ОХУ “Токио 2020”-д оролцох эсэхийг шийднэ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн чуулган мягмар гарагт /2019.11.05/ Польшийн Катовице хотод нээгдлээ. Чуулганд 1700 төлөөлөгч оролцож байгаа юм.

Чуулганы хэлэлцэх гол асуудлын нэг нь Польшийн Спорт, аялал жуулчлалын сайд  Витольд Банькаг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн тэргүүнд томилох явдал. Витольд Банька 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилдаа орно. 35 настай энэ эрхэм ойрын зайн гүйлтийн тамирчин байсан бөгөөд зодог тайлаад улс төрд орж, эрчимтэй дээшилсэн хүн. Польшид Допингийн эсрэг шинэ хууль гаргахдаа тэрбээр тамирчинд допинг өгсөн, хэрэглүүлэхээр шаардсан этгээдийг гурван жил хүртэл хорих ялаар шийтгэнэ гэж заалт оруулж байсан юм.

Чуулганаар мөн сэргээшний асуудалд оролцоод байгаа ОХУ-ын олимпын шигшээ багийн талаар хэлэлцэнэ. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмийг ОХУ-ын допингийн эсрэг агентлаг зөрчсөн эсэхийг мөрдөн шалгаж байгаа. Учир нь Москвагийн допингийн шинжилгээний лабораторид тамирчдын сэргээшний сорьцыг сольж байсан нь тогтоогдсон билээ. Одоогийн байдлаар “Токио 2020” олимпын наадамд Оросын тамирчдыг ОУОХ-ны далбаан дор оролцуулах, нээлт, хаалтын ёслолд Төрийн далбааг мандуулахгүй, шагнал гардуулах ёслолд ОХУ-ын сүлд дууг эгшиглүүлэхгүй байх санал гараад байгаа юм. Гэхдээ энэ чуулганаар ОХУ-ын асуудлаар эцсийн шийдвэр гаргахгүй, 2019 оны сүүлээр нэмэлт шалгалтын эцэст “ял” онооно.

Гурван өдөр үргэлжлэх тус чуулганаар урьд өмнөх олимпын наадмуудад сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон тамирчдын медалийг хураан авч, зохих эздэд нь олгох, олимпын наадмуудын дүнг өөрчлөх зэрэг олон асуудлыг хэлэлцэж байна.  Чуулганы эцэст баримт бичиг батлан гаргаж, үндэсний холбоодыг допингийн эсрэг агентлагийн үйл ажилд идэвхтэй хамтран ажиллахыг уриална.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top