Б.Буянхишиг: Зорилго тавиад ажиллавал монголд маш их боломж бий

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

“Зиндаа” сэтгүүлийн 2019 оны №13 дугаараас онцолж байна.


“Ган-Эрдэнэ констракшн” ХХК- ийг энэ удаагийн “Үндэсний үйлдвэрлэгч” буландаа онцолж, инженер Б.Буянхишигийг ярилцлагын хоймортоо урилаа. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ур ухаан, бие сэтгэлээ зориулж яваа олон мянган залуусын төлөөлөл болсон тэрбээр арван жил Австралид боловсрол эзэмшиж, одоо тэрхүү сурч мэдсэн зүйлээ Монголынхоо хөрсөнд буулгахаар ажиллаж байна. “Ган-Эрдэнэ” ХХК-ийн хувьд Монголын тэргүүлэгч үндэсний үйлдвэрлэгчдийн нэг “Ган хийц” ХК-ийн охин компани бөгөөд үүсгэн байгуулагдаад арав гаруй жилийн нүүрийг үзэж байна. Тус компани Монголын зах зээлд өөрийн гэсэн байр сууриа бататган барилга угсралт, вакум цонхны үйлдвэрлэл эрхэлж буй үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн нэг болжээ.


-Барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцъя. Таны хувьд гадаадад боловсрол эзэмшсэн хүн одоо сурснаа нутагтаа хэрэгжүүлэх гэж байна. Ижил төстэй болоод ялгаатай зүйл юу байна?

-Австралид байхдаа би олон барилга дээр ажиллаж байсан. Тус улсад барилгын стандарт маш хатуу мөрдөгддөг. Мэргэжлийн хяналтын газраас нь нарийн тогтоож өгсөн стандарттай. Цаг агаарын нөхцөл байдлаас эхлээд манайхаас ялгарах зүйл олон л доо. Жишээ нь Австралид барилга бариад шатыг нь хийлээ гэхэд, хамгийн дээд талдаа 9-12 алхамттай хийх ёстой гэх нарийн дүрэмтэй. Хэрэв ийм байхгүй бол хүний эрүүл мэндэ д сөргөөр нөлөөлнө гэж үздэг. Үүнээс гадна ханын өндөр, өнгийг хүртэл зааж өгдөг. Хэрэв тухайн барилгын ханыг хурц өнгөөр будах юм бол дээшээ гарах гэж ядарч яваа тэр хүн амьсгал нь давхцаж, толгой нь эргэх магадлалтай гэх мэтээр нарийн зааварласан байдаг. Нэг үгээр хэлбэл илүү амьдралтай гэх юм уу даа. Гэтэл манай барилгын салбарын өнөөгийн байдал хөгжих гээд байгаа хэрнээ хөгжиж чадахгүй хөшүүн байдалд орчихсон мэт бодол төрдөг. Тогтсон стандарт байхгүй учраас өнөөгийн барилгуудын өнгө үзэмж, насжилт санаанд хүрэхгүй байна. Хүссэн хүн нь, хүссэн газраа, хүссэн загвараараа барилга барьдаг болчихож. Үүнээсээ болоод хот төлөвлөлт гэх зүйл байхгүй боллоо. Энэ бүгд нэг талаасаа шинэ боловсон хүчин дутагдалтай байгаатай холбоотой байх. Нөгөө талаасаа үүнийг зохицуулж, төлөвлөх ёстой хүмүүс нь ажлаа хийхгүй байгааг ч илтгэж байгаа болов уу.

Австралид бүх зүйлийг нь бүс, дүүргээр нь зохицуулж өгсөн хууль хэрэгждэг. Тухайлбал, манайхаар хотын баруун захын дүүрэг болох Толгойтод та амьдардаг байлаа гэхэд хашаандаа 2 давхраас дээш барилга барих ёсгүй. Байшингийн дээвэр шар байх ёстой. Нойлын болоод зочны өрөөний метр квадрат нь тэд байх ёстой гээд нарийн зааж өгнө. Ингээд ирэхээр хотын өнгө үзэмж болоод амьдралын түвшний ялгаа зааг ч гараад ирж байгаа юм. Энэ мэт жижиг сажиг зүйлсийг бүгдийг нь сургуульд заадаг.

-Сургуульд заадаг гэснээс манай боловсролын системд нэлээд хоцрогдол байх шиг. Жилд дунджаар 100-200 барилгын мэргэжилтэн төгсдөг ч ажлын байранд тэнцэж байгаа нь тун цөөн гэж ажил олгогчид ярьж байгааг олонтоо сонссон?

-Боловсролын системийг энд сурч байгаагүй учраас шүүмжилж мэдэхгүй байна. Яахав ажлын талбар дээр гологдохоор хүмүүстэй цөөнгүй таарч байснаа нуух юун. Ер нь манайхны ажлын талбар дээр гаргадаг нэг алдаа нь шантрамтгай,хүнээс үг сонсож чаддаггүй, магтаал зохидоггүй шүүмжлэлд дургүй зан чанарууд... Мөн цаг баримталдаггүй. Гэтэл энэ гурван түлхүүр чинь амьдралд байхгүй бол юм хийхэд хэцүү шүү дээ. Залуус маань нэг ТҮЦ бариад, тэндээ л босс нь байж байвал болоо гэсэн сэтгэлгээтэй болчихож. Энэ сэтгэлгээг нь өөрчлөхөд их хэцүү. Зааж өгөөд хэлээд байхаар шүүмжилж байна гэж хүлээж авдаг. Гэтэл сургуульд хүн юм сурахын зэрэгцээ хүмүүстэй зөв боловсон харьцахад суралцаж идэвхтэй, харилцааны соёлтой болон төлөвшдөг шүү дээ. Үүнийг би Австралид сурч байхдаа сайтар ойлгосон.

-Тантай хамтран зүтгэгчдийн хувьд ”хийж сурсан ажил бүхэн эрдэм” гэдгийг хэр сайн ойлгосон харагддаг вэ?

-Ажиглаад байхад ажилдаа чин сэтгэлээсээ хандаж байгаа хүмүүс ховор талдаа. Гэхдээ монголчуудаа буруутгахад бас хэцүү. Авч байгаа цалин, орчин нөхцөл гэх мэт нөлөөлдөг л байх. Бидний хувьд ажилчдынхаа бүхий л асуудалд давуу тал гаргаж өгөхийг хичээдэг. Чаддаг зүйлсээ зааж, чаддаггүйгээ суралцаад дархлаа сууж л явна даа. Хүн гэдэг чинь ерөөсөө сэтгэлийн л амьтан болохоор хамт ажиллагсадтайгаа ямар нэгэн зүйлд баригдалгүй хүн ёсоор хамтарч ажиллах сан гэж боддог.

-Монголчууд Солонгост очихоороо бүр ажлын төлөө төрчихсөн юм шиг шаргуу ажилладаг. Мөнгө сайн олж байгаа болохоор л тэр юм болов уу?

-Мөнгө гэхээсээ илүү амьдралынхаа зорилгыг тавьж түүнийхээ төлөө зүрх сэтгэлээ зориулах, шантралгүй зүтгэх ухаанд суралцаж байгаа юм болов уу гэж хардаг.. Уг нь Монголдоо тэр зорилгоо тавиад ажиллавал боломж байгаа шүү дээ.

МАНАЙХ ЖИЛ БҮР ДҮҮРГИЙНХЭЭ “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРДАГ

-Барилга угсралт гэхээр мэддэг юм шиг сонсогдох ч нарийн чиглэлийг тэр бүр мэддэггүй. Үйл ажиллагааныхаа талаар товч өгүүлбэл... ?

-Сэндвичин барилга угсралт бол нэг талаараа хотын өнгө үзэмжийг нэмэхэд чухал үүрэгтэй. Манайхны хувьд томоохон агуулах, засварын газар гэх мэт зүйлсээ сэндвичээр барьж байна. Сэндвичин барилга угсралтад чанар маш чухал. Тухайлбал, манайх шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд сэндвичин барилга маш хурдан өнгөө алдаж гандах, гадна тал нь хуурч унах гэх мэт асуудал гардаг. Тиймээс энэхүү орчин нөхцөлдөө тааруулсан өөр стандартын сэндвичин хавтанг оруулж ирж, үйлдвэрлэлдээ ашиглахыг бид эрмэлздэг. Үүнээс гадна дотроо шилэн хөвөнтэй, шатдаггүй гэдгээрээ онцлогтой бөгөөд дээд, доод тал нь уретан хэмээх хөөсөөр хийгддэг учраас ус чийг нэвтрүүлэхгүй, наалт нь тавигдана гэж айлтгүй байдгаараа давуу талтай. Мөн гадна тал нь удаан жилийн тогтоцтой, дөрвөн давхар чанартай лекон түрхлэгтэй, 20-30 жилийн насжилттай. Тиймээс насжилт болоод эдэлгээ сайн даадаг гэх утгаар нь үйлчлүүлэгчид маань хамтран ажиллах дуртай байдаг.

-Сэндвичин барилга илүү хямд төсвөөр баригддаг гэж ойлгож болох уу?

-Ашиглаж байгаа материалаасаа шалтгаалаад үнийн хувьд зөрүү гарна уу гэхээс биш, илүү хямд тусна гэж байхгүй л дээ. Хамгийн гол нь сэндвичин барилгын нэг давуу тал нь хүссэнээрээ зөөж, нүүлгэх боломжтой гэдэгт оршдог. Тэр үүднээсээ үл хөдлөх хөрөнгөд ордоггүй. Мөн хурдан барьж буулгах боломжтой.

-Сүүлийн жилүүдэд энэ салбарын хөгжил хурдацтай явагдаж байна. Дэлхий дахинд сэндвичээр хийхгүй зүйл гэж байхгүй болж байна шүү дээ?

-Тийм ээ. Хамгийн ойрын жишээ гэвэл, Солонгос гэхэд л бүх байшингаа сэндвичээр барьж байна. Гаднаас нь харахад зүгээр дүнзэн байшин шиг харагдаж байгаа ч, сэндвич гол түүхий эд нь байх жишээтэй. Гадаадад сурч боловсроод ирсэн хугацаанд Монголд маань сэндвичин барилгууд харьцангуй нэмэгдсэн байна. Дан ганц сэндвичээр барьдаг байсан бол одоо шилэн болоод чулуун хөвөнгүүдээр дулаалдаг болж. Мөн өнгө загварын хувьд ч илүү дэвшил гарсныг харахад хөгжихгүй байна гэж хэлж боломгүй.

Бидэнтэй хамтран ажилладаг БНСУ-ын үйлдвэрлэл эрхлэгчид хүртэл сэндвичин барилгын хөгжил үнэхээр үсрэнгүй хөгжиж байна, бид өөрсдөө хүртэл гүйцэхгүй байна гэж ярьдаг.

-Монголд сэндвичээр ихэвчлэн томоохон агуулахууд болоод манаачийн байр, цагдаагийн пост, ТҮЦ-үүдийг барьсан харагддаг. Харин хувийн хаус барих гэхээр насжилт ямархуу бол гээд сэндвичийг тэр бүр сонгохгүй байх шиг?

-Энэ бол сэтгэлгээний асуудал. Монголчууд нэг юм хийхээрээ насны юм хийлээ гэдэг шүү дээ. Гэтэл тэр нь насны юм болсон ч цаг хугацаатайгаа нийцэх тал дээрээ асуудалтай байдаг. Маш их хөрөнгөөр төмөр карказ цутгаад, тоосгодоод хэзээ ч нурахгүй бат бөх байшин барьчихлаа гэж боддог ч тэр нь он цаг хуучрахын хэрээр мөн л өнгө хийц, загвар нь хуучирч байдаг. Магадгүй тэр барилгыг хүүхэд, хүүхдийн хүүхэд, ач зээ нар нь хүлээж авлаа гэхэд тэрийг яг тэр байгаагаар нь авч явах уу. Залуу үеийнхэн чинь нийгмээ дагаж хөгждөг. Ядахнаа л тэр байшингаа томруулахыг хүснэ, хэв загварыг нь өөрчлөхийг хүснэ. Гэтэл сэндвичээр барьчих юм бол хэзээ ч зөөж зөөвөрлөөд, хэлбэр хийцийг нь өөрчилж болох давуу талтай. Ер нь сэндвичин барилгад насжилт гэж зааж өгөхгүй л дээ. Аливаа зүйлийг өөд нь татахгүй, тордохгүй бол эдэлгээ нь хурдан л дуусна.

-Сэндвичийг монгол гэртэй зүйрлэж болохоор юм аа. Ер нь санааг нь монголчуудаас авчихсан юм биш үү?

-Магадгүй шүү. /инээв/

-Сэндвичийг хүссэн загвар хийцээр нь хийж бэлдээд, барихыг хүссэн газарт нь авч очоод угсраад өгнө гэхээр эвлүүлдэг тоглооморхуу л санаанд буугаад байх юм?

-Эхлээд нарийн тооцооллууд хийгдэнэ л дээ. Хамгийн түрүүнд сууриа хийнэ. Анкаруудаа гаргаж өгөөд түүн дээрээ даацынхаа багануудыг бэхэлж өгнө. Тэгээд хэрэглэгдэх төмөр хийцүүдээ хооронд нь боолтоор бэхэлж бооно. Төмөр хийц гэдэг маань газар хөдлөлтийн тодорхой баллд тэсвэртэй, байнга ганхаж хөдөлж байх уян хатан байдлаар хийгддэг. Уян хатан байна гэдэг маань блокон барилгыг бодвол илүү чанартай, бат бөх байна гэсэн үг. Жишээ дурдахад, гадаадын 100 гаруй давхар барилгууд дандаа төмөр хийцээр хийгдсэн байдаг. Австралид гэхэд “World square” гээд 60 гаруй давхар барилгад ороод байж байхад найгаж байх жишээний. Японы бүх барилгууд төмөр хийцээр хийгээд гадуур нь шилэн фасад барьсан байдаг. Монголд сүүлийн үед иймэрхүү барилгууд нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Хотын өнгө үзэмжид иймэрхүү барилгууд чимэг болно. Ядахнаа л шилийг нь угаах хүмүүсийг ажилд авахаас эхлээд ажлын байр ч нэмэгдэнэ шүү дээ.

-Өндөр барилгуудыг сэндвичээр барьж байгаа гэснээс, ер нь хамгийн өндөртөө хэдэн давхар байвал зохимжтой байдаг юм бэ?

-Тооцоогоо зөв гаргаж, эрсдэлээ зөв тооцвол хэдэн ч давхар байх боломжтой. Хамгийн гол нь төмөр хийцийнхээ тооцооллыг л сайн гаргах хэрэгтэй. Сэндвичин барилга хоёр төрөл байдаг. Нэг нь хөндлөнгөөрөө дээр дээрээсээ бэхлэгддэг бол, нөгөөх нь босоогоороо хажуу хажуунаасаа бэхлэгддэг. Хятад сэндвичүүд ихэнхдээ босоо байдаг бол, солонгос сэндвичүүд дээр дээрээсээ ордог.

-Өнгөрөгч оны сүүлч ЖДҮ- чдийн асуудлаар дүүрэн байлаа. Үндэсний үйлдвэрлэгчээс энэ талаарх байр суурийг нь асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Манай хувьд барилга угсралт, вакум цонхны үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Байгуулагдсан цагаасаа хойш жил бүр Сонгинохайрхан дүүргийнхээ “Шилдэг татвар төлөгч” байгууллагаар шалгардаг атлаа улсаас ямар ч зээл тусламж авч үзээгүй. Уг нь бидэнд тоног төхөөрөмжөө шинэчлэх, байр саваа томруулах, ажилчдаа орон сууцаар хангах гэх мэт тулгамдсан асуудал байгаа. Тэр бүгдийгээ яриад зээл авъя гэхээр хүзүүгээр татсан өндөр хүүтэй байдаг. ЖДҮ- ээ дэмжих зээлд хамрагдах гэхээр УИХ-ын гишүүд, сайд дарга нарын ар гэрийнхэн л авчих юм байна шүү дээ.

-Шинэ оны эхэнд ярилцаж байгаа тул өнгөрөгч онд ямар томоохон бүтээн байгуулалтыг хийсэн талаараа яриад ярилцлагаа өндөрлүүлье?

-Нэлээд хэдэн томоохон бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн. Жишээ болгож хэлбэл, Баянхошуунд баригдсан “Ньюгор” ХХК-ны Вояж цэвэр усны үйлдвэрийн барилга, “Авто ойл” ХХК-ний “Lux oil” авто засварын барилгыг барьж ашиглалтад өглөө. Энэ мэтээр дурдаад байвал олон ажил бий. Ер нь энэ бүгдийг хийж гүйцэтгэхийн тулд гар нийлсэн хамт олон байж ажил урагшилна. Тиймээс ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, уртасгасан цагаар ажиллаж байсан компанийн ажилчид, тэдний ар гэрийнхэнд нь талархлаа илэрхийлмээр байна

Ярилцсан О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
суут ухаантны үг(122.201.24.163) 2019 оны 11 сарын 12

боломжгүй яум гэж үгүй

0  |  0
youtube-ээс аз жарга(122.201.24.163) 2019 оны 11 сарын 12

пин гээд босгодог барилга бий болно гэж би боддог ертөнцийг хүртэл пин гээд бий болгох боломжтой боломжгүй яум гэж үгүй шашин яумыг дотроос нь судаодаг шинжлэх ухаан яумыг гаднаас нь судалдаг аз жаргалыг дотроос нь хайх нь зөв барилгын хундаамын нь буруу цутгаад аз жаргалйг хайх нь арага нь буруу

0  |  0
Top