Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяраар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 27-29-ний өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, эрх бүхий албан тушаалтныг чадавхижуулах зорилгоор Дорноговь аймгийн 350 гаруй төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтанд сургалт семинарыг зохион байгуулж, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөл, албан тушаалтны ХАСХОМ, тэдгээрийн анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр илтгэл, мэдээлэл хийлээ.
Мөн Дорноговь аймгийн төрийн байгууллагууд болон сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрын албан тушаалтны мэдүүлгийг бүртгэх, хянах эрх бүхий нийт 23 албан тушаалтанд ХАСУМ, ХАСХОМ гаргах, үйл ажиллагаанд анхаарах асуудлуудын талаар сургалт мэдээлэл хийв.
Түүний дараагаар орон нутгийн иргэдэд Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг болон сүүлийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулга, мэдээлэл хийх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, олон нийтийн хяналт шударга ёсыг тогтоох чиглэлээр иргэдийн дуу хоолойг сонсох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох зорилгоор “Олон нийтийн хяналт ба шударга ёс” сэдэвт уулзалт болон “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг аймгийн Соёмбо цогцолборт зохион байгуулж, нийт Сайншанд сумын 200 гаруй иргэд оролцлоо.
Уулзалтаар Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн иргэдэд эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, төрийн үйлчилгээний талаар фокус ярилцлага хийж, иргэдээ сонсож ажилласнаас гадна иргэдийн дунд “АХА” тэмцээн зохион байгуулж, эхний гурван байрт шалгарсан шилдгүүдийг шагнаж урамшуулсан юм.
Дорноговь аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )