Манж Чин улсын үед 55-аас дээш тасалгаатай сүмд хаан нэр шагнадаг байсан тул Чойжин лам Лувсанхайдав шинээр байгуулсан сүмдээ нэр шагнуулахаар айлтгахад 1906 онд Бадаргуулт төр хаан “Өршөөлийг хөгжүүлэгч” хэмээн нэрийг залсан боловч уг сүм ард олны дунд “Чойжин ламын сүм” хэмээн алдаршсан юм.
Дэлхийн хөшөө дурсгалын сангаас яаралтай засвар хийх шаардлагатай аялал жуулчлалын объект, хөшөө дурсгалыг нэрлэсэн. Ирэх жил буюу 2020 онд сэргээн засварлах шаардлагатай түүх дурсгалын газарт 22 орны 25 газарт бидний мэдэх "Чойжин ламын сүм" музей багтсаныг бид өмнө нь мэдээлсэн билээ.
Дорно дахины шашин, соёл, урлагийн хосгүй бүтээл Чойжин ламын сүм 110 жилийн түүхтэй.
Монгол төрийн сахиусны лагшин, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдав 1872 онд Төвдийн Шолао хэмээх газар түшмэл Гончигцэрэнгийн гэр бүлд мэндэлж, 1874 оны намар Халх Монголын бурхны шашны тэргүүн Жибзундамба хутагтын хувилгаанаар тодорсон ах, гэр бүлийн хамтаар Монгол оронд иржээ.
1880-аад оны үед VIII Богд Жибзундамба хутагттай Хүрээний ном гүрэм, хуврагийн хэрэгт тэргүүлэгч Хамба номун хан Балданчоймбил зөвлөлдөн, Монголын төр, шашныг хамгаалуулахаар чойжин буюу номыг тэтгэгч сахиус оршоон буулгах гүдэнба лам болгохоор шийдэж, Сэтэв сахиусны өмнөөс буудаг Төвөд ламтныг урин сахиус оршоон буулгах эрдэм ухаанд сургажээ. Лувсанхайдав тухайн үед номыг тэтгэгч сахиус буулгах билиг тэмдэг нэгэнт бүрдчихээд байв. Чингэж хэдэн жил хичээнгүйлэн суралцсанаар Найчүн, Зэмар хэмээх их сахиуснуудыг оршоон буулгадаг болсон байна.
Анхны орд өргөө Занхан сүмийг 1899-1901 онд байгуулсан боловч 1903 оны өвлийн сүүл сарын нэгэн шөнө гэнэтийн түймэр гарч бүр мөсөн шатсан гэдэг. Тухайн үеийн тэргүүн зэргийн газар шинжээч хуврагууд “Далхын дэнж” буюу одоогийн Чойжин ламын сүм музей буй газрыг сахиус оршоох зан үйлд нэн тохиромжтой хэмээн шинжсэнээр, 1904 оноос Омбо тэргүүтэй монгол, хятад 300 гаруй урчуудын ур ухаан, хүч хөдөлмөр шингэсэн үзэмж төгөлдөр сүм цогцолборыг байгуулах ажил эхэлж, 1908 оны үед бүрэн дуусгажээ.
Сүм цогцолборыг бурхан тахил, эдлэл хэрэглэлийн хамт бүтээхэд 69230 лан, 7 цэн, 8 пун мөнгө буюу өнөөгийн хэмжүүрт шилжүүлбэл ойролцоогоор 2 тонн 600 кг орчим мөнгө зарцуулсан байна.
Сүм цогцолбор анх байгуулагдах үедээ олон тооны сүм, гур тугдам, байгууламжаас бүрдэж байсан нь 1910-1930-аад оны гэрэл зургуудад хадгалагдан үлджээ. Гэвч хэлмэгдүүлэлтийн он жилүүд болон он цагийн урсгалд тэрхүү олон барилга байгууламж устаж үгүй болсон. Өдгөө зөвхөн Ямпай буюу Халх хаалга, Махаранз, Гол, Зуу, Ядам, Хотол чуулган тус Энх-Амгалан хэмээсэн таван сүм, хоёр гэр тугдам, хэрэм хашаа бүтэн үлдэж бидний үед хүрч ирсэн байна.
"Өршөөлийг хөгжүүлэгч" сүм анхандаа нэг жас буюу аж ахуйтай байсан бөгөөд 1922 онд сахиусны болон сүмийн гэсэн хоёр жастай болжээ. Гэвч 1923 онд уг жасуудыг нэгтгэсэн байна. Чойжин ламын сүм нь 1929 онд 751 бод, 11 хонь, ямаатай байжээ.
Тус сүмийн лам хуврагууд 1916 оноос Нийслэл хүрээний Буян-Ерөөлт сүмийн дэгээр дэглэсэн цамыг сүсэгтэн олонд толилуулж байлаа. Чойжин ламын сүмд гардаг байсан цам дэглэлтийн хувьд бусад сүм хийдүүдийнхээс өөр байсан нь тус сүмийн эзэн Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгтэй салшгүй холбоотой байв.
Хутагт Лувсанхайдавыг 1918 онд жанч халсаны дараа ч тус сүмийн лам хуврагууд хурал номоо тасралтгүй үргэлжлүүлж, 1930-аад оны сүүл хүргэсэн байна. 1930-аад онд төр засгаас шашин, сүм хийд, лам нарын талаар хатуу бодлого баримтлан, ард олны шүтэж бишрэх эрх чөлөөг хязгаарлаж, сүм хийдүүдийн үйл ажиллагааг хаажээ. Иймээс тус оны эцэст шашин номыг үйлийг бүр мөсөн зогсоосон олон сүм хийдийн нэг нь Чойжин ламын сүм байв.
1938 онд Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, өрлөг жанжин Х.Чойбалсан нарын тушаалаар Чойжин ламын сүмийг эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зориулалтаар Шинжлэх ухааны хүрээлэнгийн мэдэлд үнэ төлбөргүйгээр шилжүүлжээ. Улмаар тус сүм Монголчуудын бүтээсэн шашин, соёлын гайхамшигт өвийг хадгалан хамгаалах, судлан сурталчлах үүрэг бүхий музей болох эхлэл тавигдсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
ene saihan sym muzeigeen odoo hyrdan zasbarlaj delhiid gaihyylah juulchidiin nydiig bayasgah yzmer ylam ariunaar abch yabbal saihan asan daa!!!!