Дэлхийн хамгийн том сонгуулийн тухай сонирхолтой баримтууд

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 13

Энэ сарын 11-ний өдөр Энэтхэг улсад парламентын сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэлж, тавдугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. Дэлхийн хамгийн том чөлөөт сонгуульд 900 сая хүн саналаа өгнө.

АРСЛАНГУУД БА МАОЧУУД

Ийм их тооны сонгогчдод зориулсан саналын хуудсыг нэг өдрийн дотор тоолох боломжгүй тул санал хураалтыг долоон үе шаттай дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 19-ний хооронд бүх 29 муж, долоон холбооны газар нутагт ээлжээр явуулах юм. Санал хураалтын эцсийн дүнг тавдугаар сарын 23-нд гаргасан байх ёстой. Энэтхэгийн сонгуулийг тооны хэлээр илэрхийлбэл үнэхээр гайхмаар. Орон нутгийн сонгуулийн комисст 11 сая гишүүн, цагдаа болон бусад албан тушаалтан ажиллаж байна. Энэтхэг улс даяар 800 гаруй мянга, зарим мэдээллээр нэг сая орчим санал хураах хэсгийг байгуулжээ.

Тус улсын хууль нь чанга. Энэтхэгийн газар нутгийн ихэнх хэсэг ширэнгэ, намаг, уулаар хүрээлэгдэж, тэр бүр нийтийн тээвэр хүрдэггүй тул хүн бүрийг саналаа өгөх боломжоор хангах үүднээс санал хураах байрнууд явганаар хүрэхэд боломжтой буюу хоёр км зайд байгуулдаг аж. Энэтхэгийн хэвлэлүүд Гужарат мужийн Гирийн ой дахь санал хураах хэсгийг хамгийн аюултайд нэрлэжээ. Тэнд дэлхий дээрх цорын ганц Азийн арслангийн дархан цаазат газар байдаг ба тус газар нутагт  албан ёсоор бүртгэлтэй нэгэн иргэн аж төрдөг. Түүний саналыг авахын тулд “арслангийн ой” руу санал хураах хайрцгийг хүргүүлэх гэнэ. Ингэхдээ сонгуулийн хорооны гишүүд ой хамгаалагчдын хамгаалалтан дор очих гэнэ.

Гэсэн хэдий ч үүнийг хамгийн аюултай хэсэг гэхэд хэцүү. Учир нь ийм газар олон бий. Маоист үзлийг номлож, тариачдыг “капиталист мөлжлөгөөс” чөлөөлөхийн төлөө тэмцдэг наксалит босогчид идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг  “улаан бүс” гэгддэг бүс нутгаас эрх баригчид болгоомжилж байна. Эдгээр “капиталистуудтай тэмцэгчид” тус улсын 14 мужид эрх баригчид руу дайрах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна, лалын шашинт бүлэглэлүүдийн идэвхитэй Жамму болон Кашмир мужуудад аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна.

Сонгуулийн комиссын төлөөлөгчдийн мэдээлснээр, уулархаг бүс нутаг, ширэнгэн ойн дунд оршдог тосгод, суурин газруудад тусгайлан бэлтгэгдсэн комиссын гишүүд ажиллах гэнэ. Ширэнгэн ойн бүсэд ойролцоогоор 20 мянган санал хураах байр байгуулагдсан бол 80 орчим мянган хэсэгт үүрэн болон бусад харилцаа холбооны хэрэгсэлгүй аж. Тиймээс ямар нэг зүйл тохиолдоход сонгуулийн комиссын гишүүд өөрсдөө л шийдэх ёстой. Уугуул иргэд оршин суудаг Андаманы арлуудын хувьд, сонгуулийн комиссын гишүүд матраар дүүрэн тогтмол устай намаг, балчигаар завиар очиж, уугуул иргэдийн сонгох эрхийг нь эдлүүлэх гэнэ. Ширэнгэн ойд байрлаж буй санал хураах хэсгүүдэд шаардлагатай зүйлсийг нь заанууд аваачих “үүрэг хүлээжээ”.
 

ШУДАРГА БАЙДЛЫН БАТАЛГАА-БЭХ

Үүнээс гадна сонгууль явуулахад өөр асуудал бий. Маргаашийн их гүрэн хэмээн өөрийгөө тунхаглаж, мэдээллийн технологи болон сансар судлалын салбарт гайхалтай амжилт гаргаж буй Энэтхэг улсын хүн амын нэлээд хэсэг нь бичиг үсэг тайлагдаагүй. Ялангуяа, энэ дүр зураг алслагдмал суурингуудад ихээр үзэгдэнэ. Тиймээс, саналын хуудсан дээр сонгуульд өрсөлдөж буй улс төрийн намуудын логог заавал оруулдаг. Энэ туршлагыг тус улс 1968 оноос хойш хэрэглэж байна. Жишээ нь, эрх баригч “Бхаратиа жаната парти /Энэтхэг ард түмний нам/”-ын лого нь цэцэглэж буй бадамлянхуа цэцэг байдаг. Эл нам хиндуизм болон Энэтхэгийн ард түмний үнэт зүйлсийг хамгаалах байр суурийг баримталдаг ба бадамлянхуа цэцэг хиндү шашны бэлгэ тэмдэг юм. Гол сөрөг хүчин болох “Энэтхэгийн үндэсний конгресс” нам дэлгэсэн алганы дүрсийг лого болгон ашигладаг бөгөөд эв нэгдлийг бэлгэддэг байна.

Улстөрийн намуудын логонд цэцэг, цаг, унадаг дугуй, заан гээд элдэв янзын дүрс байх. Ассам мужид нутгийн “Асом гана паришад” намын бэлгэ тэмдэг нь заан байдаг бол бусад мужид энэ амьтан “Бахужан самаж” намыг илэрхийлдэг. Энэ бүх нарийн зүйлсийг тооцоолох ёстой. Ассам мужид гэхэд сөрөг хүчний намын шаардлагаар зааны бүхий л хөшөө, дүрсийг даавуугаар бүтээдэг. Учир нь зааны аливаа дүрсийг “Асом гана паришад” намын сурталчилгаа мэтээр хүлээн авдаг гэнэ.
 

Ингэхдээ сонгуулийн сурталчилгааны үеэр бурхадын дүрсийг ашиглахыг буруу гэж үздэг байна. Учир нь “Бурхад санал өгдөггүй” гэж Сонгуулийн комисс тайлбарладаг. Намуудын бэлгэ тэмдэгийг саналын худаснаас гадна санал хураах машинууд дээр мөн ашигладаг байна. 2014 оны сонгуулиар хоёр сая ийм машин ашиглажээ. Сонгуулийн комиссын мэдэгдэж буйгаар, энэ нь санал өгөх үйл явцыг хялбарчилж, хөндлөгийн оролцооноос хамгаалж буй хэрэг аж. Зарим сөрөг хүчний төлөөлөгчид энэ системийг програмчилж болно гэж үздэг тул сонгогч бүр саналынх нь дугаар болон хэний төлөө саналаа өгснийг тэмдэглэсэн хуудсыг шаардлага гарвал хэвлэх эрхтэй.

Нэг сонгогч дахин санал өгөх явдлаас сэргийлэх үүднээс сонгогчдын долоовор хуруунд амархан арилдаггүй бэхээр тэмдэг тавьдаг. Хамгийн их буюу 200 сая хүн амтай муж болох Уттар-Прадеш гэхэд 3.6 мянган литр ийм бэх захиалжээ.

ХАМГИЙН ӨНДӨР ӨРТӨГТЭЙ СОНГУУЛЬ

Шинэ Дэли хот дахь хэвлэл мэдээллийн судалгааны төвийн мэдээлснээр, энэ удаагийн сонгууль тус улсын түүхэнд дэх хамгийн өндөр өртөгтэй сонгууль болж байна. Урьдчилсан тооцоогоор, нийт долоо гаруй тэрбум ам.доллар зарцуулах бөгөөд нэг сонгогчид зарцуулах дундаж зардал нь найман ам.долларт хүрч байна. Гэтэл, тус улсын нийт хүн амын тал нь өдрийн гурван ам.доллараар амжиргаагаа залгуулж байна.

Сонгуульд зарцуулсан энэ дүнд санал хураалт зохион байгуулах, ухуулагчдын замын зардал, ХМХ болон интернетээр дамжуулах сурталчилгаа зэргийн зардлууд багтжээ.

Цахим хэвлэл мэдээлэл маш чухал. Учир нь 83 сая сонгогч 18 нас хүрч, анх удаа санал өгч байна. Залуучууд хэвлэл эсвэл телевизээс илүү интернетэд итгэдэг. Тйимээс тус улсын түүхэнд анх удаа Facebook, WhatsApp болон бусад сошиал сүлжээнд хамгийн хүчтэй тэмцэл өрнөсөн. Facebook компанид харьяалагддаг WhatsApp Энэтхэгийн стартап компанитай хамтран Өмнөд Азийн эл улсад мэдээллийн бодит байдлыг шалгах үйлчилгээг нэвтрүүлсэн нь санамсаргүй тохиолдол биш. Худал мэдээллийн санг ч мөн байгуулах гэнэ. Энэ сарын эхээр Facebook компани Энэтхэгийн үндэсний конгресс намд хамаарах 687 цахим хуудсыг устгасан байна.

БАДАМЛЯНХУА БА АЛГА

Лок сабха буюу парламентын доод танхимын 543 суудлын төлөө найм орчим мянган нэр дэвшигчид өрсөлдөж байна. Хамгийн олон суудал авч, эвсэл байгуулах нам засгийн газрыг бүрдүүлж, намын тэргүүн нь ерөнхий сайд болно. Гэхдээ гол тэмцэл улстөрийн хамгийн том хүчнүүд болох Бхаратиа жаната парти /БЖП/ болон Энэтхэгийн үндэсний конгресс нам /ЭҮКН/-ын хооронд өрнөнө гэдгийг хүн бүр мэдэж байгаа. БЖП нам 2014 онд гаргасан амжилтаа дахин давтах уу, одоогийн ерөнхий сайд Нарендра Моди засгийн газрыг дахин тэргүүлэх үү гэдэг асуулт хамгийн их сонирхол татаж байна.

Эрх баригч нам уламжлалт хиндүизмын үнэт зүйлсийг хамгалах байр суурь баримталдаг. Модиг тус улсын олонх буюу хиндү шашинтнуудын итгэл, найдварыг илэрхийлэгч гэж үздэг. Гэвч таван жил засгийн газар тэргүүлэхдээ тэрбээр хөдөө тосгоны амьдралыг дээшлүүлж чадаагүй гэж шинжээчид дүгнэж байна. Тэрбум гаруй хүн амын дийлэнх хэсэг нь тариачид. Гэсэн хэдий ч санал асуулгын дүнгээс үзвэл Модигийн нэр хүнд, рейтинг өндөр хэвээр.

Түүний гол өрсөлдөгч бол Энэтхэг улсыг 1947 онд тусгаар тогтнолд авчирсан тус улсын хамгийн ууган улстөрийн нам. Түүний лидерүүд болох Жавахарлал Неру, Индира Ганди, Ражив Ганди нар Энэтхэг улсыг тусгаар тогтнолын түүхийнх нь ихэнх хугацаанд удирдсан. Өнөөдөр тус намыг 1991 онд хэт даврагчдын гарт үрэгдсэн Ражив Гандигийн хүү, Индира Гандигийн ач хүү Рахул Ганди удирдаж байна. 48 настай Рахул Ганди улстөрийн карьераа дөнгөж эхлүүлж байгаа. Тэрбээр өмнө нь ээж Сони Гандигийн сүүдэрт байсан. Гэсэн хэдий ч түүний ард тус улсын улстөрийн хамгийн хүчтэй, нөлөө бүхий Неру-Ганди гэр бүл зогсож байгаа.

Энэ удаагийн сонгуулийн кампанит ажил түүхэндээ хамгийн сонирхолтой нь байлаа гэж Энэтхэгийн тоймчид дүгнэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top