ХОВД: Хөөмийн урлагийг 1308 хөөмийч Геннист бүртгүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

Монгол ардын язгуур урлагийн томоохон өв болсон Хөөмий урлагийг Дэлхийн дээд амжилтын ном Геннист бүртгүүлэх зорилгоор өчигдөр /2019.10.30/ Ховд аймгийн Биеийн тамир, спортын газраас “Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг сорилтын үйл ажиллагаанд хөөмийн урлагийг өвлөн уламжлагчид, мэргэжлийн уран бүтээлчид, ардын авьяастнуудын төлөөлөл болсон 5-83 насны 1300 гаруй хөөмийч оролцож, “Халуун элгэн нутаг”, “Тунгалаг Буянт” дууг нэгэн зэрэг аялгуулан хөөмийлсөн юм.

Хөөмийн үзүүлбэрийн дараагаар Геннисийн Азийн төв байгууллагаас ирсэн шүүгчид хяналтын тооллого явуулж 1308 хөөмийч буюу дэлхийн хэмжээнд хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлсөн болохыг баталж, Геннисийн амжилтын “Батламж”-ийг аймгийн удирдлагуудад гардуулан өглөө. Ийнхүү олон угсаатны бүлгүүд нэгэн дор суурьшин амьдардаг Ховд аймгийн зон олон, Монгол туургатны хөөмийчид Хөөмийн урлагаа Монголын язгуур соёл, урлагийн төрөл болохыг дэлхийд тунхаглан баталсан түүхэн амжилтын эзэд болов.

Ард Аюушийн талбайд зохион байгуулсан “Хөөмийн цэнгүүн”-ий үеэр соёл, урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрлөж буй нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, БСШУСЯ-ны Жуух бичгээр шагнаж урамшуулсан юм. Мөн Монгол хөөмийг дэлхийд таниулах үйлсэд олон жилийн хөдөлмөр зүтгэлээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад үеийн хөөмийчдийг аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж, хүндэтгэл үзүүлсэн байна. 

Ховд аймгийн ЗДТГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top