Ахиад л ОРОС охин, дахиад л ТУТБЕРИЗИГИЙН шавь...

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04

Ц.Энхтүвшин , “Таван цагариг”.

Уран гулгалтын 2019-2020 оны улирлын Гран-при цувралын гурав дахь гараа болох “Францын Гран-при” Гренобль хотноо өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн хошой аварга, АНУ-ын Нэтан Чен алтан медаль хүртэж, хоёр дахь цувралдаа түрүүллээ. Тэрбээр энэ оны анхны гараа болох “Скэйт Америка”-д мөн түрүүлсэн билээ.

Бүжгийн хосод Францын Г.Пападакис-Г.Сизерон, спортын хосод ОХУ-ын А.Мишина-А.Галлямов нар аваргалсан. Мэдээж хамгийн их дуулиан шуугиантай болж, олны анхаарлыг ихээр татдаг эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл энэ удаа ч сенсаацаар тасарсангүй.
 

 

Энэ жилийн Гран-пригийн эхний хоёр цуврал “Скэйт Америка” болон “Скэйт Канада”-ийн энэ төрөлд хоёуланд нь ОХУ-ын Анна Щербакова, Александра Трусова нар түрүүлсэн. Түрүүлэхдээ зүгээр ч нэг түрүүлчихээгүй. Анна нэг үзүүлбэрт дөрвөн эргэлттэй лутц үсрэлт хоёр удаа амжилттай гүйцэтгэсэн түүхэн дэх анхны эмэгтэй уран гулгагч болсон бол Александра нэг үзүүлбэрт дөрвөн эргэлттэй үсрэлт дөрвийг (гурав нь амжилттай болсон) гүйцэтгэж, техникийн оноо болон нийлбэр оноогоор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчилж, уран гулгалтын ертөнцийг шуугиулсан билээ.

Түүнээс гадна энэ хоёр орос охин хоёулаа адилхан 15 настай, хоёулаа насанд хүрэгчдийн тэмцээнд анх оролцож эхэлж буй төдийгүй хоёулаа нэг багшийн буюу ОХУ-ын алдарт дасгалжуулагч Этери Тутберизигийн шавь байсан нь дэлхийг “дэлдийлгэсэн” юм.

 


Тэгвэл Гренобльд Этеригийн дахиад нэг шавь түрүүллээ. Энэ удаа 16 настай Алёна Косторная. Насанд хүрэгчдийн тэмцээнд анх удаагаа оролцож буй Алёна чөлөөт үзүүлбэртээ 3 эргэлттэй аксель-2 эргэлттэй тулуп, 3 эргэлттэй флип-3 эргэлттэй тулуп, 3 эргэлттэй флип-ойлер- 3 эргэлттэй сальхов гээд гурван каскад, мөн 3 эргэлттэй лутц, З эргэлттэй риттбергер, 3 эргэлттэй аксель амжилттай гүйцэтгэв. Хэдийгээр Алёна 4 эргэлттэй харайлт гүйцэтгээгүй ч түүний гулгалт нь ямар ч өө сэвгүй гайхамшигтай байсныг мэргэжилтнүүд онцолсон. Тиймээс ч Косторная мөнгөн медаль хүртсэн Этеригийн өөр нэг шавь, олимп, дэлхийн аварга 17 настай Алина Загитовагаас бараг 20 оноогоор илүү үнэлгээ авсан юм.
 


Ийнхүү Этери Тутберизигийн шавь нар, орос уран гулгагч охидын ялалтын цуврал үргэлжилсээр байна.

11 дүгээр сарын 8-10-нд “Хятадын цом” БНХАУ-ын Чунцинд , 15-17нд “Ростелекомын цом” ОХУ-ын Москвад, “NHK Trophy” Японы Саппорад Гран-пригийн цувралууд явагдаад, 12 дугаар сарын 5-8-нд Италийн Турин хотноо энэ улирлын Гран-пригийн финал болох юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (139.5.219.35) 2019 оны 11 сарын 06

Агуу юмаа баяр хүргэe

5  |  0
Zochin(162.157.130.73) 2019 оны 11 сарын 04

Enkhtuvshin sain uu? Goe medeelel tavisan bna.

0  |  0
Top