Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн нүсэр ардчилсан сонгуульд түүхэнд ялалт байгуулах нь тодорхой болж байна. Ингэснээр Хиндү үндэстний лидер өөрийгөө энэ зууны эхэн үеийн Энэтхэгийн түүхэн дэх хамгийн хүчирхэг улстөрч болохоо харуулж байна.
Модигийн тэргүүлдэг эрх баригч Бхаратиа Жаната намын /Энэтхэг ард түмний нам/ жижиг намуудтай хамтран байгуулсан эвсэл парламентын сонгуульд олонхын суудал авах нь тодорхой болоод байна. Санал хураалтын дүн гарахаас гурван цагийн өмнө тус нам дор хаяж 290 суудал авсан бол гол өрсөлдөгч Энэтхэгийн Үндэсний Конгресс нам дөнгөж 50 суудал авсан дүнтэй байна.
Энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд эхэлсэн 11 үе шаттай болсон сонгуулиар Модигийн тэргүүлсэн БЖН тус орныг 72 жилийн туршид удирдсан Үндэсний Конгресс намын хооронд гол өрсөлдөөн болсон. Энэтхэгийн парламентын доод танхимын сонгуулийн 542 тойргоос ирсэн саналыг тавдугаар сарын 22-ны өдөр орон нутгийн цагаар 08.00 цагаас тоолж эхэлсэн.
Урьдчилсан дүнгээс үзвэл БЖН өмнөх буюу 2014 оны сонгуулиар дөнгөж хоёр суудал авч байсан Баруун Бенгал мужид 20 гаруй суудал авсан байна. Энэ нь сонгуулийн өмнө явуулсан санал асуулгын дүнгээс хол зөрсөнгүй. Ийнхүү Энэтхэгийн улс төр өндөр нэр хүндтэй Модигийн тэргүүлсэн Хиндү үндэстний ноёрхлын эрин үе орж байна.
Модигийн амжилтыг Энэтхэгийн хөрөнгийн зах зээл тэмдэглэж буй гэмээр Sensex үнэлгээ хамгийн өндөр үзүүлэлттэй гарч, дээд амжилт тогтоов.
ҮНДЭСТНИЙ АСУУДАЛ
БЖ Намын амжилт гэвч тус улсын шашны цөөнхийн сэтгэлийг түгшээж байна. Сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдийн дунд 2008 онд лалын шашинт зургаан хүний аминд хүрсэн тэсрэх бөмбөг дэлбэлсэн хэрэгт шалгагдаж буй, Хиндү шашны гэлэнмаа Прагия Сингх Тхакур сонгогдоод байна.
600 сая гаруй саналын хуудсыг тоолоход 40 орчим цаг шаардагдаж байсан бол 1982 оноос хойш цахим санал хураалтын системийг нэвтрүүлснээр энэ хугацаа харьцангуй богиноссон байна.
Пүрэв гарагт Энэтхэг даяар байгуулсан нэг сая гаруй санал хураалтын байранд сонгуулийн хорооны гишүүд улс төрийн намуудын ажиглагчдын хяналт дор битүүмжлэгдсэн саналын хайрцгуудыг задалсан байна. Машинаар тоолсон саналын хуудсыг дахин гараар тоолж баталгаажуулжээ. Санал асуулгын дүнгээр Модигийн тэргүүлсэн нам ялалт байгуулж буй тухай мэдээллийг авсан сөрөг хүчний намын удирдлагууд санал тооллогын машинуудыг хакердсан гэж, дургүйцлээ илэрхийлж эхэлжээ. Саналын хайрцгуудыг санал хураах байрнаас болон байр руу ачааны машинаар зөөж буй дүрс бичлэг энэ долоо хоногт гарсны дараа сөрөг хүчний намуудын эсэргүүцэл улам хурцадсан байна. Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс эдгээр саналын хайрцгууд нөөцийнх байсан гэж мэдэгдээд албан ёсны битүүмжлэгдсэн саналын хайрцгууд тусгай хамгаалалтын дор буйг мэдэгдсэн.
МОДИ ЛИДЕР
“Модитой энэ тэнцэхүйц улстөрч сөрөг хүчний намуудад алга байна” гэж Дэлид төвтэй Улс төр судлалын төвийн шинжээч Рахул Верма хэлж байна. Модигийн нэр хүнд түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлттэй байгаагийн дээр Модигийн тэргүүлсэн засгийн газрын эдийн засгийн чиглэлээр явуулж буй бодлогод сэтгэл хангалуун бус байгаа ч Энэтхэгийн ард түмэн түүнд итгэл хүлээлгэсэн хэвээр байна гэж Рахул Верма онцолжээ.
Энэ долоо хоногт Хөгжиж буй нийгмийн судалгааны төвөөс явуулсан судалгаанаас үзвэл БЖ Намын төлөө саналаа өгсөн сонгогчдын гуравны нэг нь тус нам болон тус намын нэр дэвшигчид бус харин Модигийн төлөө саналаа өгсөн байна. 2014 онтой харьцуулахад Модигийн рейтинг өссөн гэж судлаачид ярьжээ.
Сонгуулийн өмнөх сарууд БЖ Намын хувьд донсолгоотой байсан. Ажилгүйдлийн түвшин сүүлийн 45 жилд байгаагүй өндөр үзүүлэлттэй байв. Сүүлийн 18 жилийн дундаж үзүүлэлтээс хамгийн доод түвшинд хүрсэн хөдөө аж ахуйн салбарынхан Дэли хотноо ган гачиг, өрөнд баригдаж, амиа хорлосон фермерүүдийнх гэх гавлын яс барин жагсаж байв.
Гэвч 2014 оны сонгуулийн сурталчилгааны үеэр “Сайхан өдрүүд ирж байна” гэх амлалт Модигийн эсрэг заналхийлэл болж хувирсан. Энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр газар нутгийн маргаан бүхий Кашмирт болсон дэлбэрэлт нөхцөл байдлыг өөр чигт эргүүлсэн гэж хэлж болно.
Пакистаны зэвсэгт бүлэглэлийн үйлдсэн энэхүү халдлагад Энэтхэгийн 40 цэрэг цагдаа амиа алдсан бөгөөд үүний хариуд Энэтхэгийн түүхэнд байгаагүй хүчтэй агаарын хариу цохилт өгснөөр Моди өөрийгөө хэр хүчтэй, шийдэмгий болохыг харуулсан. Энэ хэрэг явдлын дараа Энэтхэгийн ард түмэн улс төрийн хүчнүүдийн төлөө бус, харин улс үндэстнийхээ төлөө сонголт хийх ёстой гэдгийг ойлгов.
Модигийн сонгуулийн сурталчилгаа үндэсний аюулгүй байдлын асуудалд гол анхаарлаа хандуулсан билээ.
ШАРХАДСАН ҮНДЭСНИЙ КОНГРЕСС НАМ
Рахул Гандигийн тэргүүлсэн Энэтхэгийн Үндэсний конгресс нам Пакистаны цохилтоос хойш хөлөө олж чадаагүйгээс гадна БЖ Намын хүчтэй сонгуулийн сурталчилгаа, намын дэгтэй машины өмнө хүчгүйдсэн.
“Чиг хандлага тодорхой болж байна. Санал хураалтын дүнд гайхах зүйл алга. Сөрөг хүчин БЖ Намыг ялахын тулд илүү хүчтэй байх ёстой байлаа” гэж Үндэсний Конгресс намын хэвлэлийн төлөөлөгч Салман Соз ярьжээ.
Ардчилсан шинэчлэлийн ассоциацын судалгаанд дурдсанаар, 2017-2018 онд Энэтхэгийн хамгийн том долоон намаас мэдүүлсэн тайлангаас үзвэл БЖНамд нийт хандивын 73 хувь нь очжээ. Эрх баригч нам нийт 260 сая гаруй рупиг сонгуулийн сурталчилгаандаа зарцуулсан бол Үндэсний конгресс нам 35 сая рупи зарцуулсан байна.
Нарендра Моди дахин сонгогдох нь тус улсын эдийн засагт хүчтэй дохио болох нь тодорхой. Модигийн тэргүүлсэн БЖ Нам олонхын суудал авч, Нарендра Моди хоёр дахь удаагаа Ерөнхий сайдын албыг хаших нь Энэтхэгийн эдийн засгийн төлөв байдалд эерэг уур амьсгал авчирна гэж Credit Suisse санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компанийн хөрөнгө оруулалтын захирал Жон Вүүдс үзэж байна. Сүүлийн хоёр орчим жил зах зээл дээр тодорхойгүй, тогтворгүй байдал байсан. Зарим хүмүүс Модигийн засгийн газар эдийн засгийн шинэчлэл хийнэ гэдэгт эргэлзэж байсан бол сонгуульд дахин ялалт байгуулснаар энэ байдлыг өөрчлөх боломжтой болж байна.
2014 оноос хойш Энэтхэгийг БЖ Нам тэргүүтэй эвсэл удирдаж байна. Энэ хугацаанд Моди хэд хэдэн эдийн засгийн чухал шинэчлэлүүдийг хийж хэрэгжүүлсэн. Шинэ засгийн газар дэд бүтцийн асуудал, хөдөө орон нутгийн хөгжилд гол анхаарлаа хандуулна гэж судлаачид таамаглаж байна.
Энэтхэгийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа. Тиймээс шинэ загийн газар хөрөнгө оруулалт болон хэрэглээний асуудлыг шийдэх ёстой. Үүний сацуу банк бус санхүүгийн байгууллагуудын хямрал, зээлийн хүү зэрэг асуудалтай мөн нүүр тулна гэж шинжээчид үзэж байна.
Edelweiss Group компанийн тэргүүн Раше Шахын хэлснээр дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид Энэтхэгийн бонд, хувьцаанд хөрөнгө оруулахаас хойш сууж байна. Учир нь тэд эдийн засаг сэргэхийг хүлээж байна гэжээ.
ХУВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ
Энэтхэг улс өнгөрсөн санхүүгийн жилийн сүүлчийн улирлын статистик мэдээллийг гаргахаар зэхэж байна. Тус улсад санхүүгийн жил дөрөвдүгээр сарын 1-нд эхэлдэг. Эдийн засагчид тус улсын эдийн засгийн өсөлт саарсан гэж үзэж байна. J.P. Morgan India компанийн эдийн засаг Сажжид Чинойн хэлснээр эдийн засгийн өсөлт 6-6.5 хувийн үзүүлэлттэй гарах хүлээлттэй байна. Сүүлийн хэдэн жил эдийн засгийн гол хөдөлгүүр хүч нь хэрэглээ байсан.
Шинэ засгийн газар эдийн засгийн өөр хөдөлгүүртэй болох асуудал дээр анхаарлаа хандуулах ёстой. Учир нь өнгөрсөн онд тус улсын хэрэглээний хэмжээ буурсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн, шинэ засгийн газар газрын тосны үнэ, АНУ, Хятадын хооронд үүсээд буй худалдааны дайн зэрэг гадаад хүчин зүйлс эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэдгийг тооцох ёстой гэж шинжээчид анхааруулж байна. Энэтхэг улс маш том зах зээл. Тиймээс үйлдвэрлэгчдийг татах өргөн боломж бий гэж шинжээчид дүгнэж байна.
Сэтгэгдэл ( 0 )