Давид Вилья зодог тайллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Испанийн шигшээ багийн тоглогч асан, Японы “Кобэ Виссель” багийн довтлогч Давид Вилья өнөөдөр /2019.11.13/ Кобэ хотод хэвлэлийн бага хурал зарлан, зодог тайлж байгаагаа гэнэт зарлалаа.
 


Вилья “Энэ улирал дуусаад зодог тайлах болсноо зарлаж байна. Гоол оруулж, багтаа тус болж байгаа ч хэзээ нэгэн цагт хүч чадал барагдан зодог тайлах биш өөрийн хүслээр зодог тайлах хүсэлтэй байсан. Одоо яг зодог тайлах цаг болжээ” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Хэвлэлийн хуралд Вильягийн гэр бүлээс гадна Андрес Иньеста тэргүүтэй багийн нөхөд нь ирсэн байлаа.
 


Вилья энэ улирал “Кобэ” багтай 1 сая 500 мянган еврогийн нэг жилийн гэрээ байгуулсан. Германы шигшээ багийн тоглогч асан Лукас Подольски, Испанийн шигшээ багийн Иньеста хоёрын хамт ДАШТ-д түрүүлж үзсэн гурван тоглогч гэгдэн, “VIP 3” гэж нэрлэгдэж байлаа. “Кобе”-гоос гэрээг нь сунгах хүсэлт тавьж байсан ч Вилья зөвшөөрсөнгүй. Өнгөрсөн наймдугаар сард зодог тайлсан Испанийн Торресийн дараа дахин нэг алдарт хөлбөмбөгч Японд зодог тайлж байна.  

Давид Японд нийт 26 тоглолтод оролцож, 12 гоол оруулсан бөгөөд 12 дугаар сарын 21-нд Эзэн хааны цомын тэмцээний хагас шигшээд “Шимизү” багтай хийх тоглолт түүний сүүлчийн тоглолт болох шинжтэй. Гэхдээ баг нь ялбал 2020 оны нэгдүгээр сарын 1-нд финалын тоглолтод оролцоно.

Давид Вилья Америкийн хөлбөмбөгийн “Куинсборо” багийн хувьцааг худалдан авснаа энэ сарын 12-нд зарласан. 2021 оноос АНУ-ын USL лигт оролцохоор бэлтгэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top