Энэтхэг: Дэлхийн түүхэн дэх хамгийн том чөлөөт сонгууль эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Өнөөдөр /2019.04.11/ Энэтхэг улсад парламентын сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэлж, тавдугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. Дэлхийн хамгийн том чөлөөт сонгуульд 900 сая хүн саналаа өгнө.

Ийм их тооны сонгогчдод зориулсан саналын хуудсыг нэг өдрийн дотор тоолох боломжгүй тул санал хураалтыг долоон үеэр дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 19-ний хооронд бүх 29 муж, долоон холбооны газар нутагт ээлжээр явуулах юм. Санал хураалтын эцсийн дүнг тавдугаар сарын 23-нд гаргасан байх ёстой. Энэтхэгийн сонгуулийг тооны хэлээр илэрхийлбэл үнэхээр гайхмаар. Орон нутгийн сонгуулийн комисст 11 сая гишүүн, цагдаа болон бусад албан тушаалтан ажиллаж байна. Энэтхэг улс даяар 800 гаруй мянга, зарим мэдээллээр нэг сая орчим санал хураах хэсгийг байгуулжээ.

Шинэ Дэли хот дахь хэвлэл мэдээллийн судалгааны төвийн мэдээлснээр, энэ удаагийн сонгууль тус улсын түүхэнд дэх хамгийн өндөр өртөгтэй сонгууль болж байна. Урьдчилсан тооцоогоор, нийт долоо гаруй тэрбум ам.доллар зарцуулах бөгөөд нэг сонгогчид зарцуулах дундаж зардал нь найман ам.долларт хүрч байна. Гэтэл, тус улсын нийт хүн амын тал нь өдрийн гурван ам.доллараар амьжиргаагаа залгуулж байна.

Сонгуульд зарцуулсан энэ дүнд санал хураалт зохион байгуулах, ухуулагчдын замын зардал, ХМХ болон интернетээр дамжуулах сурталчилгаа зэргийн зардлууд багтжээ.

Цахим хэвлэл мэдээлэл маш чухал. Учир нь 83 сая сонгогч 18 нас хүрч, анх удаа санал өгч байна. Залуучууд хэвлэл эсвэл телевизээс илүү интернетэд итгэдэг. Тйимээс тус улсын түүхэнд анх удаа Facebook, WhatsApp болон бусад сошиал сүлжээнд хамгийн хүчтэй тэмцэл өрнөсөн. Facebook компанид харьяалагддаг WhatsApp Энэтхэгийн стартап компанитай хамтран Өмнөд Азийн эл улсад мэдээллийн бодит байдлыг шалгах үйлчилгээг нэвтрүүлсэн нь санамсаргүй тохиолдол биш. Худал мэдээллийн санг ч мөн байгуулах гэнэ. Энэ сарын эхээр Facebook компани Энэтхэгийн үндэсний конгресс намд хамаарах 687 цахим хуудсыг устгасан байна.

Лок сабха буюу парламентын доод танхимын 543 суудлын төлөө найм орчим мянган нэр дэвшигчид өрсөлдөж байна. Хамгийн олон суудал авч, эвсэл байгуулах нам засгийн газрыг бүрдүүлж, намын тэргүүн нь ерөнхий сайд болно. Гэхдээ гол тэмцэл улстөрийн хамгийн том хүчнүүд болох Бхаратиа жаната парти /БЖП/ болон Энэтхэгийн үндэсний конгресс нам /ЭҮКН/-ын хооронд өрнөнө гэдгийг хүн бүр мэдэж байгаа. БЖП нам 2014 онд гаргасан амжилтаа дахин давтах уу, одоогийн ерөнхий сайд Нарендра Моди засгийн газрыг дахин тэргүүлэх үү гэдэг асуулт хамгийн их сонирхол татаж байна.

Эрх баригч нам уламжлалт хиндүизмын үнэт зүйлсийг хамгалах байр суурь баримталдаг. Модиг тус улсын олонх буюу хиндү шашинтнуудын итгэл, найдварыг илэрхийлэгч гэж үздэг. Гэвч таван жил засгийн газар тэргүүлэхдээ тэрбээр хөдөө тосгоны амьдралыг дээшлүүлж чадаагүй гэж шинжээчид дүгнэж байна. Тэрбум гаруй хүн амын дийлэнх хэсэг нь тариачид. Гэсэн хэдий ч санал асуулгын дүнгээс үзвэл Модигийн нэр хүнд, рейтинг өндөр хэвээр.

Түүний гол өрсөлдөгч бол Энэтхэг улсыг 1947 онд тусгаар тогтнолд авчирсан тус улсын хамгийн ууган улстөрийн нам. Түүний лидерүүд болох Жавахарлал Неру, Индира Ганди, Ражив Ганди нар Энэтхэг улсыг тусгаар тогтнолын түүхийнх нь ихэнх хугацаанд удирдсан. Өнөөдөр тус намыг 1991 онд хэт даврагчдын гарт үрэгдсэн Ражив Гандигийн хүү, Индира Гандигийн ач хүү Рахул Ганди удирдаж байна. 48 настай Рахул Ганди улстөрийн карьераа дөнгөж эхлүүлж байгаа. Тэрбээр өмнө нь ээж Сони Гандигийн сүүдэрт байсан. Гэсэн хэдий ч түүний ард тус улсын улстөрийн хамгийн хүчтэй, нөлөө бүхий Неру-Ганди гэр бүл зогсож байгаа.

Энэ удаагийн сонгуулийн кампанит ажил түүхэндээ хамгийн сонирхолтой нь байлаа гэж Энэтхэгийн тоймчид дүгнэж байна.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top