110 жилийн настай Чойжин ламын сүм музей АНХААРАЛ хүсч байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

Монголын түүх, шашин, соёлын гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох Чойжин ламын сүмийг анх 1904-1908 оны хооронд бүтээж байжээ. Өдгөө Чойжин ламын сүм нь 110 жил, музейтэй болсноос хойш 80 жилийн замналыг туулж, өнө их түүхийг бүтээсэн түүхэн ой тохиож байна. Зуу гаруй жилийн түүхтэй соёлын үнэт өв болсон Чойжин ламын сүм байгуулагдсан өдөрт зориулж "Дурсгалт барилгын сэргээн засварлалт: Тулгамдаж буй асуудлууд” сэдвээр  өнөөдөр /2018.11.28/ салбарын мэргэжилтнүүд чуулж, хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулан тус сүм музейн түүхийг товч хүүрнэе.


Чойжин ламын сүм

Чойжин ламын сүм бол XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн авьяас билигт урчуудын хосгүй нандин бүтээлүүдийн нэг төдийгүй Монголын түүх, шашин, соёл, уран барилга, урлахуй ухааны дахин давтагдашгүй өв юм. Чойжин лам Лувсанхайдав нь 1899-1901 оны хооронд Зүүн хүрээний шар ордноос баруун хойно анхны сүмээ байгуулж байжээ. Удалгүй 1903 оны өвлийн сүүл сарын нэгэн шөнө гэнэтийн гал түймэр гарч, Чойжин лам Лувсанхайдавын анхны сүм бүхэлдээ шатаж устсан байна. Ингээд Чойжин ламын сүмийг уран Омбо тэргүүтэй 300 гаруй урчууд одоогийн байрлаж буй газарт 1904-1908 оны хооронд дахин байгуулжээ.

Ардын засгийн жилүүдэд төрөөс шашин, лам нарын талаар явуулсан хориглох бодлогын улмаас сүмийн хурал номын үйл ажиллагаа зогсож, улмаар 1938 онд хаагдсан байна. Тухайн үед Монгол оронд 750 гаруй сүм хийд байсан бөгөөд түүнээс олон сүм хийд хэлмэгдүүлэлтэд өртөн устгагдсан гэдэг. Чойжин ламын сүм нь 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг тэсэж үлдсэн цөөхөн сүм цогцолборын нэг юм.

Төрийн Чойжин лам Лувсанхайдав

Монгол төрийн их чойжин Лувсанхайдав хутагт нь Далай ламын түшмэл Гончигцэрэнгийн V хүү болон 1872 онд Төвдөд мэндэлжээ. Тэрээр ахыгаа Монголын VIII Богд Жавзандамба хутагтаар өргөмжлөгдөхөд гэр бүлийн хамт 1874 оны намар Монгол оронд залагдан иржээ. Их хүрээний Хамба Номун хан Балданчоймбол, VIII Богд Жавзандамба хутагт нар 1883-1884 оны үед Монголын шашин, улс үндэстнийг хамгаалуулах зорилгоор Лувсанхайдавыг догшин сахиусын чадал онгод оршсон “Чойжин лам”-аар тодруулсан байна.

VIII Богд Жавзандамба хутагт Лувсанхайдавт үе улиран залгамжлах Нийслэл хүрээний голын чойжин сахиусны ариун явдалт, чин сүсэгт Гүртэмбэ, Гүжир хамба, Эрдэнэ билэгт-Тунгалаг бишрэлт цол хайрлажээ. Мөн хутагтын тамга, чойжин сахиусны тамга, түүний сүмийг захирах тамга зэргээр шагнан, “Халхын шашныг хамгаалагч” хэмээх өндөр нэр хүндийг олгосон байдаг.

Чойжин лам Лувсанхайдав нь XIX-XX зууны эхэн үеийн нөлөө бүхий томоохон лам нарын нэг байсан бөгөөд төр улсын тусгаар тогтнол, хөгжилд саад тотгор учруулагч дайсан, тэрсүүдийг хатуу тарнийн арга ухаан, шид бүтээлээр даран устгах үүрэг хариуцлагыг даасан Төрийн Чойжин юм. Тэрээр шашин номын эрдэм чадлаараа төр түмнийг тэтгэн тусалж, Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулсан түүхтэй.

Музей болсон түүх

Монгол орны түүх, соёлын үнэт өв хадгалагдан буй тус сүмийг 1938 онд Судар бичгийн хүрээлэнд шилжүүлж, улмаар БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1941 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрээр тус сүмийн “Халх” хаалгыг улсын хамгаалалтад авах тогтоол гарснаар хойч үе бидэнд хадгалагдан үлджээ.

Ийнхүү Чойжин ламын сүмийг дотоод, гадаадын зочид, төлөөлөгчдөд захиалгаар үзүүлдэг болсон юм. Хожим 1962 оноос олон нийтэд үйлчлэх, нээлттэй музей болсон түүхтэй. Эдүгээ тус музейд жилд 30000 гаруй үзэгч зочилдог бөгөөд уран барилгын үнэт үзмэрт тооцогдох таван сүм дотор Монголын түүх, шашин, урлаг, соёлын хосгүй өв болсон 6000 гаруй үзмэрийг хадгалан хамгаалж, судлан сурталчилж байна.

Сүмд хадгалагдаж байгаа ном судар, сүсэг бишрэлийн түүхэн илэрхийлэл болсон үнэлж баршгүй дурсгалуудыг 1938 онд эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зорилгоор "Шинжлэх ухааны хүрээлэн"-гийн мэдэлд шилжүүлж, улмаар 1940 онд Ямдай хаалгыг, 1960 онд сүмийг бүхэлд нь төрийн хамгаалалтад авч байжээ.


Өнөөдөр болсон "Дурсгалт барилгын сэргээн засварлалт: Тулгамдаж буй асуудлууд" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр гэрэл зургийн үзэсгэлэн, "Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгын сэргээн засварлалт" номын нээлт болж, Монголын уран зургийн галерейд зохион байгуулав.

Дээрх хэлэлцүүлгийг төр засгаас түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалтын талаар баримталж ирсэн бодлого, хэрэгжилтийг судлан шинжлэх, харьцуулах, үнэлэлт дүгнэлт өгөх, түүхэн уламжлал болон өнөөгийн байдлыг олон нийтэд танилцуулах гол зорилго, ач холбогдолтой гэж зохион байгуулагчид тодотгож, өнгөрсөн хугацаанд Чойжин ламын сүм музейн газрын давхцалын асуудалтай байгаа тухай мөн манай улсад сэргээн засварлах ажлын архитектор, дагнасан мэргэжилтэн, боловсон хүчний тоо улам цөөрч буй асуудлыг хөндөж байв. Түүнчлэн Чойжин ламын сүмийн музейн эргэн тойронд авто машины зогсоол байгуулсан, музейд хамаарах газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа зэрэг нь Чойжин ламын сүм музейд эвдрэл, гэмтэл учруулж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид анхааруулж байлаа.

Тиймээс сэргээн засварлагдсан барилга байгууламжид хамгаалалтын бүс бий болгох, уран сайхны үзэмжийг нь алдагдуулахгүйгээр засварлах зэрэг асуудлыг шийдэх санал, санаачилгыг хэлэлцүүлгээс нэгтгэж гаргахаар төлөвлөжээ.

Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongoliin nyyr zarai(148.60.92.227) 2018 оны 11 сарын 28

ene tyyhiin nandin hobor hynd yzyyleh erhem zyilsdee anhaaral yhaaralaan handyylaj Mongolchyydiin ye yeiin tyyhiig hoich yeiinhend hyrgeh bolgon gadaadiin juulchidad yzyyleh erhem gazaraan selbej dodondohod tyslaj yzeesei dee!!ard tymen iim l bodoltoi bna!

0  |  0
Mongoliin nyyr zarai(148.60.92.227) 2018 оны 11 сарын 28

ene tyyhiin nandin hobor hynd yzyyleh erhem zyilsdee anhaaral yhaaralaan handyylaj Mongolchyydiin ye yeiin tyyhiig hoich yeiinhend hyrgeh bolgon gadaadiin juulchidad yzyyleh erhem gazaraan selbej dodondohod tyslaj yzeesei dee!!ard tymen iim l bodoltoi bna!

0  |  0
Top