Өнөөдөр сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. А болон В хэсгийн эхний тойргийн тоглолтууд болох юм.
Анхны тоглолт Латвийн Рига болон Финляндын Тамперед болно. Финалын тоглолт есдүгээр сарын 14-нд товтой. Нийтдээ 24 улсын шигшээ баг тэмцээнд оролцоно.
Латвийн Рига хотноо А хэсгийн тоглолтууд болох бөгөөд энэ хэсэгт Чех, Эстони, Латви, Португал, Серби, Турк орсон. Тэгвэл Финляндын Тамперегийн В хэсэгт Финлянд, Герман, Их Британи, Литва, Монтенегро, Швед багтсан.

Улаанбаатарын цагаар 18:30-д Их Британи – Литва, 19:45-д Чех-Португалын тоглолттой. Дэлхийн аварга Германы шигшээ эхний тоглолтоо Монтенегротой хийх бол Никола Йокичтой Сербийн шигшээ Эстонитой тоглоно.
Энэ удаагийн тэмцээнийг дөрвөн орон нийлж, зохион байгуулж байна. Кипр, Польш, Финлянд, Латви. Эхэндээ бол Украин тэмцээнийг зохион явуулах дөрвөн улсын нэг байсан. Орос-Украины дайн дэгдсэнээр Польш тэдний оронд тэмцээнийг явуулахаар болсон юм.
.jpg)
Анхаарал татах нэг баг бол Израиль. Израилийн арми Газад цохилт өгсөн хэвээр, олон зуун хүн амь үрэгдсээр байгаа. Өнгөрсөн жил Ирландын эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан үүнтэй холбоотойгоор Израилийн шигшээгийн тамирчидтай гар барихаас татгалзсан. Энэ удаад бусад орны шигшээ багийнхан Израилийн эрэгтэйчүүдийн шигшээг хэрхэн хүлээн авах нь тодорхойгүй байна.
.jpg)
Европын АШТ-ийг зохион байгуулах болсноос хойш 90 жил өнгөрч байгаа. Олон жилийн түүхтэй том тэмцээн. 2022 онд гаргасан судалгаагаар бол Европын сагсанбөмбөг сонирхогчдын тоо нэмэгдэж, энэ тэмцээнийг сонирхогчдын тоо ч өссөн. Финалын Испани – Францын тоглолтыг л гэхэд Испанид 3.75 сая хүн шууд үзсэн тоо гарч байлаа. Харин Герман – Испанийн шигшээ шөвгийн дөрөвт тоглоход 4 сая хүн шууд үзсэн.
.jpg)
Мэдээж, оддоос хэн хэн тоглох вэ? гэсэн асуулт гарна. Сербийн супер од Никола Йокич, Грекийн шигшээг сонгосон Яннис, Словенийн од Лука Дончич нар байна. Мөн Германы шигшээд Деннис Шредер бий. Харин Виктор Вэмбаньяма, Руди Гобер, Домантас Сабонис, Мориц Вагнер, Айзей Хартенштейн, Макси Клебер нар энэ удаад оролцохгүй.
Европын сагсанбөмбөг нь NBA-гийнхээс бага зэрэг өөр. Тухайбал, 12 митутын дөрвөн үеийг Европод 10 минутын дөрвөн үе болгож тоглодог. Гурвын шугам NBA-г бодвол цагаригт арай ойр байдаг. Мөн тайм-аут, алдааны дүрэм өөр.

Түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар Сербийн шигшээг голцуу нэрлэж байгаа. Парисын олимпын наадамд хүрэл медаль хүртсэн. NBA-тэй холбоотой 10 тоглогчтой. Никола Йокич, Богдан Богданович нартай болохоор алтан медальд их ойр гэж үзэж байгаа.

Виктор Вэмбаньяма байхгүй учраас Францын шигшээ суларсан. Залуу од NBА-гийн шинэ улирлын өмнө ядралгүй сэргэлт сайтай байж, сэргэг байхаар шийдсэн тул татгалзсан. Испанийн шигшээ багийн Алтан үе өнгөрсөн гэж үзэх болсон. Ах дүү Эрнангомес гол үүргийг гүйцэтгэж, 2007 оноос тивээсээ алгасалгүй медаль хүртсэн амжилтыг үргэлжлүүлэхээр тэмүүлнэ.
.jpg)
Үүнээс гадна Германы шигшээг тооцооноос хасах аргагүй. Мэргэжилтнүүд мөн “Хьюстон”-ы Альперен Шенгүнтэй Туркийн шигшээг анзаарч байхад илүүдэхгүй гэж байгаа юм билээ.

Сэтгэгдэл ( 0 )