Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн лиг /NBA/-ийн Финикс Санс багийн тоглогч ДеАндре Эйтон Сагсан бөмбөгийн холбооноос хориглосон мансууруулах, сэргээгч төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тул 25 тоглолтод оролцуулахгүй байхаар шийтгэжээ. Одоогоос яг долоо хоногийн өмнө улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан NBA-с явуулсан шинжилгээгээр түүнийг диуретик гэх бодис хэрэглэсэн байж болзошгүй гэх шинжилгээний хариу гарсан юм.
Өнгөрсөн жилийн драфтын тэргүүн сонголтоор Финикс Санс багт ирсэн тэрээр анхны жилдээ 16.3 оноо, 10.3 самбараас бөмбөг авалт дунджилж мэргэжилтнүүдийн анхааралд өртсөн билээ. Тийм дээ ч түүнийг Бүх NBA-н шинэ тоглогчдын багт нэрлэсэн юм. Улирлын эхний тоглолтдоо Финикс Санс баг Сакраменто Кингсийг онооны илт зөрүүгээр буулган авахад Эйтон 18 оноо, 11 удаа самбараас бөмбөг авсан юм.
“Би гэр бүлийнхэн, Санс багийн хамт олон, багийн нөхөд, хамтран зүтгэгч, Финикс хотынхноос чин зүрхнийхээ гүнээс уучлал хүсье. Болчимгүй алдаа гаргасандаа үнэхээр гэмшиж байна. Шийтгэлийн хугацаандаа бэлтгэлээ сайн базааж өмнөхөөсөө илүү тоглолтоор бэлэг барина гэдгээ амлая” гэж ДеАндре Эйтон ярьжээ.
Финикс Санс баг өнөөдөр Денвер Наггетс багтай таарч үндсэн цэгт 95-95 онооны харьцаагаар тэнцэж, нэмэлт цагт 108-107 онооны харьцаагаар анхны ялагдлаа хүлээсэн юм. Финикс Санс баг маргааш Монголын цагаар 10:00 цагт улирлын шинэ өнгө төрх болж буй Лос Анжелес Клипперс багтай таарч тоглоно.
Сэтгэгдэл ( 0 )