцаж байсан. Харин энэ хугацаанд та “Тээвэрчдийн гэр­гий нарын холбоо” ТББ-д ажиллаж эхэлсэн байна. Байгууллагын талаар эхлээд тодруулж асууя. Ямар үйл ажиллагаа эрхэлж байгаа вэ?

-2018 оны арваннэгдүгээр сард гэр бүлийн маань хүн Гашуунсухайтын нүүрс тээврийн замд машинтайгаа шатаж, амь эрсдсэн. Ер нь бол тээвэрт явж байгаа жолооч нар амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байдаг. Тээвэрчин эрсдэлд ороход тэдний ар гэрийнхэн давхар эрсдэлд ордог. 10 мянга гаруй жолооч тээвэр эрхэлж байгаа гэж бодоход нэг хүн болгоны ард гэр бүл, хань ижил, үр хүүхэд нь байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн эрх ашгийг хэн нэгэн хамгаалах хэрэгтэй гэж тухайн үедээ бодож байсан. Тэгээд санаандгүй тохиолдлоор Хүний эрхийн үндэсний комисст уулзалтад орох хүсэлт хүлээж авсан юм. Тухайн үед тээвэрчин Н.Майхүү, “Баянзам” тээвэрчдийн холбооныхон ирсэн байсан. Тэр үед би өөрийнхөө бодлыг илэрхийлээд, тэдэнтэй хамтарч ажиллах болсон. “Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-г жилийн өмнө хэсэг эгч нар байгуулан ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас холбоог авч явах боломжгүй байна гэхэд би үргэлжлүүлээд явъя гэдэг санал тавьсан. Би тээвэрчний гэргий байсан хүн. Энэ холбооны маань Удирдах зөвлөлд мөн Н.Энхцэцэг гэж эгч бий. Энэ эгчийн маань хань нь мөн тээвэрт явж байгаад осолдож, нас барсан юм. Бид туулсан зовлон, бэрхшээлийн шалтгаанаас нэгдэж, бусдад тусалж, бусдадаа сэрэмжлүүлж, тэднийхээ эрхийг хамгаалах хэрэгтэй гэж санал нийлж явдаг хүмүүс. Тийм ч учраас тээвэрчдэд ийм эрсдэл байна, тэднийг эрүүл аюулгүй орчинд ажиллах боломжийг бүрдүүлж өгөх юмсан, дуу хоолойгоо хүргэх юмсан гэсэн үүднээс ТББ-ынхаа ажилд санаа нэгдэн оролцож яваа. 

-Төрийн бус байгууллага хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ. Ямар ажлууд хийж байна вэ?

-Төрийн бус байгууллагаа наймдугаар сард албан ёсоор хүлээж авсан. Энэ хавраас эхлээд Гашуунсухайт руу явж, жолооч нартай уулзалт хийж, тулгамдаж байгаа асуудлын судалгаа явуулах гэх мэт ажлуудыг хийж эхэлсэн. Жолооч нарын зүгээс “Торгууль хэтэрлэ, дуртай нэг нь ирээд торгож байна” гэсэн гомдол, санал маш олон ирдэг. Дуртай нэгэн гэдэг нь автотээврийн байцаагч нар, гэрээт цагдаа нарыг хэлж байгаа юм. Тухайн үед нь жолооч нарын санал, гомдлыг нэгтгээд “Баянзам” тээвэрчдийн холбоогоор дамжуулан Авто тээврийн үндэсний төв болон Зам тээврийн яаманд хүсэлт хүргүүлсэн. Гэтэл энэ асуудал шийдвэрлэгдэхгүй явсаар дөрөвдүгээр улирлын “С” бичиг өгөхтэй зэрэгцээд бүр гаарсан. Тиймээс жолооч нарын дунд яг ямар байгууллага хамгийн хүнд сурталтай байна, ямар шийдвэрүүд хэрэгжихгүй байна, бодитоор хэдэн төгрөгөөр торгуулж байна, хэр давтамжтай байна гэх мэт асуумжтай судалгаа явуулсан. Судалгаанаас харахад, нэг жолооч хамгийн доод тал нь 150-400 мянган төгрөгөөр торгуулсан байсан. Богино гараанд буюу 25-35 км-ын зайд гэрээт цагдаа болон автотээврийн байцаагч нар хоёр удаа торгодог гэсэн нөхцөл байдал харагдсан. 

-Жолооч нарыг торгохдоо ямар эрхзүйн үндэслэл, шийд­вэрийг баримталдаг юм бол? Тээвэрчдийг ямар зөрчил гаргасан гэж үзээд торгууль тавьдаг вэ?

-Торгууль оногдуулахдаа жолооч нарыг бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явсан гэдэг үндэслэл хэлдэг. Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй жолооч явж байгаа нь буруу. Гэхдээ тухайн аж ахуйн нэгж, хятад эзэд нь жолооч нарыг яагаад бүрэн бус хэрэгсэлтэй явуулаад байгаа юм. Уг нь бол цаана нь байгаа ажил олгогч жолоочийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлөөр нь хангаж, бүрэн бүтэн тээврийн хэрэгсэлтэй явуулах ёстой. Гэтэл зөвхөн жолоочтой хариуцлага тооцож торгодог. Ингээд жолоочийг торгоод л цааш нь явуулчихаж байгаа юм уу гэхээр үгүй. Давхар аж ахуйн нэгжид нь 2.5 сая төгрөгийн торгуул оногдуулдаг. Ингээд аж ахуйн нэгж, хятад эзэн нь энэ суутгалыг жолоочийн цалингаас суутгаж авдаг. Энэ тохиолдолд яаж байна гэхээр жолооч нарын гар дээрээ авдаг мөнгөний ихэнх нь торгуульд зарцуулагддаг. Нэг жолоочийн ард 4-5 хүний амьдрал байдаг. Тэгэхээр хамгийн хүнд тусаж байгаа цэг нь жолооч болж таарж байна. Ард нь түүний гэр бүлийнхэн байна. Энэ торгуулийн хэмжээ, давтамж нь өнгөрсөн хавартай харьцуулахад улам нэмэгдсэн үзүүлэлт харагдаж байгаа. 

-Энэ асуудлаар шийдвэр гар­гах байгууллагад албан ёсоор хандсан уу?

-Бид Автотээврийн үндэсний газрын албан тушаалтнуудтай уулзах хүсэлт гаргасан боловч одоогоор хариу ирээгүй байна. Яг хууль эрхзүйн заалт нь тодорхой байх юм бол торгуулийн хуудсыг жолоочид олгох ёстой. Гэвч торгуулсан гэсэн баримтыг жолоочид өгдөггүй нь асуудалтай. Ямар хууль зүйн үндэслэлээр, яагаад торгоод байгаа талаараа мэдээлэл, тодруулга өгөхгүй байгаа. Автотээврийн байцаагч нь авчихдаг юм уу, удирдлагуудтайгаа хувааж авдаг юм уу, эсвэл үнэхээр цаашаа улсад орлого болж ордог юм уу гэдэг нь тодорхой бус. Өөрөөр хэлбэл, яг зөв процесс нь явагдахгүй байгаа юм. Бидний хувьд Автотээврийн үндэсний төв, Зам тээврийн яамтай маргалдаж, сөргөлдөх гэсэн зүйл байхгүй ээ. Яг энэ гаргаж байгаа дүрэм, журам, шийдвэрүүд хөрсөн дээр хэрхэн бууж байгааг шалгаад, болж байна гэж үзсэн тохиолдолд хууль эрх зүйн орчноо жолооч нартаа танилцуулж байхыг хүсэж байгаа. Торгуулийн журам, дүрмийн тухай мэдээлэл жолооч нарт ирдэггүй. Төрийн албанаас ухуулга сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг огт хийдэггүй.

-Торгуулиас гадна тээвэрчдэд ямар асуудал тулгам­даж байна. Энэ талаар судалж үзсэн үү?

-Тээвэрчид маш хүнд нөхцөлд ажилладаг. Өнгөрсөн жилийн хувьд машины дараалал их байсан. Засгийн газраас шийдвэр гаргаснаас хойш дараалал бас ч гэж асуудал дагуулахаа больсон. Гэсэн ч жолооч нарын ахуйн асуудал, усанд орох, амрах газаргүй гэх мэт байдал асуудал хэвээрээ л байгаа. Нийгмийн даатгалын асуудал байна. Олон улсад тээвэр хийх зөвшөөрөл авахын тулд тухайн жолоочийн нийгмийн даатгал төлөгдсөн байх ёстой гэж АТҮТ-ийн шаардлагад дурдсан байдаг. Тухайн компани нь 100 жолоочтой гэж бодоход тэр улиралдаа 50 жолоочийн зөвшөөрөл авсан бол үлдсэн 50 жолоочийн нийгмийн даатгал нь тасарч үлдэх гэх мэт нөхцөл байдал үүсэж байгаа юм. Ингэхээр тухайн жолооч нь тэр компанид хамааралтай эсэх нь эргэлзээтэй болоод ирдэг. Сая жишээ нь, Гашуунсухайтад ажиллаж байхдаа автотээврийн байцаагч нар жолоочийн бичиг баримтыг хурааж авч байхыг харлаа. Байцаагч нь жолоочийг та компанидаа бүртгэлгүй байна гэж тайлбарлаж байсан. Гэтэл тэр жолооч нь компанидаа хоёр жил гаруйн хугацаанд ажилласан байх жишээтэй. Ингээд жолоочийн бичиг баримтыг хураагаад авчихаар цаашаа явж болохгүй, машинаа бас үлдээж болохгүй нөхцөл үүсдэг. Машины нэг дугуй нь л гэхэд сая төгрөгийн үнэтэй. Машиныг нь тоночихвол өрөнд орно, дахиж Хятад руу орох юм бол зодуулах, дарамтад орох асуудал үүсдэг учраас орхиж чадахгүй. Ингээд машин дотроо байж байхаас өөр аргагүй байдалд ордог. Энэ бол байнга тохиолддог зүйл. 

-“С” зөвшөөрөл гэдэг нь яг ямар учиртай зөвшөөрөл юм бэ. Мөн энэ зөвшөөрлийг дамлан худалдах болсон гэдэг мэдээлэл байгаа шүү дээ?

-Энэ зөвшөөрөл нь АТҮТ-өөс улирал тутамд шаардлага нөхцөл хангасан тээврийн компаниудад олгодог олон улсад ачаа тээвэрлэх тусгай зөвшөөрөл юм. Нэг машины зөвшөөрөл нь 99 мянган төгрөгийн үнэтэй. Нэг улирал буюу гурван сарын турш хүчинтэй байдаг. Хамгийн сүүлд 6000 машинд зөвшөөрөл олгохоор болсон гэсэн. Гэтэл АТҮТ-өөс яг тухайн нөхцөл шаардлагыг хангасан компаниудад зөвшөөрлөө олгохгүйгээр өөр компаниудад өгчихдөг. Тэртээ тэргүй шаардлага хангаагүй компанид тэр зөвшөөрөл хэрэггүй учраас бусдад худалддаг. Энэ зөвшөөрөл өнгөрсөн жилийн тавдугаар сард 2000 юань буюу 850 мянга орчим төгрөгийн үнэтэй байдаг байсан. Манай байгууллагаас АТГ-т энэ асуудлаар хандсан ба АТГ тухайн үеийн удирдлагын буруутай үйлдэл гэж үзээд н.Дэлгэрнаран даргыг ажлаас нь чөлөөлсөн. Ингээд шинэ дарга ирж бүхнийг хэвэнд нь оруулах ёстой байсан ч өнөөдөр энэ зөвшөөрлийн үнэ харин ч бүр нэмэгдээд 1.5 сая төгрөг болчихсон байна.
 

-Цагаан хадны орчимд осол болон гэмт хэрэг олноор гардаг. Осол гэмтэл сүүлийн үед буурсан болов уу?

-Тээвэрчид цаг үргэлж эрсдэл дунд ажиллаж байдаг. Биднийг ажиллаж байх үед “Өмнөговь аймагт гарч байгаа гэмт хэргийн 50 хувь нь зөвхөн Ханбогд суманд гарсны дийлэнх нь зам тээврийн осол байсан” гэх мэдээллийг цагдаагаас өгч байсан. Гэхдээ өнгөрсөн хаврыг бодвол одоо ослын тоо харьцангуй багассан байх. Гашуунсухайтын замаа зассан байгаа. Уртад явж байгаа жолооч нар зам ийм байхад аваар осол гайгүй байдаг гэдгийг хэлж байгаа. Гэсэн хэдий ч тээвэрчдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах гэсэн эрх нь зөрчигдсөн хэвээрээ л байна. Жишээлбэл, эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулах, жолооч нарын амрах байр барих, 2500 машины тайван зогсоол барих тухай Ерөнхий сайдын даалгаврууд биелээгүй хэвээр байна. Амралтын байр гэхэд араг ясыг нь босгоод орхичихсон байна. Энэ бүтээн байгуулалтад зориулагдсан их мөнгө яригддаг хэрнээ өнөөдөр үр дүн байхгүй байна шүү дээ. Ерөнхий сайд юм уу, Засгийн газраас өгсөн үүрэг даалгавар хөрсөн дээр бууж, хэрэгжихгүй бай­гаа. Энэ нь доод шатны удирдлага, албан тушаалтнуудаас болдог юм уу, эсвэл Засгийн газар нь хэрэгжүүлэгч агентлагуудаа хянаж чадахгүй байгаад алдаа байдаг юм уу. Ямартай ч жолооч нарт хүрч байгаа бодит ажил байхгүй байна л гэж хэлнэ.

-Энэ тухай асууж байгаад уучлаарай. Өнгөрсөн жил та гэр бүлийн хүнээ алдсан. Энэ хэрэг ямар шатанд шалгагдаж байгаа вэ. Хэрхэн шийдвэрлэгдсэн бэ. Тухайн үед мөн компанийн хариуцлагын асуудал яригдаж байсан шүү дээ?

-Одоогийн байдлаар хэрэг Прокурорын шатанд яваа. Анх эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Өмнөговь аймгийн Онцгой байдлын улсын байцаагч шатсан машин дээр очиж үзлэг хийж, хүмүүстэй уулзаад галын дүгнэлтээ гаргаж байсан. Гал анх кабин дотроос гарсан. Кабинд машин халаагчаас өөр гал гарах магадлалтай төхөөрөмж байхгүй гэдэг дүгнэлт гаргаж байсан. Гэтэл Өмнөговь аймгийн цагдаагаас энэ дүгнэлт нь тодорхой бус байна, хэрэгт хэн нэгэн хүн буруутай гэдэг нь нотлогдохгүй байна гэдэг шалтгаанаар хэргийг хаачихсан. Тэгээд Ерөнхий прокурорт хүсэлт гаргасны дагуу хэргийг мөрдөн байцаалтад буцаалгасан. Ингээд бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах болсон. Ерөнхий газраас ирсэн бүрэлдэхүүнээс “Гал кабин дотроос гарсан, кабин халаагчаас үүссэн эсэхийг мэдэхгүй байна” гэдэг дүгнэлт гаргаж өгсөн. Дүгнэлтэд кабин халаагч нь стандартад нийцсэн юм уу, үгүй юм уу гэдгийг мэргэжлийн байгууллага тодорхойлно гэсэн байгаа. Гэтэл хэргийн материалаас харахад Мэргэжлийн хяналтын газар эсвэл Стандарт хэмжилзүйн газраас асуулга хийгээгүй. Миний бодлоор мөрдөн байцаагч энэ талаар мэргэжлийн хүмүүсээс асууж тодруулах ёстой байх. Гэтэл үүн дээр огт ажиллалгүйгээр хэргийг дахиад хаах санал гаргасан. Одоо прокурорт шилжүүлсэн байгаа. Энгийн хүний нүдээр харахад жолоожийг бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явуулсан нь ажил олгогчийн буруу. Монгол Улсын стандартад нийцээгүй тоног төхөөрөмжөөр тоноглосон байсан нь мөн ажил олгогчийн буруу. Гэтэл хуулийн байгууллага яагаад энэ хэргийг хөдөлмөр хамгаалал талаас нь шалгаж өгөхгүй байгааг гайхаж бйагаа. Энэ хэрэг бол ганц удаагийн галын хэрэг биш. Хавар дөрөвдүгээр сард мөн л нэг жолооч кабиндаа шатаж, нас барсан. Миний зүгээс бол хэргийг хаалгахгүй л гэсэн байр суурьтай байгаа.

-Талийгаачийг бүрэн бус тээв­рийн хэрэгсэлтэй замд гаргасан ажил олгогч байгуул­лагатай та холбогдсон уу. Тухайн байгууллагын байр суурь ямар байгаа бол?

-Энэ хугацаанд би компанийн­хантай уулзаагүй. Хэргийг хуулийн хүрээнд шийдэгдэх байх гэж бодож байгаа. Би нөхрийгөө алдчихаад тэр газраас мөнгө авах гэж хөөцөлдөөд байгаа юм биш. Ийм зүйл байдаг юм байна гэдгийг ойлгуулж, хэн нэгэн хүн дахиж хохирохоос өмнө алдааг нь залруулахын төлөө зорьж байгаа. Бүрэн бус тээврийн хэрэгсэл өгч ажилд гаргаж байгаа нь ажил олгогчийн буруу байдаг юм байна, тээвэрчид маш их эрсдэл дунд байгаа юм гэдгийг ойлгуулахын төлөө энэ хэргийн ард гарах гэж яваа маань энэ юм. 

Дээрх хэргийн тухай өмнөх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.196) 2019 оны 10 сарын 24

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913

0  |  0
нямаа(202.55.188.37) 2020 оны 04 сарын 08

олон түмний төлөө зүтгэх амаргүй шүү

1  |  0
Даваацэрэн(66.181.161.120) 2020 оны 04 сарын 08

Маш зөв тэмцэх хэрэгтэй дэмжиж бнаа

1  |  0
Top