"Зиндаа" сэтгүүлийн №14/514 дугаарын "Үндэсний үйлдвэрлэгч” булангийн энэ удаагийн зочноор “Мандухайн гоёл” ХХК-ийн захирал Н.Эрхэмжаргалыг урилаа. Ажлын болон оффис хувцасны захиалга, үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг “Мандухайн гоёл” компани 2006 онд үүд хаалгаа нээж, 2014 онд компани болон өргөжжээ. Анхлан хувь хүмүүсийн захиалгын дагуу үндэсний болон европ хувцас хийж байсан ч яваандаа байгууллагуудад зориулан ажлын хувцас дагнан үйлдвэрлэдэг болсон байна. Н.Эрхэмжаргал захиралтай ярилцахаар очиход захиалга хүлээн авах, бэлэн болсон хувцсыг хүлээлгэн өгөх, даавуу, материал сонгохоор очсон хүмүүст үйлчлэх зэргээр ажил ихтэй байсан юм. Захирлын утас байсхийгээд жингэнэж, цаад талын өрөөнөөс үйлчин бүсгүйчүүдийн оёдлын машины дуу тасралтгүй сонсогдох нь ямархан их ажил ундарч байгааг гэрчилнэ. Улсын их дэлгүүр, Улаанбаатар их дэлгүүр, Номин сүлжээ дэлгүүр зэрэг их хөлийн газруудын үйлчилгээний ажилтнуудын өмсөж жигдэрсэн хувцсыг анзаарч нэг хараарай. Тэр бүхэн “Мандухайн гоёл” компанийн уран үйлчдийн бүтээл юм. Ажлын хувцас хийх нь нэг талаар амар мэт санагдаж болох. Гэвч үгүй. Байгууллагаас ажлын хувцасны захиалга ирлээ гэхэд зүгээр бөөндөөд хийхгүй, хүн бүрийн хэмжээ дамжааг нарийн авч тус бүрт нь тааруулан оёно. Ижил өмсгөлтэй хүмүүс ч бэлхүүс, цээжний тойрог, чац, нурууны өндөр нам гээд тус бүрийн онцлогтой тул тэр бүрт тааруулан тун нарийн чамбай урладаг “Мандухайн гоёл” компани ийнхүү олны хөлд байнга дарагдаж байдаг ажээ. Үүний зэрэгцээ цагаан сар, баяр наадмын үеэр үйлчлүүлж дассан хувь захиалагчдынхаа гоёлын дээл, хувцсыг ч урладаг агаад жижигхэн хоёр өрөө энэхүү урланд үйл мэтгэхээс гадна загвар зохион бүтээх, бараа материал судлах, брэнд, трэндийн судалгаа хийх, боловсон хүчнээ бэлтгэдэг шавь сургалт явуулах гээд ил харагдахгүй олон нарийн үйл ажиллагаа өрнөдгийг анзаарч болохоор байлаа.
-Оёдолчноос “Мандухайн гоёл” компанийн захирал хүртэл та ямар зам туулж ирснээс яриагаа эхлэх үү?
-Би уг нь цэцэрлэгийн багш хүн. Хоёр ахтай, айлын том охин. Дороо нэг эрэгтэй, таван эмэгтэй дүүтэй. Манай Төв аймгийн Алтанбулаг сум тууварчид дайран өнгөрдөг, тун баян дэлгүүртэй газар байлаа. Есдүгээр ангид байхаасаа л дэлгүүрээс эрээн даавуу авч дүү нартаа хувцас оёдог, хүнд юм хийж өгч болдог юм байна гэсэн сэтгэл тэр үеэс төрж эхэлсэн. Ээж маань хуучин пальто задлуулж эсгүүрийг нь үзүүлдэг байсан нь хожим европ хувцас урлахад их хэрэг болсон. Миний хувцас оёх чиглэл ингэж 16 настай сурагч охин байхаас эхэлсэн юм. Миний хувьд тоо, шугам зургийн хичээлд сайн байсан учир барилгын инженер болох мөрөөдөлтэй байсан ч сургууль төгсөх үед тэр хуваарь ирсэнгүй. Өөр мэргэжлээр конкурс өгсөн ч оноо дутлаа. Тэгээд Төв аймгийн Алтанбулаг суманд 10 дугаар анги төгсөөд цэцэрлэгийн багшийн курс дүүргэж Нөхөрлөл Сангийн аж ахуйн цэцэрлэгт дөрвөн жил багшилсан. Дараа нь айлын гэргий болж Улаанбаатарт ирж, зах зээлийн нийгэм ч эхэллээ. Ажил олддоггүй байсан үе. Нөхрийн маань гэрт оёдлын гар машин байсан юм. Дүү нараа хувцасладаг байсны хэрэг гарч, пиджак, костюм оёж зах дээр зардаг боллоо. Хятадын хөрөнгө оруулалттай нэлээд том оёдлын үйлдвэр 1999 онд нээгдэхэд нь орж, 2006 онд хаагдахад нь гарсан. Тэнд хувцсыг ном журмаар нь оёж сурлаа. Өмд үйлдвэрлэдэг газар байсан юм. Хотын аварга оёдолчин, үйлдвэрийн хэд хэдэн удаагийнаварга болж явлаа. Сүүлийн дөрвөн жилд нь шугамын тооцоо хийсэн. Утас, материалаас эхлээд эсгүүрээс эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэлх бүх шат дамжлагын ажлыг хуваарилна гэсэн үг. Тэр бүхэн надад маш их туршлага болсон.
Үйлдвэр хаагдахад нэг оёдлын машинтай болж, дүүтэйгээ хамт сурснаараа өмд оёж эхэлж билээ. Энэ компанийн маань үндэс суурь гэсэн үг л дээ. Тэгээд л шат дараалан өргөжсөн дөө.
-Ажлын хувцасны чиглэлээр дагнах санаа анх яаж орж ирэв?
-Эхний үед хэн юу захиална, түүнийг л оёно шүү дээ. Нийгэм солигдож байх тэр үед хувцас хунар, бараа ховор. Миний нэг дүү Улсын их дэлгүүрт худалдагч хийдэг байсан юм. Бүсгүй хүн болгон л гоёж гангалах дуртай хойно. Надаар сонин содон хувцас хийлгэж өмсөөд ажил дээрээ очиход нь “Хаана, хэнээр хийлгэв” гэж хамт ажилладаг бүсгүйчүүд нь шалгааж сониучирхдаг байж л дээ. Дүү маань эгчээрээ хийлгэдгээ хэлж, нөгөөдүүл нь хувцас захиалдаг болсон. Сүүлд Улсын их дэлгүүрийн худалдагчид дүрэмт хувцсаар ижилсэхээр боллоо. Хувцас оёулж танил болсон бүсгүйчүүд маань надаар хийлгэж, нэг л мэдэхэд дараа дараагийнх нь тэднээрээ дамжуулан захиалдаг болж билээ. Ингэж оффис хувцас оёх эхлэл маань тавигдсан гэж боддог. Түүний араас “Улаанбаатар” их дэлгүүр, хорооллын “Номин” их дэлгүүр, “Гурван гал”, “Макс молл” их дэлгүүр гээд залгасан. Том дэлгүүрүүд бол нэг удаадаа 80-250 орчим хувцасны захиалга орж ирнэ. Нэг нэгээсээ дамжуулж танилцсаар ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дүрэмт хувцас хийдэг болсон. Багш нар бага, дунд ангиараа, секцээрээ ижил хувцас хийлгэдэг. Цэцэрлэгийн багш нарын хувцас хийнэ. Танил болсон эцэг эхчүүд сайн материалаар хүүхэддээ дүрэмт хувцас оёулна. Бас арай махлаг ч юм уу, өндөр гэх зэрэг биеийн онцлогтой, улсаас эрх авсан үйлдвэрийн дүрэмт хувцас таардаггүй хүүхдүүдэд хувцас оёно. Ингээд л зах зээл өргөжсөн.
-Аливаа зүйлийн нэр утга, бэлгэдэлтэй байдаг. “Мандухайн гоёл” гэдэг нэр бас учиртай биз?
-Тэр учиртай. Анх бид дан эмэгтэй хүний хувцас урлаж энэ ажлаа эхэлсэн. Мандухай бол Монголын төрийн их хатан. Бүсгүй хүн бүрийг хатантай зүйрлэж хувцсаа зориулах сэтгэлээс маань үүдэлтэй. Надтай хамт олон жил үйл мэтгэж байгаа Г.Амбасэлмаа эгчийн маань өгсөн нэр. Сүүлд эрэгтэй, эмэгтэй аль аль хувцсыг хийдэг болсон ч нэр хэвээр үлдсэн. Захиалагч бүрээ дээдэлж байгаа бидний сэтгэлийн илрэл юм даа. Зүгээр л нэг юм оёод хэдэн төгрөг олоод байя гэх биш, хувцас бүхэнд сэтгэлээ шингээх ёстой юм. Энэ бол манай хамт олны зарчим. Хийж байгаа ажил маань биднийг дандаа хөтөлж, урагшлуулж байдаг. Хүмүүс зорьж ирээд, сэтгэл гаргаад, бидэнд итгээд захиалгаа өгөөд явна гэдэг бас маш том шагнал, том үнэлгээ юм шүү. Захиалагч хангалттай олон боллоо. Дам дамаа нэгнээсээ олж мэдээд сүлжээ маягаар захиалагч нэмэгдсээр байдаг. Тэр тусмаа урамшаад маш сайн чанартай хийхийг хичээдэг. Үйлчлүүлэгчид “Маш их баярлалаа, бүсгүйчүүд ээ” гээд гараад явахад манай оёдолчид улам урам орж, тэр хэрээр ажлын бүтээмж ч нэмэгддэг.
-Ажлын хувцас оёход наад зах нь эдэлгээ даадаг, бат бөх байхаас эхлээд даавуу, материалын сонголт их чухал байж таарна. Ямар төрлийн даавуугаар хийх ёстой байдаг бол?
-Тэгэлгүй яах вэ. Материал их хайна. Ажлын хувцас, оффис хувцас материал их голдог. Зүгээр захын даавуу шүүрч аваад хийж болдоггүй. Хийж болохоор материал энд тэндээс авчихлаа гэж бодъё. Гэвч нэг байгууллага бөөнөөрөө хувцас захиаллаа гэхэд эрэгтэй, эмэгтэй хосоороо хийлгэе гэдэг. Эрэгтэй хүний хувцасны материал нэг өөр, эмэгтэй хүнийх ондоо. Дээр нь ажлын хувцасны материал бөөгнөж, бөөсөрдөггүй, цахилгаанждаггүй, хөлөргөдөггүй, үрчийдэггүй, шороо татдаггүй, хөдөлгөөнд саадгүй байх ёстой. Гэтэл даавууны чанар өөрөө эсрэг тэсрэг үзүүлэлттэй байдаг. Биед сайхан суудаг, үрчийдэггүй, хөдөлгөөнд саадгүй суналттай даавуу байлаа гэхэд чийг татаж хөлөргөдөг. Тодорхой хэмжээний нийлэг орцтой байж даавуу суналттай болдог учраас тэр. Хөлөргөдөггүй цэвэр сайхан даавуугаар хийе гэтэл тийм материал бөөсөрч бөөгнөрнө, шороо татна. Ямар даавуу зохицох вэ гэхээр бага зэрэг нейлон орсон, даавуулаг талдаа материал манай бүтээгдэхүүнд нийцдэг гэсэн үг.
Даавуу аргалж юм хийнэ гэдэг чанга. Зарим даавуу эд болгоход амар, зарим даавуу ханарна, үрчийнэ, агшина. Аргыг нь олох гэж зүдэрнэ. Голдуу солонгос даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Өөрийн тогтсон, найдвартай газраас даавуугаа авдаг. “Коттон текстайл”- ын “Уянга” дэлгүүр манай гол түнш. Зах дээр ч тогтсон лангуу бий.
-Даавуу болгон өөрийн араншинтай юм аа?
-Даавуу болгон араншинтай. Агшдаг даавуугаар юм хийхэд амаргүй. Хэмжээ хэчнээн аваад оёлоо ч хүндээ өмсгөхөөр биш болчихдог. Агшина гэдэг эд хийхэд нэхээс нь сулраад байна гэсэн үг. Нэхээс суларна гэдэг бөөсөрнө гэсэн үг. Пиджак оёлоо гэхэд даавууны шинж чанараасаа шалтгаалаад наах цавгаа тааруулж сонгоно. Эрэгтэй хүний пиджак илүү нарийн үйлдэлтэй. Цаваг тааруу бол хувцас болохгүй.
-Ардын дуунд гардгаар “Цагаан торгон цамцанд нь Цаваг наалгүй шалчийгаад байна аа” гэдэг санагдчихлаа?
-Монголчууд их уртай, юм хийж, оёж мэддэг хүмүүс чинь тийм дуу зохиож, тийм үг гаргаж байгаа юм шүү дээ. Цавгийг нь тааруулж наагаагүй цамц ямар харагдахыг хүртэл дуундаа суулгачихаж байгаа юм. Монгол хүний ухаан нарийн шүү.
-Сая орон нутгаас захиалга ирэх шиг боллоо. Хөдөө их явдаг бололтой. Бараг үндэсний хэмжээнд ажилладаг гэж хэлж болох нь ээ?
-Хөдөө орон нутагт сургууль, цэцэрлэг, төрийн албан хаагчдын оффис хувцасны захиалга авч их явна аа. Хэнтий, Булган, Архангай гээд ойрын аймгуудад очиж газар дээр нь хэмжээ авч ажилладаг. Нэг явахдаа хэмжээ авч, дахин очиж хүндээ таарсан эсэхийг үзсэний дараа оёдог. Нэг байгууллагын захиалга гүйцэтгэхдээ хоёр удаа явдаг гэсэн үг. Холын аймагтай бол интернэтээр холбогдож захиалгаа авна. Онлайнаар захиалга авахад хэмжээгээ цаад газар маш сайн авч ирүүлэх хэрэгтэй болдог. Захиалга гүйцэтгэхдээ зүгээр размерлаад оёод явуулах биш, хүн нэг бүрийн биеийн онцлог өөр тул аль болох тухайн хүндээ яг тааруулж хийх сонирхолтой. Буруу татуу хийчихвэл дараа дахиад яаж хувцас хийнэ гэж захиалга авах вэ дээ.
-Монголд хөнгөн үйлдвэрийн салбар дотроо оёдлын үйлдвэрлэл ямар байр суурь эзэлдэг бол. Тэд хөрөнгийн эх үүсвэрээ хаанаас олдог вэ?
-Оёдлын үйлдвэрлэл багагүй байр суурийг эзэлдэг гэж боддог. Олон сайн үйлдвэр бий. Хөрөнгөө ихэнхдээ өөрсдөө л бор зүрхээрээ зүтгэж, босгоно шүү дээ. Бид бол гарааны хөрөнгөө бор зүрхээрээ л босгосон. Захиалж байгаа газраасаа аль болохоор урьдчилгаагаа авахыг бодно. Тэгж байж хөдлөхгүй бол хэцүү. Материалаа авна, ажилчдынхаа цалин, урамшууллыг тавина, тэднийхээ нийгмийн даатгалыг төлнө, татвараа төлнө. Ажилчдынхаа эрүүл мэндийг бодож аль болохоор подвалд биш, гэрэл гэгээтэй аятайхан байранд ажиллахыг бодно. Түүндээ түрээс төлнө. Хэдэн төгрөгтэй болохоороо машин нэмж авахыг бодно. Ажлын байраа нэмэх хэрэгтэй болно. Ажил багатай бол сөхрөх үе ч гарна. Гэхдээ л үндэсний үйлдвэрлэл хөгжсөөр байгаа.
-Монголд үйлдвэрлэж байгаа оёмол бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй гаргах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэлээд санаа тавьж байгаа. Сар шинийн үеэр АНУ-д энэ талаар өндөр түвшинд яригдаж, Конгресст оруулахаар болсон. Гол нь манай оёдолчид нэг удирдлагатай болох хэрэгтэй юм байна. Хэрэв тэр шийдэгдвэл гадаад зах зээлд гарах боломж нэмэгдэх болов уу?
-Энэ тухай сонссон. Хэрэгжвэл бидэнд үнэхээр боломж нээгдэнэ. Хятад, Вьетнамд брэнд хувцас оёж АНУ-д гаргадаг шиг Монголд хийгээд тийш нь гаргаж яагаад болохгүй гэж. Боломж нөхцөл нь байвал Монголын оёдолчид бусдаас огт дутахгүй ажиллаж чадна шүү дээ.
Манай компани Сонгинохайрхан дүүргийн Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэгчдийн холбоонд гишүүнчлэлтэй болж, холбооны дарга н.Янжмаатай уулзаж энэ талаар ярилцсан. Оёдлын компаниуд тус тусдаа амиа борлуулах биш, чиглэл чиглэлээрээ нэгдээд, нэг нэгдэл, нэг удирдлагатай болж хүчээ нэгтгээд төр, засагтаа хандъя. Дуу хоолойгоо нэгтгээд төр, засагт хүргэвэл тэд цааш нь дамжуулах биз ээ гэж ярьцгааж байгаа.
Алсаараа нэгдээд ирвэл технологи нь хүртэл нэгдэнэ. Одоо бол технологи янз янз байгаа. Үндэсний үйлдвэрлэлийнхээ алс хэтийг бодвол хүчээ нэгтгэх л хэрэгтэй л дээ.
-Засгийн газраас “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих жил” зарлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс “Эх оронч хэрэглээ, эх оронч худалдан авалтыг дэмжих” санаачилга дэвшүүлж байгаа. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжье гэсэн санаа л даа. Энэ хөрсөн дээрээ мэдрэгдэж байна уу?
-Үндэсний үйлдвэрлэл өргөжвөл улс орондоо их хувь нэмэр оруулна гэсэн үг. Ажлын байр нэмэгдэнэ. Гадагш урсдаг мөнгө дотооддоо шингэнэ. Гадаадаас оруулж ирдэг импортын үнэтэй бүтээгдэхүүний оронд арай хямд төсөр, яг монгол хүнийхээ биед таарч тохирсон хувцас хэрэглэлээр хангачихна. Давуу тал нь газар дээр нь өнгө, загвараа өөрсдөө сонгоно. Биедээ тааруулна. Монгол хүний бие их онцлогтой. Европ тал руугаа. Энэ онцлогийг үндэсний үйлдвэрлэл харгалзаж бүтээгдэхүүнээ гаргадаг. Энэ талаасаа эх оронч хэрэглээ өсч байгаа нь ажиглагддаг. Нэг үеэ бодоход монголчууд дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэх нь нэмэгдсэн. Сайхан бүтээгдэхүүн ч их гардаг болсон. Дотоодын үйлдвэрлэл чанараа сайжруулаад, хэрэглэгчид нь худалдаж аваад, төр, засаг нь дээрээ бодлогоо тодорхой хэрэгжүүлээд ирвэл улс орон хөгжинө. Иргэдийн амьдрал сайжирна. Өөрсдөө үйлдвэрлэгч болж байгаа учраас гаднаас оруулж ирдэг бүтээгдэхүүн багасна. Энэ бол миний дотор байнга бодогдож байдаг зүйл. Монголчууд хичээвэл хийж чадахгүй зүйл бараг байхгүй. Дотуур хувцас их сайхан хийдэг газар байна. Ноос, ноолууран бүтээгдэхүүн дэлхийд гарчихлаа. Энэ бүхнийг төрийн бодлогоор зохицуулаад явчих хэрэгтэй юм. Гол нь хийх ажлыг л ихэсгэж өгөөсэй. ЖДҮ гэж яригдаад байгаа. Энэ зээл яг хэрэгцээтэй бидэнд ирээсэй. Энэ зээл эзэндээ ирээд үйлдвэрүүд өргөжвөл улс оронд л хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрлэлд зориулсан зээлийн жинхэнэ утга нь энэ юм. Би энэ зээлийг авч үзээгүй. Одоо л хөөцөлдөж үзье гэж бодож байгаа. Авчихвал илүү л олон хүнийг ажилтай болгоно шүү дээ. Ажилтай болгохоос гадна эднийгээ сургаж авах гэж асар их хөдөлмөр зарцуулдаг юм шүү дээ.
-Сургаж авдаг гэснээс танай үйлчид бүгд мэргэжлийн хүмүүс үү?
-Манайхан бүгдээрээ оёдлын чиглэлийн хүмүүс. Таван оёдолчин, хоёр эсгүүрчин, нэг менежертэй. Үндсэн дизайнаа би өөрөө гаргадаг. Одоо мэргэжлийн загвар зохион бүтээгчтэй болох гээд Урлах Эрдмийн дээд сургуульд хүүхэд сургаж байна. Оёдлын курс, дамжаа төгссөн ч дадлага тааруу байдаг учраас яг амьдрал дээр гарч өдөр тутам энэ ажлаа хийж байж гаршиж, дадлагажиж туршлага сууж байдаг. Цагаа тулахаар оёдолчин олддоггүй юм. Өнгөрсөн жил манайх нэг оёдолчин авах гэж маш их хайсан. Ер нь бол бид дотроо хүнээ сургаж авдаг.
-Хувцас хийхээс гадна ажиллах хүчнээ дотроо бэлтгэж авна гэдэг бас нэг төрлийн бүтээгдэхүүн мөн үү?
-Тийм ээ. Дотроо боловсон хүчнээ давхар бэлтгэж байна гэдэг бас л миний бүтээгдэхүүн гэж хэлж болно. Үүнд миний сэтгэл, хөдөлмөр хамгийн их шингэдэг. Шинэ хүн ирэхээр нэг нь нэгэндээ шавь орчихно. Дагуулж сургана. Сайн оёдолчин бэлтгэхэд дор хаяж нэг жил хэрэгтэй. Тэгээд үзэхээр манай компани бас нэг жижигхэн боловсролын төв болчихож байгаа юм. Юм сурах гэсэн хүмүүс танайх оёдлын сургалт явуулахгүй юм уу гэж их асуудаг. Гэхдээ одоохондоо ажилдаа дарагдаад амжихгүй байгаа. Ямар ч гэсэн өөрийн боловсон хүчнээ бэлтгээд явж байна. Энэ ажилчид, ажил, амьдрал, хамт олон маань миний хамгийн том шагнал юм шүү дээ.
-Хувцасны загвар байнга хөгжиж байдаг. Жил битгий хэл улирал, сараар өөрчлөгдөж, өнгө, загварын трэндүүд гарч ирдэг. Үүнийг бас судална биз?
-Судална аа. Интернэт байнга үзнэ. Гадаад, дотоодын загварын шоунуудыг харна. Барааны судалгаа хийнэ. Дэлгүүрээр явахдаа шинэ ирсэн хувцасны загвар сонирхоно. Судлахаас гадна өөрөө загвар зохионо. Огт нийлэмжгүй санагддаг байсан өнгөнүүд ч зарим улиралд трэнд болоод ороод ирэх жишээтэй. Орой амарч байхдаа хүртэл үзсэн харснаа эргэцүүлж боловсруулна. Хүн харахад юм оёод л суудаг жижигхэн газар шиг боловч мэргэжлийн хүмүүсээ бэлтгэх, загвар, бараа судлах гээд нарийн ширийн өчнөөн ажил цаана нь бий. Гол нь хүн уйгагүй, шантрахгүй л байх хэрэгтэй.
Загвар өөрчлөгдөж нарийсах тусам оёдолчин хүн улам чамбайрч байдаг жамтай. Үүнийг би хамт олондоо дандаа хэлдэг.
-Амжилттай бизнесийн ард гэр бүлийн үүрэг их. Танай гэр бүлийнхэн ямар ажил мэргэжилтэй хүмүүс байдаг вэ?
-Хань маань гагнуурчин хүн. Бас л хувиараа ажил эрхэлж байгаад одоо ачаа тээврийн байгууллагад ажиллаж байна. Манайх гурван хүүтэй. Том хүү уул уурхайн хүнд машин механизмын инженер. Тавантолгойд механик хийдэг. Нэг хүү тогооч, хүнсний технологич. Одоо БНСУ руу солонгос үндэсний хоолоор мэргэшихээр жилийн курст явах гэж байгаа. Бага хүү 11 настай, сурагч. Ер нь гагнуур, оёдол хоёр төстэй. Нэг нь төмрөөр, нөгөө нь даавуугаар бүтээл хийдэг. Миний сурагч үеийн найз маань хэлж байсан. “Та хоёр хувиараа юм хийж байгаа л гэдэг. Хэрэг дээрээ тархины хамгийн потенциалтай хүмүүс үүнийг чинь хийдэг юм” гэж.
-Нээрээ л “Дархан хүн бурхан ухаантай” гэдэг. Дурын хүн юм оёхгүй, дурын хүн гагнуур хийхгүй. Гар, ухааны ур муутай бол хийж барахгүй ажил шүү дээ. Энэ бүгдийг урлаг гэж хэлэхэд буруудахгүй байх аа?
-Ерөөсөө амьдрал тэр чигээрээ урлаг. Ямар ч ажлыг удаан хугацаагаар хийгээд, мэдрээд ирэхээр урлаг болдог гэж ойлгодог. Хувцас урлахад хазгай муруй хатгах, зөрүү буруу хайчлах эрх байхгүй.
-Нөгөө хүүхэд байхдаа тоо, шугам зурагт сайн байсан авъяас оёдол үйлд хэрэг болсон уу?
-Ерөөсөө чаддаг ажил нь л хүнд хоол болдог юм байна. Барилгын инженер болж чадаагүй ч одоо оёдол эсгүүр хийхэд дандаа тоо бодож, шугам татаж байна. Багадаа барилгад л шугам зураг хэрэглэдэг гэж төсөөлж байснаас оёдолд хэрэг болно гэж санаагүй л явж.
-“Мандухайн гоёл” компанийн хэтийн төлөв, таны мөрөөдөл юу вэ?
-Үйлдвэрлэлээ улам өргөжүүлэхийг мөрөөддөг. Ажил, захиалга их байснаар үйлдвэр маань өргөжнө. Өргөжүүлнэ гэдэг маань олон хүн сургана гэсэн үг. Хувцаснууд дээр маань “Мандухайн гоёл” гээд шошго явж байгаа. Бүтээгдэхүүнээ брэнд болгохыг л хүснэ шүү дээ. Олон олон жилийн ур ухаан, дадлага шингэснээр брэнд төрдөг болохоос биш анхнаасаа брэнд гэдэг зүйл аяндаа төрдөггүй. Тэгэхээр брэнд болгох талаар бодож яагаад болохгүй гэж. Цаашдаа “Мандухайн гоёл” брэндийн дэлгүүр нээж оффис хувцсаа борлуулах санаа өвөрлөөд явж байна. Захиалагч “Мандухайн гоёл”-оор хувцас хийлгэхийн тулд дэргэдээсээ бөс бараагаа сонгодог өөрийн дэлгүүртэй байх хэрэгтэй. Хажуугаар нь өөрийгөө үргэлж хөгжүүлэхийг хүсдэг. Компаниа амжилттай авч явахын тулд маркетинг, менежмент судлах хэрэгцээ гардаг. Энэ чиглэлээр Швейцарийн хөтөлбөр болох “Business Professionals Network” гэдэг сургалтад хамрагдаж их зүйл сурч байгаа. “Монголын үйлдвэрлэлийн хөгжлийн төлөө” гэсэн уриатай сайн хөтөлбөр. Санхүүгийн менежментийн сургалтад энэ удаа суух юм. Буцах эрх надад байхгүй. Үйлдвэрээ ч тасралтгүй хөгжүүлээд, өөрөө ч тасралтгүй хөгжөөд явах зорилго бидний өмнө бий.
"Зиндаа" сэтгүүлийн №14/514 дугаарт нийтлэгдэв
Ярилцсан Д.Оюунцэцэг
Сэтгэгдэл ( 1 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n