Сүүлийн 20 жилийн туршид залуучуудын улс төрийн идэвх судлаачдын анхаарлыг татсаар иржээ. Энэ нь гол төлөв ардчиллын гол шалгуурын нэг болох сонгуульд оролцох залуучуудын идэвх буурч байна гэсэн ойлголт ихээхэн дэлгэрсэнтэй холбоотой.
НҮБ-аас явуулсан “Залуучуудын иргэний оролцоо” сэдэвт судалгаанаас үзвэл 1980-аад оноос хойш дэлхийн ардчилсан тогтолцоотой улс орнуудад сонгуулийн идэвх, ялангуяа залуучуудын дунд буурч байгааг харуулжээ.
Дэлхийн 33 оронд явуулсан судалгаанаас үзвэл 18-29 насны нийт залуу сонгогчдын 44 хувь нь сонгуульд идэвхтэй саналаа өгдөг байна. Дэлхий дахинд нийт сонгогчдын идэвх 60 орчим хувьтай байдаг бол 50-аас дээш насныхны хувьд энэ үзүүлэлт 70 хувьтай байна.
Европын холбооны залуучуудын форумын тайлангаас үзвэл, Европын Холбооны 28 гишүүн улс орны 16-24 насны сонгогчдын 60 хувь нь хамгийн сүүлд эх оронд нь болсон сонгуульд саналаа өгөхгүй байх сонголт хийсэн байна.
Африк тивд нийт санал өгөх насны хүн амын 65 хувийг 35-аас доош насны сонгогчид эзэлдэг байна. Судалгаанаас үзвэл, Африкийн залуусын 55 хувь хамгийн сүүлд эх оронд нь болсон сонгуульд саналаа өгч байжээ. Гэхдээ бүс нутгийн хувьд залуусын улс төрийн идэвхэд ихээхэн ялгаа ажиглагдаж байна. Зүүн Африкт залуусын идэвх 65 хувьтай байсан бол Хойд Африкт энэ үзүүлэлт дөнгөж 49 хувьтай байжээ.
Ази тивийн хувьд, залуу сонгогчдын идэвх 35-наас дээш насны сонгогчдыг бодвол 15-30 хувиар сул байдаг байна. Энэ ялгаа Малайз, Сингапур улсад мэдэгдэхүйц их аж. Энэ хоёр улсад залуучуудын гуравны нэг нь сонгох эрхээ хэрэгжүүлжээ.
Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн мэдээллээр, Латин Америкт 30-аас доош насны залуусын идэвх 30-аас дээш насныхныг бодвол мөн л сул байна. Мексикт гэхэд залуучуудын 59 хувь нь сонгуульд саналаа өгдөггүй бол ахимаг насны сонгогчдын дөнгөж 19 хувь нь сонгох эрхээ хэрэгжүүлээгүй байна. Панамд залуучуудын 57 хувь, Доминиканд 61 хувь нь сонгуулийн идэвхгүй гэсэн судалгаа гарчээ. Тивийн хэмжээнд явуулсан судалгаанууд ийм үр дүнтэй гарсан ч залуусын улс төрийн идэвх хөгжингүй улс орнуудад эсрэгээр өсөж байна.
Хөгжингүй орны “залуусын хөдлөлт”
АНУ
Тус улсад 18-29 насны залуусын сонгуулийн идэвх 1972, 1992, 2008 оны сонгуулиар хамгийн өндөр үзүүлэлттэй байжээ. Судлаачдын дүгнэснээр, хойрго гэгддэг 1980-аад оны үеийнхэн өмнөх үеийнхнээсээ илүү идэвхтэй болох нь судалгаанаас харагдаж байна. Шинэ мянганыхан өмнөх үеийнхнийхээ хэмжээнд улс төр сонирхож, нийгмийн болон сайн дурын арга хэмжээнд оролцдог аж. Калифорнийн их сургуулиас сүүлийн 50 жилийн туршид явуулж буй судалгаанаас үзвэл, 2018 онд тус улсад болсон Конгрессын улирал дундын сонгуулийн үеэр залуусын идэвх мэдэгдэхүйц нэмэгджээ. 2014 оны сонгуулийн үеэр 18-29 насны залуучуудын ирц 21 хувьтай байсан бол 2018 онд энэ үзүүлэлт 31 хувьд хүрч, сүүлийн 25 жилд гарч буй хамгийн өндөр үзүүлэлт. Тиймээс эдгээр өөрчлөлт сүүлийн үед залуусын улс төрийн идэвх унтарч байна гэсэн ойлголт өрөөсгөл болохыг харуулж байна гэж судлаачид онцолжээ. Үүнд сонгуулийн сурталчилгааны үеэр дэвшүүлж буй асуудал, улс төрийн хүчнүүдийн туйлшрал, амьдралын түвшин буурсан, нийгмийн харилцааны өөрчлөлт зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна гэж шинжээчид үзэж байна.
Их Британи
1990-ээд оны сүүлээр Британийн залуусын сонгуульд оролцох оролцоо огцом буурч, энэ үзүүлэлтээр Их Британийг баруун Европын улс орнуудаас сүүл мушгихад хүргэж байв. Тухайн үед 18-24 настай британичуудын ирц француудаас 20 хувь, германчуудаас 40, залуу шведүүдээс 25 хувиар доогуур байжээ. 2015 онд болсон парламентын сонгуулийн үеэр залуучуудын идэвх сул байсан бол 2016 онд Их Британийг Европын холбооноос гаргах эсэх санал асуулгын үеэр залуусын оролцоо ихээхэн идэвхжээ. Энэ нь Брекситийн ирээдүй залуусын амьдралын асуудал, сонирхлыг хөндөж байсантай холбоотой гэж шинжээчид онцолжээ. Тухайн үед 18-34 насны ихэнх британичууд эх орноо Европын холбооноос гаргахын эсрэг санал өгч байсан бол 55-аас дээш насныхан Брекситийн төлөө санал өгч байжээ. 2017 оны парламентын сонгуулийн өмнө залуу британичууд улс төрийг илүү сонирхдог болсон байсан бөгөөд тухайн онд сүүлийн 25 жилд гаргаагүй идэвх гаргасан байна. Хэдийгээр залуусын идэвх ахмад настнуудаас сул байгаа ч насны бүлэг хоорондын ирцийн ялгаа аажмаар багасаж эхэлжээ. Британийн залуусын сонгуулийн идэвх огцом өссөнийг судлаачид “youthquake буюу залуусын хөдлөлт” гэж нэрлээд байна. Үүнд 2008 оны санхүүгийн хямралын дараа насанд хүрсэн шинэ мянганыхан нөлөөлсөн гэж үзэж байна. “Залуусын хөдлөлт” үзэгдэл нь зөвхөн ирцийг төдийгүй нийгэм, улс төр, соёлын өөрчлөлтийг агуулсан шинэ үзэгдэл гэж үзэж байна.
Франц
Тус улсад санал өгөх эрхтэй иргэдийг байнгын оролцогчид, тохиолдлын оролцогчид болон идэвхгүй гэсэн гурван бүлэгт хуваадаг. 1978-2002 оны хооронд 18-24 насны идэвхгүй сонгогчдын хувь өндөр хэвээр байсан бол 2007 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр залуусын идэвх огцом өсжээ. Тухайн үед санал хураалтын эхний шатанд 18-24 насны сонгогчдын 29 хувь, 60-69 насныхны 16 хувь, 70-аас дээш настай сонгогчдын 12 хувь оролцоогүй байна. Харин 2017 оны парламентын сонгуулийн эхний шатанд 18-24 насны сонгогчдын 63 хувь нь, хоёр дахь шатны санал хураалтад мөн насныхны 74 хувь нь сонгуульд очоогүй байна. Өөрөөр хэлбэл, энэ насны сонгогчдын дөнгөж 20 хүрэхгүй хувь нь саналаа өгчээ. Сүүлийн үед Францад залуусын улс төрийн идэвх өсөх хандлагатай байгаа ч насны ялгаа өндөр хэвээр байна. Хэдийгээр сүүлийн үед залуусын нийгмийн идэвх нэмэгдэж, жагсаал цуглаанд өргөнөөр оролцох болсон ч сонгуулийн ирц нь хангалтгүй хэвээр байна.
Герман
Германд 1970-аад оны үед сонгуулийн ирц хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 90 гаруй хувьтай байжээ. 1980-1990 оны хооронд энэ үзүүлэлт 80 хувь болж буурсан байна. 2009 онд сонгогчдын ирц 70 хувьд хүрэхгүй байсан бол 2017 онд 76 хувьтай гарчээ. 2002 онд 18-29 насны германчуудын сонгуулийн ирц 70 хувьтай байсан бол 2017 онд 68 хувь болж бага зэрэг буурчээ.
Холбооны сонгуульд Германы залуусын идэвхийг судлахад, идэвх буурах хандлага ажиглагдаагүй байна. Дээр дурдсан орнуудтай харьцуулбал залуу германчуудын улс төрийн идэвх харьцангуй өндөр болохыг илтгэжээ.
Эдгээр улс орнуудад явуулсан судалгаа залуусын улс төрийн идэвхжил сул гэх ойлголтыг үгүйсгэж байна гэж судлаачид дүгнэжээ. Хэдийгээр залуусын сонгуулийн оролцоо тогтворгүй байдаг талтай ч энэ хандлага бусад насны ангилалд ч мөн ажиглагддаг байна. Залуусын оролцооны жин нэмэгдэж буй нь тэднийг улстөрчдийн зорилтот бүлэг болгож байна. Тиймээс залуусын хүсэл зориг, сонирхол, эрх ашигт онцгой анхаарал хандуулах, тэдний улс төрийн идэвхийг судлах нь дэлхийн улс орнуудын хамгийн чухал зорилт болоод байна.
Сэтгэгдэл ( 0 )