NBA багц: Ирвингийн гэгээн мөрөөдөл, Дончичийн жин хаясны ашиг, Шакийн хөнөөх хүсэл

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 29

Баасан гаригийн орой сагсанбөмбөг сонирхогчдодоо NBA-гийн багц мэдээллээ хүргэж байна.

Эхлээд “Даллас”-ын 33 настай Кайри Ирвингийн ирээдүйн гэгээн гэж хэлж болохоор төлөвлөгөөнөөс хуваалцъя.

“Түүхэн дэх хамгийн том фермерч болохоор би төлөвлөж байгаа. Үүнийгээ шулуухан л хэлчихье. Эрүүл сайн хүнсийг Дэлхийн даяар түгээн хүргэдэг фермерч болох төлөвлөгөөтэй. Эмэгтэйчүүд аюулгүй орчинд төрж, хүүхдүүд амар тайван өсөн бойждог жижигхэн тосгонтой болчихоод тэндээ фермерээ ажиллуулна.

Тосгонд маань гэр бүлүүд нэмэгдэж, өнөр бүл болцгооно. Хөдөө аж ахуй эрхлэх хүсэл их байна” хэмээн Кайри Ирвинг өгүүлжээ.

Кайригийн ирээдүйгээс Шакил О`Нилийн өнгөрсөн рүү ухарцгаая. 2004 онд “Майами Хит” болон “Лейкерс”-ийн солилцооны үеэр юу болсныг дурсан ярьжээ. “Хөгжилтэй юм болсон. Юм идээд л, ESPN үзээд сууж байсан юм. Гэтэл Митч Купчак /”Лейкерс”-ийн ерөнхий менежер/ Шакт тавьсан саналыг бид хүлээн авна гэж байна. Тэрийг сонсоод Митчийг болгоод өгмөөр санагдаж байгаа. Би ямар тэнэг амьтан биш дээ, бизнесийг бас мэднэ. Арай дэндүү хүндэтгэлгүй хандаж байгаа байхгүй юу.

Гэхдээ л суугаад, өмнөхөө идээд л байлаа. Тэгсэн хүү намайг доороос дээшээ аймаар сүрхий харлаа. Хүүгээ харангаа “Чөтгөр аваг, намайг сольчихож байгаа юм байна. Тэр мууг ална аа” гэж бодож билээ” хэмээн Шак дурсан ярьжээ.

Тэгвэл өнгөрсөн зун “Лейкерс”-ийнхний мандуулсан алдартай солилцооны талаар Жини Бассын ярьсныг үүнтэй холбоод мэдээлье.

“Гэнэтийн юм болсон л доо. Солилцоо хийх тухай маш сайн нууцалсан болохоор хэн ч мэдээгүй юм. Би мэднэ. Харин Лука мэдэхгүй байлаа. “Лейкерс”-т ирж буй тоглогчийг тийм ууртай байхыг хэзээ ч харж байгаагүй. Лукад солилцоо үнэхээр гэнэтийн явдал болсон. Юу болоод байгааг ойлгоход хугацаа хэрэгтэй байсан байх.

Коби Брайантыг амьд ахуйд нь сүүлчийн удаа харахад охин Жианнагаа “Лейкерс”-ийн тоглолт дээр авчрахдаа Лукаг хэрхэн тоглож буйг л харуулах гэсэн юм. Жианнагийн хайртай тоглогч нь Лука байлаа. Үүгээрээ тэд ямар нэгэн сэжмээр үргэлж холбоотой байсан” хэмээн Жини Басс өгүүлжээ.

Дончич гэснээс шигшээ багтайгаа Европын АШТ-д тоглож буй словен залуу жин хасаад юу мэдрэгдэж буй тухайгаа ярьжээ. “Үнэндээ юу ч өөрчлөгдөөгүй. Би бага зэрэг хурдан болж, ядралт мэдрэх нь багассанаас өөр онцын өөрчлөлтгүй. Ялж, хожихыг хүссэн чигээрээ л байна. Багийнхаа амжилтад хувь нэмэр болохыг л хичээнэ” гэжээ.

Дончич үнэхээр хичээж, Польшийн эсрэг тоглолтод 34 оноо авч, 4 самбар, 9 дамжуулалт, 5 таслалт, 2 блок-шот хийсэн ч баг нь 95:105-аар хожигдлоо. Гэхдээ Европын АШТ-ий түүхэнд 30+ оноо, 5+ дамжуулалт, 5+ таслалт хийсэн тоглогч байгаагүй тул нэгэн дээд амжилт тогтоожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top