Дэлхийн залуучуудын өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэдэг.
Энэхүү өдрийг 1945 оны аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 10-ны хооронд Лондон хотноо болсон Дэлхийн залуучуудын бага хурлаар Дэлхийн ардчилсан залуучуудын холбоог үүсгэн байгуулсантай холбогдуулан тэмдэглэж эхэлжээ. Дэлхийн ардчилсан залуучуудын холбоо өдгөө НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дэргэд энх тайван, ардчилал, үндэстний тусгаар тогтнол, залуучуудын улс төр, нийгэм, эдийн засгийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Оргил үедээ тус байгууллага дэлхийн 115 орны 100 сая залуучуудын төлөөлсөн 250 залуучуудын байгууллагыг нэгтгэж байв. Тус холбооноос зохион байгуулдаг томоохон арга хэмжээ болох Дэлхийн оюутан, залуучуудын их наадмыг анх 1947 онд Прага хотноо зохион байгуулж байсан бөгөөд 17 мянган залуус оролцож байжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 19 удаа уг наадмыг зохион байгуулжээ. Хамгийн сүүлд Дэлхийн оюутан, залуучуудын их наадам Оросын Сочин хотноо 2017 оны аравдугаар сарын 14-22-нд болж, дэлхийн 188 орны 25 мянган залуус оролцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )