"Чойжин ламын сүм"-д БҮРЭН сэргээн засварлалт хийгээгүй 50 ЖИЛ болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

Чойжин ламын сүм бол монголчуудын төдийгүй дорно дахины бүтээсэн шашин, соёлын дахин давтагдашгүй хосгүй бүтээлийн нэг юм. Гаднын зочид төлөөлөгчдөд монгол орны нүүр царайг илтгэн харуулах соёлын үнэт зүйл учир сэргээн засварлахгүй бол байгаль болон нийгмийн хүчин зүйлээс хамааран устаж үгүй болох байсан биз ээ.

Сүм цогцолборыг Шинжлэх ухааны хүрээлэнгийн мэдэлд шилжүүлсэн тэр цагаас хойш буюу бидэнд мэдэгдэж байгаагаар 1940 оноос хойш тус хүрээлэн, түүний музейн асуудал хариуцсан хэлтэст ажиллаж байсан эрдэмтэн судлаачид, Улсын төв музейн дарга, Чойжин ламын сүм музейн эрхлэгч нараас удаа дараа сэргээн засварлах төлөвлөгөө илтгэх хуудас, сонин сэтгүүл мэдээлэлд бичсэн бичвэрүүд нь Монгол Улсын үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдан үлджээ.

Тодруулан өгүүлэхэд, зөвхөн Чойжин ламын сүмийг сэргээн засварлах тухай бус Эрдэнэ зуу, Амарбаясгалант хийд, Богд хааны Ногоон ордон, Жанрайсигийн дуган зэрэг сүм хийдийн барилгуудыг сэргээн засварлуулах санал төлөвлөгөөг ч боловсруулж байсан юм.

1945 оны баримтад Түүхийн ба Хаалттай музейн засварт зориулан 50000 төгрөгийг улсын төсвөөс олгож, 2 хүн ажиллаж буй хэмээснээс 1945 онд Чойжин ламын сүм музейг тодорхой хэмжээгээр засаж сэлбэсэн бололтой.

 

 

1950 оны тавдугаар сарын 8-нд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлд хандсан илтгэх хуудсанд музейг сэргээн засварлах тухай ... Хаалттай музейн сүмүүд нь гол төлөв мод ба түүхий туйпуугаар баригдсаны дээр он жил удтал засваргүй байсан учраас тэдгээрийн зарим нэгний хана туурга нь хагарч доош суусан, дээвэр нь гоождог болсон ба гадна дотно талын хээ, угалз, шавар, будаг зэрэг нь хуурч унасан байна... хэмээжээ. Нэрт эрдэмтэн О.Намнандорж “Улаанбаатарын мэдээ” сонины 1959 оны тавдугаар сарын 16-ны №53 (630)-т “... Шашны музейн хэрэм, асар, ямпай зэргийг хэтэрхий их эвдэж байна...” гэж бичиж байв.

1956 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн Музейн хэлтсийн дарга О.Намнандорж, Чойжин ламын сүм музейн эрхлэгч н.Лувсанбалдан нар тус музейг сэргээн засварлах төлөвлөгөөг барилга байгууламж тус бүрээр нь, тэдгээрт хэрэглэх материалыг нарийвчлан гаргасан байна. Энэ төлөвлөгөөнд "Гол сүм ба 3 талын жижиг сүм, мөн дөрвөн үүдний асар хаалганы бүх дээврийн шавар ваарыг засаж сэлбэх, дутсан ваарыг шинээр хийх, сүмүүдийн нуруу ба дөрвөн өнцгөөр явсан төрөл бүрийн амьтны дүрүүдийг засах, дутуу зүйлийг хийх, Махаранз сүмийн тасалгааны дотор тасалгааны туурга ба дээвэр таазыг шинээр засах, хашааны гадна талын үүдний туйпуу ямпайг засах ба эвдэрсэн угалз хээ зэргийг шинээр хийх, баруун хойд жижиг сүмийн дотор нурах гэж байгаа баримлуудыг засах, Төв сүмийн үүдний дээд талд дээвэр нь цөмөрснийг засах, мөн хойд гонхонг дээврээр ус гоождог газруудыг засах гэх мэтээр тэмдэглэжээ.

Энэхүү ажлын зураг, төлөвлөгөөг боловсруулж дууссаны дараа 1957 оны есдүгээр сард Соёлын яамны орлогч сайд н.Болод, Улсын зураг төлөвлөгөөний газрын дарга н.Дамбийням, барилгын ерөнхий инженер н.Гэсэржав, н.Мотоо, Улсын төлөвлөгөөний комиссын ажилтан н.Очир, Соёлын яамны Улс төр, соён гэгээрлийн хэлтсийн дарга н.Доржсүрэн, санхүүгийн хэлтсийн дарга н.Галбадрах, Улсын төв музейн дарга н.Ядамсүрэн, инженер Юй Мин Чен, барилгын техникч Ли Жу Цзюнь нарын оролцсон зөвлөгөөнийг хийжээ. 

 

 

Тэдний гаргасан шийдвэрүүдийг төр засаг нааштайгаар хүлээн авсан бөгөөд Чойжин ламын сүм, Богд хааны Ногоон ордныг сэргээн засварлахаар БНХАУ-аас инженер, техникийн 25 мэргэжилтэн, ажилтан ирж, тэднийг сарын 470-500 төгрөгийн цалинтайгаар ажиллуулсан байна. Эдгээр мэргэжилтнүүд монгол хүмүүсийг будагчин, сийлбэрчин гэх мэт мэргэжилд дагалдуулан сургаж, мэргэжлийн зэрэг, үнэмлэх олгосон байдаг. 

1960 оны дөрөвдүгээр сарын 11-нд  МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны хурлаас Чойжин ламын сүм, Богд хааны Ногоон ордон, Чин Ван Ханддоржийн өргөө, Гандан тэгчилэн хийд, Гэсэр сүм зэрэг түүх, соёлын дурсгалт барилга байгууламжийг улсын хамгаалалтад авах, 1961 оны тавдугаар сарын 1-нй дотор сэргээн засварлаж, үзвэрийн газар болгох тухай 106-р тоот тогтоол гаргажээ. Энэхүү тогтоол нь Монгол оронд соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй цөөн тооны түүх, соёлын дурсгалт өв бүхий музейдийг бий болгосон түүхэн шийдвэр байсан юм. 

Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтын ажлын зургийг 1959-1960 онд Барилгын зургийн институтэд инженер Юй Мин Чень, техникч Ш.Нанзаддорж, Ли Жу Жуг нар гүйцэтгэж бэлэн болгожээ. Сүм цогцолборыг 1961 оны 9,10-р сарын үед бүрэн сэргээн завсарлаж, БНХАУ-аас ирсэн инженер, ажилтнууд нутаг буцжээ. Энэхүү сэргээн засварлалтын үеэр тус музейн цахилгаан, гэрэлтүүлгийн асуудлыг ч шийдвэрлэсэн байдаг байна. Үүнээс гадна сүмүүдийн бүх будгийг шинэчлэн будаж, ганжируудыг нь үнсээр өнгөлөн буцаан тавьжээ. 

Дээрх сэргээн засварлалтаас хойш музейн барилга байгууламжид ийм цогц буюу иж бүрэн сэргээн засварлах ажил хийлгүй зөвхөн хэсэгчлэн засварласаар өнөөдрийг хүрсэн аж. 

 

 

  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top