Баян-Өлгийд 23 настай эмэгтэй алга болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багт тус аймгийн Булган сумын дөрөвдүгээр багийн иргэн, 23 настай эмэгтэй алга болжээ. Алга болсон Л нь энэ сарын 23-ны 07:00 цагт ах Н-ийн гэрээс хичээлдээ явахаар гарснаас хойш сураг алдарчээ. 

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар энэ сарын 23-ны өдрөөс хойш түүнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд Ховд голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 25-ны өдөр ирүүлсэн байна.

Хүсэлтийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, ар гэрийн найман иргэн, “Ховд” их сургуулийн найман оюутан, нийт 22 хүн, нэг завь, дөрвөн автомашинтай эрлийн ажиллагааг эхлүүлж, Сагсай хавцлаас Соёмбот-Уул гэдэг газар хүртэл есөн км-т явганаар, Ховд голд 1.5-2 метрийн гүнд гурван удаа шумбаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна.

Өчигдөр /2019.10.27/ 17:40 цаг хүртэл эрлийн ажиллагааг дахин зохион байгуулсан ч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийн ажлыг түр  зогсоосон аж.

Өнөөдөр эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна. Л нь “Ховд” их сургуулийн дөрөвдүгээр дамжаанд сурдаг ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top