Ражив Гандийн аллагад оролцсон этгээд шоронгоос суллагдав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

Энэтхэгийн Ерөнхий сайд агсан Ражив Гандигийн аллагад оролцсоны төлөө цаазын ял авч, 31 жил шоронд хоригдсон А.Г.Пераривалан суллагджээ.

Энэтхэгийн Дээд шүүх түүнийг хоригдох хугацаанд зөрчил, дутагдал гаргаагүй, эрдмийн зэрэг хамгаалсан тул суллах шийдвэр гаргасан байна. Тэрбээр 1998 онд бусад зургаан этгээдийн хамт цаазын ял авч, 2014 онд ялыг нь бүх насаар нь хорих ялаар сольж байжээ.

Энэтхэгийн алдартай эмэгтэй Ерөнхий сайд Индира Гандигийн хүү, тусгаар Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неругийн зээ хүү Ражив Ганди нь 1984-1989 онд Ерөнхий сайдыг албыг хашиж байжээ. Түүнийг 1991 онд Өмнөд Тамилнад мужид сонгуулийн сурталчилгаа хийх үеэр Дхана гэгч камиказе алан хядагч тэсрэх бөмбөгтэй цэцгэн хэлхээ Ражив Гандигийн хүзүүнд зүүж, амь насыг нь хөнөөсөн юм. Улс төрчтэй хамт 16 хүн амь үрэгджээ. Ражив Гандигийн амь насанд халдах хуйвалдааныг Шри Ланка улсын “Тамил Иламыг чөлөөлөх барууд” салан тусгаарлах хөдөлгөөнийхөн зохион байгуулсан гэж үздэг. Ражив Ганди 1989 онд иргэний дайнд нэрвэгдсэн Шри Ланкад Энэтхэгийн энхийг сахиулагчдыг оруулах шийдвэр гаргасны төлөө тус хөдөлгөөнийхөн халдлага үйлдсэн гэж үздэг.

Пераривалан тухайн үед 19 настай оюутан байжээ. Тэрбээр тэсрэх бөмбөгийг ажиллуулах 9 вольтын хоёр ширхэг зай худалдан авч, аллагад оролцсон хэргээр 1998 онд цаазын ял авсан ч 2014 онд бүх насаар нь хорих ялаар өөрчилсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top