Ц.Энхтүвшин. “ Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч.
Уран гулгалтын Гран-при цувралын энэ оны дөрөв дэх нь болох “Shishiedo cup of China” БНХАУ-ын Чунцин хотноо арваннэгдүгээр сарын 8-10-нд болж өндөрлөлөө.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн аваргын хошой хүрэл медальт БНХАУ-ын Зин Боян алтан медаль хүртсэн бол түүний нутаг нэгт, өсвөр үеийн дэлхийн болон олимпын аварга Янь Хань мөнгөн медалийн эзэн боллоо. Харин хүрэл медалийг Италийн гулгагч “Универсиад-2019” наадмын аварга Маттео Риццо зүүв.
Өмнөх Гран-при цувралуудад хоёр түрүүлсэн АНУ-ын Нэтан Чэн, нэг түрүү авсан Японы Юзүрү Ханю нарын олимп, дэлхийн аваргууд энэ Гран-прид оролцох хуваарьгүй байсан нь ийнхүү хятад гулгагчдад боломж олгосон юм.
Хос гулгалтад мөн л Хятадын хос, дэлхийн хошой аварга, олимпын мөнгөн медальт Суй Вэнь, Зин-Хан Цун нар аваргаллаа. Энэ төрөлд Оросын хосууд хоёр Гран-прид түрүүлээд байсан бол Хятадын гулгагчид мөн л хоёр түрүүтэй боллоо.
Бүжгийн хослолд дэлхийн аваргын мөнгөн медальт ОХУ-ын В.Синицина-Н.Кацалапов нар алтан медаль авснаар энэ жилийн Гран-при цувралын дөрвөн гараанд дөрвөн өөр улсын (АНУ, Канад, Франц, ОХУ) бүжгийн хос түрүүлээд байна.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл. Эхний гурван Гран-прид дандаа ОХУ-ын охид, насанд хүрэгчдийн тэмцээнд анхны жилдээ орж буй 15-16 настай охид түрүүлсэн. Эдгээр охид бүгд Этери Тутберизегийн шавь нар. Зүгээр ч нэг түрүүлээгүй уран гулгалтын түүхийг шинэчилж, дэлхийн рекордыг эвдэн, урьд өмнө хийгдэж байгаагүй үсрэлтүүдийг гүйцэтгэж, уран гулгалтын төдийгүй спортын ертөнцийг шуугиулаад байсан билээ. Тиймээс ч одоо Гран-при бүрт л үзэгч, хорхойтнууд одоо Этеригийн шавь нараас хэн нь түрүүлэх бол, ямар үсрэлт хийх бол гэсэн хүлээлт үүсдэг болжээ.
Харин Олон улсын гулгалтын холбоо (ISU буюу International Skating Union) болон шүүгчдэд орос охидын, Этеригийн шавь нарын “ноёрхол” тийм ч их таалагдаагүй бололтой. Хятадын Гран-пригийн үеэр Оросын гулгагчдаас ихээхэн өө хайж, оноог “дарж” байгаа нь илт харагдсан. Гэсэн ч “даравч дардайна, булавч бултайна” гэгчээр Хятадын Гран-прид ч Этери Тутберизигийн шавь нар, Оросын охид “Ялалтын буухиагаа” тасалсангүй ээ.
Энэ оны анхны Гран-при болох “Skate America”-д түрүүлж, нэг үзүүлбэрт дөрвөн эргэлттэй лутц хоёр удаа гүйцэтгэсэн анхны эмэгтэй гулгагч болсон 15 настай Анна Щербакова энэ удаа ч дөрвөн эргэлттэй лутц хоёр удаа амжилттай гүйцэтгэж, үзүүлбэр дунд даашинзныхаа өнгийг сольж, богино ба чөлөөт үзүүлбэр аль алинд нь тэргүүлж, 226,04 оноогоор алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг Японы Сатоко Мияхара “Шиндлерийн бүртгэл”-ийн аянд онцгой хүнд элемент хийгээгүй ч маш цэвэрхэн, уран гулгаснаараа хүртсэн. Харин хүрэл медалийг 2015 оны дэлхийн аварга Елизабет Туктамышова зүүлээ.
Чунциний мөсөн дээр “Галт шувуу” мэт дүүлэн нисэж, энэ жилийн Гран-прид хоёр дахь удаагаа түрүүлснээр Анна Щербакова 12 сард Италийн Турин хотноо болох “Финал”-д оролцох эрхээ хамгийн түрүүн “халааслав”.
Ийнхүү Этери Тутберизегийн шавь нар, Оросын уран гулгагч охид эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медалийн буухиагаа үргэлжлүүлсээр л байна. Эцэст нь Этеритэй холбоотой бас нэг сайхан мэдээ байна. Түүний охин, энэ жил 16 настай Диана Дэвис энэ өдрүүдэд Латвийн Рига хотноо болсон “Volvo cup” олон улсын тэмцээний идэрчүүдийн ангилалд бүжгийн хос төрөлд Глеб Смолкинтой хоршин алтан медаль хүртэж, анхны түрүүгээ хүртжээ.
Ээжийгээ ( Этери) Америкт ажиллаж байх үед 2003 онд Лас Вегас хотноо төрсөн Диана хамтран гулгагч Смолкинтой ОХУ-ын нэрийн өмнөөс тэмцээнд оролцдог бөгөөд ирэх 12 дугаар сард Италийн Туринд болох “Финал”-д идэрчүүдийн ангилалд оролцох болзлоо биелүүлээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
гоё мэдээлэл байна. Мэдээлэлүүдийг нь ашиглаж болох уу?