Монголын Урлагийн Зөвлөл, М Си Эс группийн хамтран хэрэгжүүлж буй “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүмийн хадгалалт хамгаалалтын төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн багаас World Monument Watch хөтөлбөрт Чойжин ламын сүм музейг нэр дэвшүүлснийг World Momument Fund буюу Дэлхийн хөшөө дурсгалын сангийн бие даасан шинжээч-олон улсын экспертүүд дэмжиж, World Monument Watch хөтөлбөрөөр дамжуулан Чойжин ламын сүм музейг олон улсын анхаарлын төвд авчран, сэргээн засварлалтын талаарх техникийн туслалцаа үзүүлж, олон улсын хамтын ажиллагааг 2 жилийн турш явуулах боллоо.
Өв эрдэнэ хөтөлбөрийн санхүүжилтээр АНУ-ын дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын архитектор Стивен Келли энэ оны 6 сард Улаанбаатарт ирж, музейн 8 барилгын нөхцөл байдлын судалгааг хийж хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг боловсруулж байгаа нь олон улсын сангийн тусламжтайгаар дэлхийн стандартын дагуу сэргээн засварлалт хийж ажлын суурь судалгаа болсон билээ.
World Monuments Watch 2020 хөтөлбөрт шалгарсан 22 улсын 25 дурсгалт газрууд нь хотжилт, хэт барилгажилт, гэнэтийн осол, байгалийн гамшиг, буруу менежмент, улс төрийн үймээн самуун, мөргөлдөөний улмаас эрсдэлд ороод буй юм. Энэ жилийн хөтөлбөрт Парисын дарь эхийн сүм, Чили улсын Rapa Nui үндэсний парк, Перу улсын Инкачуудын ариун хөндий, АНУ-ын Bears Ears дурсгалт газар, Энэтхэгийн Декан өндөрлөгийн уламжлалт усны систем, Бирмийн уламжлалт фермын барилгууд, Иракийн Mam Rashan сүм, Узбекистаны Бухарын еврейчүүдийн эртний сууц, Пакистаны Anarkali зах, Катманду хөндийн Chivas Chaityas, Египтийн Alexan ордон, Японы Inari-yu барилга, Испаний Axerquía ордон зэрэг дурсгалт газрууд сонгогдсон байна.
Эдгээрийн адил Чойжин ламын сүм музей нь хотжилт, хэт төвлөрөл, бодлогогүй төлөвлөлт, хөрөнгө санхүүгийн гачигдлаас болж эрсдэлд орсон түүх соёлын дурсгалт газрын нэгээр сонгогдож дэлхий нийтийн анхаарлын төвд орж, олон улсын тусламж хандив, соёлын өвийн сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн туслалцаа авах боломж бүрдлээ.
Дэлхийн хөшөө дурсгалын сан нь World Monument Watch хөтөлбөрт шалгарсан 22 улсын хамтрагч байгууллагуудтай 2020-2021 онд хамтран ажиллаж, сэргээн засварлалт, бодлогын нөлөөллийн ажил, сэргээн засварлалтын чадавхыг бэхжүүлэх сургалт судалгаа, дурсгалт газрыг таниулан сурталчлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. World Monuments Watch хөтөлбөр 1996 оноос хэрэгжиж эхэлснээсээ хойш Дэлхийн хөшөө дурсгалын сангаас 110 сая ам доллар бусад ивээн тэтгэгчдээс 300 сая ам долларыг нийт 135 орны 836 түүх соёлын дурсгалт газруудын төсөлд зарцуулсан байна.
2017-2018 онд Чойжин ламын сүм музей ба Монголын Урлагийн Зөвлөл хамтран Австралийн хувь хандивлагчийн санхүүжилтээр музейн дурсгалт барилга, хосгүй үнэт өвийн хадгалалт хамгаалалтад нөлөөлж буй байгалийн ба нийгмийн хүчин зүйлсийн 9 төрлийн судалгааг явуулж, соёлын өвд учирч болох эрсдэлийг тодорхойлж, хэрхэн арилгах тухай судлаачдын дүгнэлт, зөвлөмжийг боловсруулсан. Дээрх 9 төрлийн судалгааны зөвлөмж, дүгнэлтүүдэд үндэслэн түүх, соёлын дурсгалт газрын орчныг хамгаалах, музейн үзэгчдэд зориулсан тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор М Си Эс группийн санхүүжилтээр Өв Эрдэнэ соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2019 онд Чойжин ламын сүм музейн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулан Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраар батлуулж, музейн дотоод орчны нийт 4800 мкв талбайг зүлэгжүүлэн мод сөөг тарьж, 650 мкв явган хүний замыг шинэчилж, усалгааны систем ба сүмийн барилгын гадна гэрэлтүүлгийг суурилуулсан билээ.
2020 онд музейн эдэлбэр газарт буюу хэрмэн хашаанаас урдах талбайн 888 мод бут бүхий 3500 мкв ногоон байгууламж, 1100 мкв явган хүний боржин чулуун замыг “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр шинэчлэн засварлахаар төлөвлөж байна.
Цаашид түүхэн дурсгалт барилгад эрсдэлгүй, иргэндээ ээлтэй орчныг бүрдүүлэхийн тулд музейн хэрмэн хашаанд тулж зогсох автомашины замбараагүй, стандарт бус зогсоол хөдөлгөөнийг болиулж, музейн урд талбайд буюу Гэндэнгийн гудамж талд 2100 мкв авто зогсоол байгуулж, музейн хэрмэн хашааны баруун зүүн талаар олон нийтэд зориулсан 1400 мкв явган хүний зам, 1300 мкв ногоон зүлэг, 820 мкв дугуйн зам бүтээн байгуулах хөрөнгө оруулалтыг төрийн ба нийслэл орон нутгийн төсвөөс гаргуулахаар төслийн багийнхан зорилт тавин ажиллаж байна.
Чойжин ламын сүм музейг хадгалж хамгаалах төслийн багт БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төв, Чойжин ламын сүм музей, Өв Эрдэнэ хөтөлбөрийн санхүүжүүлэгч М-Си-Эс групп, Монголын Урлагийн Зөвлөл ТББ, Монголын сэргээн засварлалтын зураг төслийн ба сэргээн засварлагч эрх бүхий компаниуд нэгдэж хамтран ажиллаж байгаа билээ. 2020 оноос бидний хамтын ажиллагаа өргөжиж АНУ дах Дэлхийн хөшөө дурсгалын сангийн World Monuments Watch хөтөлбөр, АНУ-ын Элчин сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сан, олон улсын дурсгалт уран барилгыг сэргээн засварлалт хадгалалт хамгаалалтын бодлого боловсруулагч мэргэжилтнүүд зэрэг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, олон улсын ба дотоодын соёлын өвийн мэргэжлийн байгууллагууд үндэсний түүх соёлын дурсгалыг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм зорилгын хүрээнд бүх талаар хамтран ажиллахаар боллоо.
Төрийн сахиусны өргөө 111 жилийн түүхтэй Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах, түүх соёлын үнэ цэнэ ач холбогдлыг таниулан сурталчлах, түүхэн дурсгалт барилгад эрсдэлгүй, иргэндээ ээлтэй орчныг бүрдүүлж соёлын өвөө хамгаалах ажил үйлсэд хувь хүн, байгууллага, мэргэжилтнүүд сайн дураараа нэгдэн хамтран ажиллахыг төслийн баг хамт олны зүгээс уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )