Монгол оюуны манлайлагч бүрийг сурталчлахыг эрхэмлэдэг “Зиндаа” сэтгүүлийн баг МУИС-ийн нэрээр олон шинэ зүйлийн анхдагч нь болсон, Токиогийн Технологийн Институтын анхны Монгол судлаач, Солонгосын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд очсон анхны Монгол судлаач Д.Дэмбэрэлнямба болон түүний гэргий Биологийн ухааны магистр, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шилдэг зохион бүтээгчийн 2010 оны алтан медальт, Б.Ширэндэвийн нэрэмжит шагналт М.Ариунаа нарын үүсгэн байгуулсан Шинжлэх Ухаан Үйлдвэрлэлийн МОНХИМО ХХК –ийн үйл ажиллагаатай танилцахаар Багануур хотыг зорилоо. МОНХИМО компани анх 1998 онд МУИС-ийн “Их сургуулийн хөгжлийн сан”-гаас санхүүжилт авч, судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бизнесээ эхлүүлж байсан түүхтэй бөгөөд өөрсдийн судалж хөгжүүлсэн шинэ технологи, оюуны өмчийг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсэн, МУИС-ийн анхны гарааны компани юм. Биднийг хүрэлцэн очиход тус компани дээр БНСУ-ын Ёмин компаний технологиор Багануурын нүүрснээс цэвэр нүүрс гарган авч Улаанбаатар хотын утааг бууруулахад чиглэсэн төслийн танилцуулга явагдаж байв.
2015-2017 онд Шинжлэх Ухаан Үйлдвэрлэлийн МОНХИМО ХХК, Багануур ХК , Багануур дүүргийн захиргаа, БНСУ-ын Ёмин Технологийн Институттай хамтран Багануурын хүрэн нүүрснээс тус компаний технологийг ашиглан цэвэр нүүрс гарган авч ашиглах судалгааг явуулсны үр дүнд Монгол Улсын стандартын шаардлагыг хангасан, Улаанбаатар хотын гэр хорооллын нүүрс түлдэг хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой үйлдвэрлэлийг явуулах, цэвэр нүүрс гарган авах, хэрэглэх үзүүлэх сургалтыг зохион байгуулах гэж байгаа аж. Манай орны хувьд хурц асуудал болоод байгаа утааны гамшигтай тэмцэх үйлсэд хувь нэмэр оруулахуйц Ёмины цэвэр нүүрсний технологийн талаар товчхон танилцуулъя. Тус компани байгалийн композит нийлмэл материалын технологийг хөгжүүлдэг. Эдгээр материалууд тухайн сонгож авсан биеттэй физик, химийн урвалд орж, түүний шинж чанарыг эрс өөрчилдөг бөгөөд композит материал хүрэн нүүрстэй урвалд орж цэвэр нүүрсийг бий болгоно. Ингэснээр шатдаг хүхэр, азот, муухай үнэр гаргадаг хийн бодисуудыг задлахаас гадна өөр хэлбэрт шилжүүлэх замаар тэдгээрийн шаталтын явцад үүсдэг хорт хийн хэмжээг багасгах боломжтой юм. Хүхэрт хий байхгүй, тоосонцор нь манай утаагүй түлшний стандарттай харьцуулахад 19 дахин, азотын ислүүд 4 дахин багасна. Нүүрсний дулаан өгөх чадвар 1500 гаруй ккал-оор нэмэгдэнэ. Ингэснээр нэг айлын нүүрсний хэрэглээ багасах юм байна.
ЁМИНЫ ЦЭВЭР НҮҮРСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ: Түүхий нүүрсийг 3 төрлийн реакторуудаар дамжуулан боловсруулж цэвэр нүүрсийг гаргаж авна. Эхний 2 реакторт түүхий нүүрсийг композит материалуудын усан уусмалуудаар өндөр даралтан дор шүршиж хооронд нь урвалд оруулна. 3-р реакторт бага температурын хатаалт явагдах ба түүхий нүүрсэнд байгаа хортой бодисууд задрах, хоргүй хэлбэрт шилжих зэрэг урвалууд явагдаж дуусна.
Эдийн засгийн ерөнхий тооцоо, цэвэр нүүрсний өөрийн өртөг: Багануурын уурхайн 1 тонн нүүрсний үнэ газар дээрээ 35700 төг. Уурхайгаас үйлдвэр хүртэл тээвэрлэх зардал 1 тонн нүүрс 4000 төг, 1 тонн нүүрс шигших зардал 5000 төг, 1 тонн нүүрс боловсруулахад : 50 квт цахилгаан x 156 төгрөг=7800 төг, 3 л ус x 50 төг=150 төг, 1 кг бодис x 10000 төг=10000 төг тус тус ашиглана. Тонн нүүрс тутамд 5000 төгрөгний роялити төлнө.
1 Тонн нүүрс боловсруулах зардал: 67650 төг. Багануураас УБ ортол тээвэрлэх зардал галт тэргээр ачиж буулгах зардал ороод 10000 төг, Бүгд:77650 төг.Бусад хагас коксжсон утаа багатай түлшийг бодвол харьцангуй өртөг багатай юм.
Шинжлэх Ухаан Үйлдвэрлэлийн МОНХИМО ХХК-ийн Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл: Монгол Улсын Засгийн газраас өндөр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн зохион бүтээж, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн иргэн, байгууллагад хоёр жил тутамд “Технологийн дэвшлийн шагнал” олгодог уламжлалтай. Шинжлэх ухааны салбарын 2015 оны “Технологийн дэвшлийн шагнал”- ыг Эрдэм шинжилгээ, туршилтын “Монхимо ” төвийн захирал, МУИС- ийн Хими, химийн технологийн тэнхимийн багш, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл” бүтээлд олгосон билээ. Шинжлэх Ухаан Үйлдвэрлэлийн МОНХИМО ХХК, тус төвийн эрдэм шинжилгээ туршилтын төвийн эрдэмтэн судлаачид монгол хүний уламжлалт хоол хүнсний давуу тал, орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилт дээр үндэслэн, анх удаа адууны ясны байгалийн бүтэц,найрлагыг алдагдуулахгүйгээр химийн бус, механик болон нам температурын дулааны аргаар боловсруулж кальци, фосфор, магни, коллаген, өсөлтийн гормон, глюкозамин, хондротин сульфат, микроэлемент, эрдэс бодисоор баялаг ясыг төлжүүлэн бэхжүүлэгч, кальцийн бэлдмэлийг гарган авсан юм. Адууны ясны кальцийн бэлдмэлийг, аль болохоор нягтаа алдсан болон сийрэгжсэн ясанд шимэгдэн шингэж, нягтыг нь нэмэгдүүлэх, бөх бат чанарыг нь сайжруулах зорилгоор орчин үеийн эрүүл мэндийн шинжлэх ухааны судалгаанд үндэслэн, шаардлагатай амин дэмүүд (витаминууд С, D3, К) фолийн хүчил, магни, глюкозамин болон эрдэс бодисуудаар (зэс, цайр, манган,бор) баяжуулж өгсөн байна. Ясны нягт буурах, сийрэгжих, үе мөчний өвчний явцад хүний ясанд байдаг кальци, магни, коллаген, өсөлтийн гормонууд, микро болон макро элементүүд цогцоороо алдагддаг. Иймд тус компанийн эрдэмтэн судлаачид эдгээр алдагдсан олон бодисуудыг байгалийн гаралтай, хүний ясанд амархан шингэдэг биологийн гаралтай кальци болон бусад уураг, амин дэм, эрдэс бодисууд, микроэлементээр цогцоор нь хангаж өгөх зорилго тавьж энэхүү биологийн нэмэлт бэлдмэл “ Ясны тэжээл”-ийг хийсэн аж.
МОНХИМО ХХК 1998 оноос хойш эрүүл мэндийн салбарт ажиллаж, “ТАМЕДИН” нэрийн 20 гаруй цуврал бүтээгдэхүүнийг мэс заслын болон шархны антисептикээр, ”САНИТОЛ” зэрэг ариутгал халдваргүйтлийн бэлдмэлүүдийг үйлдвэрлэж орон даяар өргөн хэрэглээ болгон нэвтрүүлжээ. Тус компанийн Багануур хотноо байрлах үйлдвэртэй танилцах явцдаа зарим эрдэмтэн, ажилтнуудтай уулзаж, тус үйлдвэрийн үйл ажиллагааны онцлогоос тодруулан, санал сэтгэгдлийг нь сонссон юм.
Шинжлэх Ухаан Үйлдвэрлэлийн МОНХИМО ХХК-ийн Эрдэм Шинжилгээ Туршилтын Төвийн Захирал, Профессор Д.Дэмбэрэлнямба МУИС БОЛ МИНИЙ АМЬДРАЛЫН САЛШГҮЙ НЭГ ХЭСЭГ
-Та МУИС-тай холбоотой түүхээсээ сонирхуулна уу.
-Би Монгол Улсын Их сургуулиараа үргэлж бахархдаг. Эндээс анх ажлын гараагаа эхлэн, олон залуучуудад эрдэм номыг зааж, хажуугаар нь эрдэм шинжилгээний ажил хийн гадаадын улс орнуудаар явсан гээд товчхондоо, МУИС бол миний амьдралын ихэнх цаг хугацаатай салшгүй холбоотой юм. Би Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуульд химийн мэргэжил эзэмшин төгсөөд 1978 оноос хойш МУИС-д хуучнаар Байгалийн ухааны факультетад багш, деканаар ажиллаж байна. 1991-1992 онд Москвагийн Технологийн Дээд сургуульд нэг жил суралцах завшаан тохиолдсон бөгөөд тэнд сурч ирсэн мэдлэгээ ашиглаад “Тамедин” цувралаа анх бүтээсэн. Энэ бүтээгдэхүүн маань одоо 20-иод цуврал гарчихаад байна. Анх 1993 онд энэ бүтээлээ эхлүүлж байсан бөгөөд манай анагаахын салбар дахь хүнд суртлыг туулж, эрхзүйн бичиг баримтаа хөөцөлдөж явсаар 1998 онд хэрэгжүүлэх боломжтой болсон юм. Энэ хооронд бүхэл бүтэн таван жилийн хугацаа алдсан гэж бодоход үнэхээр харамсалтай санагддаг. Тухайн үед өнөөгийнх шиг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого бараг байсангүй. Ингээд 1998 онд компаниа байгуулаад түүнээс хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирлээ. Би 2000-2010 он хүртэл БНСУ-ын их, дээд сургуулиудад эрдэм шинжилгээний ажилтан, багшийн ажил хийсэн. 2000-2005 онд БНСУ- ын Ахисан түвшний Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 2005-2007онд БНСУ-ын Пэйжэй Их Сургуульд дэд профессор багш, 2007-2009 онд БНСУ-ын Инжэ Их Сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж байлаа. Тэнд би нано технологийн чиглэлээр ажиллаж байсан бөгөөд нано кальцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оролцож байсан явдал адууны ясаар кальцийн бэлдмэл бүтээхэд маань ихээхэн туршлага болсон. Энэ бүтээлийг маань төр засгаас өндрөөр үнэлэн, 2015 онд “Шинжлэх ухаан, технологийн дэвшлийн” шагнал хүртээсэн юм.
Монгол адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэлийг гадаад дотоодод хийсэн судалгаагаар, өнгөрсөн хугацаанд олон мянган хүн хэрэглэж, тэдгээрийн 90 гаруй хувь нь богино хугацаанд нааштай үр дүнд хүрснээс харахад хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй, шингэц сайтай биологийн кальци болох нь нотлогдсон юм.
-Адууны яс бусад малын яснаас юугаараа давуу талтай юм бол?
-Маш их давуу талтай. Нэгдүгээрт, адууны яс бусад малынхаас хамаагүй илүү бат бөх. Хоёрдугаарт, адууны ясны бүтэц хүнийхтэй их ойролцоо. Мөн адуу бол усны сайхныг ууж, ургамлын сайныг сорчилж иддэг амьтан. Бас нэг хамгийн гол шинж нь, адууны яс нь хүнийхтэй харьцуулахад 40 дахин илүү кальци агуулж байдаг. Манай ард түмэн жилд маш олон адуу идшиндээ хэрэглэдэг бөгөөд түүнээс гарч буй их хэмжээний ясыг бид зөв зүйтэйгээр ашиглах хэрэгтэй юм. Мөн адуунаас гарч буй мөгөөрс, зөөлөн эдийг ашиглаад бид үе мөчний өвчин намдаах тосон түрхлэг, бэлдмэл хийж байна. Адууны зүрхийг ашиглан зүрх судасны өвчлөл, зүрхний шигдээс, харвалтаас сэргийлэх эм бэлдмэл бүтээлээ.
-Өнөөдөр танай компани дээр танилцуулагдаж байгаа төслийн талаар тодруулбал?
-Өнөөдрийн энэхүү төсөл бол утааг багасгахад чиглэсэн утаагүй түлшний төсөл юм. Өнөөгийн байдлаар, нүүрсийг коксжуулахад бараг тал хувь нь алга болж байгаа. Бид 50 мянгаар тонн нүүрс авлаа гэж бодоход, тал нь алга болчихоор 100 мянгаар тонн нүүрс авна гэсэн үг. Тэгээд ч коксжуулахад зардал өндөр байдаг. Бидний өнөөдөр танилцуулж буй Солонгосын энэ технологи бол ямар ч нүүрс, чанар муутай ч хамаагүй нүүрсийг хоёр төрлийн бодисоор шүршихэд уг нүүрс тухайн бодистой урвалд ороод, шатаахад утаа гараад ялгараад байдаг хорт бодисууд нүүрсэндээ шингэж хор хөнөөл нь багасах юм. Бид хоёр жилийн өмнөөс судалгаа шинжилгээгээ хийж, одоо төсөл маань хэрэгжихэд бэлэн болоод байна.
ШУҮ-ийн МОНХИМО ХХК-ийн ерөнхий захирал М.Ариунаа МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХҮНД ДУТАГДСАН ЗҮЙЛИЙГ НАТУРАЛ БАЙДЛААР НӨХӨЖ ӨГДӨГ
-МУИС-иас өрх тусгаарлаж байсан үеэ сонирхуулбал?
-1998 онд компаниа байгуулсан. Физик технологийн хүрээлэнгийн захирал асан Сангаа багшийн үед МУИС-ийн багш нарыг дэмждэг сан байсан юм. Анх компаниа байгуулах үед бид хоёрт мөнгө хөрөнгө гэхээр зүйл байсангүй. Ингээд зуслангийн байшин, аав ээжийнхээ байр сууцыг барьцаалж байгаад дөрвөн сая төгрөгийн зээл авч байлаа. Тэр үед манай хүн БУТ-ийн декан, би Ерөнхий биологийн тэнхимд эрдэм шинжилгээний ажилтан байсан. Би Базарын Ширэндэв гуайн нэрэмжит шагналыг МУИС-аас анх авсан эмэгтэй. Мөн шинжлэх ухаан үйлдвэрлэлийн компанийг төлөөлж би хоёр удаа Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн шагнал хүртэж байлаа. 2010 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шилдэг зохион бүтээгчийн алтан медаль хүртсэн.
-Танай компанийн үйл ажиллагааны онцлог юу вэ?
-Манайх эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, туршилт, сургалт явуулдаг компани болохоор бусад бизнесийн байгууллагуудыг бодвол үйл ажиллагаа нь арай өвөрмөц. Үйлдвэр маань Багануур дүүрэгт байрладаг. Манай бүх бүтээгдэхүүнийг шалгадаг лаборатори Улаанбаатарт байдаг. Тиймээс Улаанбаатар, Багануур хоёрын хооронд жим гартал явж байна даа. Хээрийн судалгаа, шинжилгээний ажил их байдаг юм.
-Танай компани “Адуу” брэндийг худалдаанд гаргасан. Адууны яснаас кальци гаргаж авах санаа анх хэзээ төрсөн бэ?
-Манай нөхөр бид хоёр анх өөрсдийн хоббигоороо л шинэ санаагаа бүтээл болгоод туршдаг байсан. Хамгийн анх 1993 онд гүүний саамнаас вино гаргаж авсан. Өнгө нь маш тунгалаг, саамны өвөрмөц үнэртэй вино. Харин алкоголийн хэмжээ нь 14 хувь. Үүнийгээ оюуны өмчөөр патентжуулсан. Тухайн үед одоогийнх шиг тусгай лаборатори, үйлдвэрийн байр гэж байгаагүй. Гэрийнхээ нэг өрөөг лаборатори болгоод судалгаа, шинжилгээгээ хийдэг байсан. Гүүний саамнаас гаргаж авсан виногоо үйлдвэрлэх гэсэн боловч согтууруулах ундааны төрөл болохоор жаахан бэрхшээлтэй байсан л даа. Шар сүүгээр нь виногоо эсгээд, тосоор нь косметик бүтээгдэхүүн, харин уургаар нь цуу үйлдвэрлэсэн юм. Үүнээс урамшаад л малын гаралтай түүхий эдээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох вэ гээд судалсан. Бид бас гүн хөлдөөсөн сүүний патенттай. Сүүг өндөр градуст хөлдөөчихөөр бүтцийн хувьд цоо шинээрээ байдаг юм. Ингэж янз бүрийн зүйл судалж, сонирхож явсаар кальци руу орсон доо.
-Кальциас гадна адуунаас өөр ямар нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж авсан бэ?
-Биологийн идэвхит хүнсний бүтээгдэхүүний зөвлөл манай “Адуу” брэндийн гурван бүтээгдэхүүнийг биологийн идэвхит нэмэгдэл тэжээлээр бүртгэж авсан. Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл, “Картил” бол үе мөчний тэжээл. “Картил”-ыг адууны зөөлөн үеүд болох мөгөөрс, цагаан хоолой, самалдаг зэргийг ашиглан гаргаж авсан. Энэ нь үе мөчний шар усыг төлжүүлж сайжруулдаг мөгөөрсний бэлдмэл юм. Мөн адууны зүрхийг ашиглан “Эконокс” нэртэй биологийн нэмэгдэл тэжээл гаргасан. Манай компанийн бүтээгдэхүүнүүд нь хүнд дутагдаад байгаа зүйлийг нь натурал байдлаар бусад амьтны эд эсүүдээс нөхөж өгч байгаа юм. Тэрний нэг хэлбэр нь зүрх. Зүрх хүний эрхтнүүдээс солигддоггүй, нөхөгддөггүй гурван эрхтнийх нь нэг. Организмын үйл ажиллагааг идэвхжүүлж дэмждэг олон фермент зүрхэнд агуулагдаж байдаг. Жишээ нь, цитохром С гэж бий. Хүний организмд явагдаж байгаа исэлдэн ангижрах урвалуудыг дэмждэг фермент. Энэ ферментээр хамгийн баян амьтан бол адуу. Адуу яагаад хурдтай, хүчтэй байгаа нь нэгдүгээрт зүрхэнд, хоёрдугаарт, организмд хүчтэй урвал явагдаж байна гэсэн үг. Адууны зүрхнээс хүний зүрхэнд хэрэгтэй ийм зүйлүүдийг гүн боловсруулалтын аргаар ялгаж авч хийсэн бэлдмэл юм.
Хими технологич, шинжээч Ч.БААСАНЖАМЦ: АДУУНЫ ЯС НЬ ХҮНД ХЭРЭГЦЭЭТЭЙ ОЛОН ОРГАНИК БОДИСУУДЫГ АГУУЛДАГ
-Танай үйлдвэрт хийгдэж буй бүтээгдэхүүнүүдийн ач холбогдол, онцлог шинжээс танилцуулна уу.
-Би энэ компанид 12 жил ажиллаж байна. Манай үйлдвэр эмийн болон биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл маань ихээхэн түгээмэл брэнд болж чадсан учраас энэ талаар зарим зүйлийг тодруулъя. Адууны яс нь бусад мал амьтны ясыг бодвол хүнд хэрэгцээтэй олон органик бодисууд, уураг, коллаген, өсөлтийн гормон, микроэлементүүд болон эрдэс бодисуудаар илүү баялаг, шим тэжээл сайтай. Мөн адуу нь салаа туурайтан өвчилдөг “үхрийн галзуу’’, ‘’шүлхий” зэрэг өвчнөөр өвчилдөггүй эрүүл амьтан. Кальци нь үелэх системийн 20-р элемент, 2 валенттай, атом масс нь 40. Хүний биенд байгаа хэмжээгээрээ 5-рт ордог боловч гүйцэтгэх үүргээрээ 1-рт ордог. Кальци нь нойр булчирхайнаас инсулин ялгарахад тусална. Мөн ой санамж, ой тогтоолтыг нэмэгдүүлнэ. Кальци шиг биологийн олон үүрэг гүйцэтгэдэг өөр ямар ч эрдэс бодис байхгүй. Кальцийн ион эс болгоныг тэжээнэ. Кальцийн дутагдал өнөөдөр дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Хүн кальцийг хүнсээр хангалттай авч чадахгүй бол яснаасаа нөхөн авдаг. Ингэснээр ясны эдээ алдах, яс сийрэгжих өвчинд нэрвэгдэнэ. Манай яс сийрэгжилт оношлогооны лабораторит хандсан хүмүүсийн 90 гаруй хувь нь дээрх өвчинд нэрвэгдсэн байдаг. Ясны эдээ алдах явцад паратриод гормоны зохицуулалтаар цусанд зайлшгүй шаардлагатай кальцийг хамгийн түрүүнд биеийн зөөлөн мөгөөрслөг эдүүдээс авснаас зөөлөн эдийн шохойжилт, хатуурал, үе мөчний үрэвсэл зэрэг өвчин эмгэг үүсдэг болохыг эрдэмтэд судлаачид тогтоосон. Манай компани мөн адууны чөмөгний тосны онцгой чадварыг нь ашиглан үе мөчний зөөлөн эд, үений шингэнийг төлжүүлэх үйлдэлтэй өөр бусад амин дэмүүдээр баяжуулж ЭКИНОЛ үений түрхлэгийг гарган авсан. Энэ түрхлэгийг үе мөчөөр өвддөг, үений зөөлөн эд муудсан, шингэн багассан, үе үрэвсэлтэй, шохойжсон, ясжсан, ясны ургалт, зөөлөн эдийн бэртэл гэмтлийн эмчилгээнд гадуур түрхэж хэрэглэнэ.
-Танай компанийн үйлдвэрлэж буй кальцийн бэлдмэл импортын ижил төст бүтээгдэхүүнээс юугаар ялгаатай вэ?
-Импортын кальцийн бүтээгдэхүүнд ихэвчлэн хямд үнэтэй нүүрс хүчлийн кальци (шохой), далайн амьтны бүрхүүл (нүүрс хүчлийн кальцийн зарим талст бүтэц) зэрэг ордог учир, хий ялгаруулах, ходоодны хүчлийг саармагжуулж, галыг нь бууруулах, ясанд шимэгдэх хурд, хэмжээ бага, гол төлөв сүлжээгээр зарагддаг учир үнэ өртөг өндөр, тухайн үйлчлүүлэгчийнхээ биеийн байдал болон ясны сийрэгжилтийг тогтоох цаашид хянах тогтолцоогүй зэрэг сул талуудтай. Бид дээр дурьдсан сул талуудыг шийдвэрлэх зорилго тавьж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын стандартын дагуу ясны эдийн нягт, сийрэгжилт, хүүхдийн өсөлтийг орчин үеийн оношлогооны багаж төхөөрөмжөөр тогтоож, шаардлагатай тохиолдолд манай адууны ясны бэлдмэлийг хэрэглэхийг санал болгож эдгэрэлтийн явцыг тогтмол хянадаг юм. Монгол адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэлийг гадаад дотоодод хийсэн судалгаагаар, өнгөрсөн хугацаанд олон мянган хүн хэрэглэж, тэдгээрийн 90 гаруй хувь нь богино хугацаанд нааштай үр дүнд хүрснээс харахад хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй, шингэц сайтай биологийн кальци болох нь нотлогдсон юм.
Туршилтаар ходоодны хүчилтэй ижил хүчиллэг давсны уусмалд 30 минут хутгахад 97 хувь нь бүрэн уусаж шингэн хэлбэрт шилждэг. Тиймээс хүний ходоодонд уг кальцийн бэлдмэл нь 30 минутын дотор уусна гэсэн үг юм.
МУИС-ИЙН ТӨГСӨГЧ Ц.НЯМСҮРЭН: Би 2013 онд МУИС-ийн биологи- биотехнологийн ангийг төгссөн, биологич мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд МОНХИМО ХХК-д ороод одоо хүртэл ажиллаж байна. Би эмийн үйлдвэрт микробиологич хийдэг.
-Танай эмийн үйлдвэрээс хэдэн төрлийн бүтээгдэхүүн зах зээл дээр гараад байна вэ?
-Ариутгалын бодис, эмийн үйлдвэр маань “Тамедин”-ы 20-иод цуврал, “Ариун” уусмал, “Химодин”, гар халдваргүйжүүлэгч “Санитол” зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.
-“Тамедин” бэлдмэлийн зориулалтын талаар?
-Мэс засалчийн гарын халдваргүйтгэлд, Мэс засал, хатгалт, тарилгын талбай бэлтгэх, Мэс заслын болон гэмтлийн бүх төрлийн шархны халдваргүйтгэлд, нүд, чихний дусаалга хэлбэрээр, амны хөндий, шүд, буйлны үрэвсэл, ангина, хамрын хөндийн шархлаа, үрэвсэл, геморойт, томуу, томуу төст өвчний үед, үтрээний үрэвсэл ба халдваргүйтгэлд, арьсны нянгийн гаралтай идээт үрэвсэл, батга, хатиг, мундас, мөөгөнцөр, үлд, хагжилт зэрэг арьс салстын бүх төрлийн халдваргүйтгэлд угаах, зайлах, арчих, шавших, тампон тавих, боолт тавих хэлбэрээр “Тамедин” цуврал бэлдмэлийг сонголтоор хэрэглэнэ.
МУИС-ИЙН ТӨГСӨГЧ М.ДӨЛГӨӨН: Би оюутан байхдаа анх энд дадлагажигч оюутнаар ирж байсан. 2016 онд МУИС- ийн химийн факультетийг химич мэргэжлээр төгсөөд энэ компанидаа ажилд орсон юм. Би одоо Биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрт химич-шинжээчээр, мөн Эрдэм шинжилгээ туршилтын төвд ажиллаж байна.
-АДУУ брэндийн кальцийн бэлдмэлийн уусах чанар ямар вэ?
-Туршилтаар ходоодны хүчилтэй ижил хүчиллэг давсны уусмалд 30 минут хутгахад 97 хувь нь бүрэн уусаж шингэн хэлбэрт шилждэг. Тиймээс хүний ходоодонд уг кальцийн бэлдмэл нь 30 минутын дотор уусна гэсэн үг юм.
МОНХИМО ХХК
Химийн шинжлэх ухааныг газарт буулган бүтээл болгож, хүмүүст хэрэгтэй эм бэлдмэл гарган, тэдний эрүүл мэндийг хамгаалахад их хувь нэмэр оруулж буй Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэлийн МОНХИМО ХХК дэвшилтэт технологид тулгуурласан эрдэм шинжилгээ –үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.
ТУС КОМПАНИ:
• Эрдэм шинжилгээ туршилтын төв
• Ариутгал, халдваргүйтгэлийн бодис, эмийн үйлдвэр
• Нэг удаагийн хувцас, хэрэглэлийн үйлдвэр
• Химийн үйлдвэр
• Эм ханган нийлүүлэх байгууллага
• Таримал ургамлын плантаци
• Эрүүл ахуйн сургалтын төв гэсэн цогцолбор бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Д.Мягмарсүрэн
2017 он 10 сар "Зиндаа" сэтгүүл ТУСГАЙ ДУГААР №01/506
Сэтгэгдэл ( 1 )
g