ОХУ дөрвөн жил ОЛИМП, ДАШТ-д оролцох ЭРХГҮЙ БОЛЛОО

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр /2019.12.09/ хуралдаж, ОХУ-ын допингийн эсрэг агентлаг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэмд нийцэхгүй байна гэдэг дээр санал нэгдлээ. 

Дэлхий нийтийн анхаарлын төвд байсан Дэлхийн допингийн эсрэг агентлаг ийн Хяналтын хорооны зөвлөмжийг баталснаар ОХУ ирэх дөрвөн жилийн хугацаанд бүх төрлийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцох, зохион байгуулах өргөдөл өгөх эрхгүй болсон төдийгүй Оросын тамирчид Олимп, дэлхийн болон олон улсын тэмцээнүүдэд өөрийн улсын далбаан дор оролцох боломжгүй болж байна. 

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Гүйцэтгэх зөвлөл мөн ОХУ-ын төрийн албан хаагч, Оросын Олимпын болон Паралимпийн хороодын удирдлагуудад аливаа олон улсын арга хэмжээг очиж үзэхийг нь дөрвөн жилийн хугацаанд хоригложээ.

Оросын допингийн эсрэг агентлаг энэ шийдвэрийг эсэргүүцвэл 21 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Давж заалдсан тохиолдолд Дэлхийн допингийн эсрэг агентлаг асуудлыг Спортын арбитрын шүүхээр хэлэлцүүлэх юм. Мөн Оросын Олимп болон Паралимпын хороо, Олон улсын Олимп болон Паралимпын хороо эсэргүүцлээ илэрхийлэх эрхтэй. 

Сануулахад, энэ оны есдүгээр сард Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Гүйцэтгэх зөвлөл Москвагийн лабораторийн мэдээллийн санд өөрчлөлт орсныг илрүүлсэн хэрэгтэй холбогдуулан Оросын допингийн эсрэг агентлагийн Олон улсын хууль, дүрэм зөрчсөн эсэх тухай асуудлыг хэлэлцэх санаачилга анх гаргасан юм. Тус лабораторид 2012-2015 онд Оросын тамирчдад хийсэн шинжилгээний талаарх мэдээллүүд хадгалагдаж байдаг ба энэ асуудалтай холбоотойгоор Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Хяналтын зөвлөлөөс Гүйцэтгэх зөвлөлд мөн Оросын спортын эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ авах зөвлөмж хүргүүлсэн билээ. 


Польшийн Катовеци хотоос ШУУД дамжуулж байна: 2019.12.09, 20:30 цаг (Улаанбаатарын цагаар)

Дээрх шийдвэрийг гаргасан Олон улсын допингийн эсрэг агентлаг /WADA/ шийдвэрийнхээ талаар албан ёсны мэдээлэл хийж байна. Zindaa.mn сайт Олон улсын видео мэдээллийн Ruptly агентлагтай хамтран хэвлэлийн бага хурлыг хүргэж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top