Багш, эмч, эрх зүйч бэлтгэдэг сургуулиудад ёс зүйн судалгаа хийлээ

2019 оны 11 сарын 15

Авлигатай тэмцэх газраас “Дээд боловсролын салбар, орчин дахь ёс зүйн тандалт судалгаа”-ны ажлыг хийж байна.

Багш, эмч, эрх зүйч зэрэг иргэдэд нийтлэг үйлчилгээ үзүүлдэг ёс зүйн өндөр хэм хэмжээг өдөр тутам чанд сахин мөрдөх шаардлагатай мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулийн ёс зүйн орчин, ёс зүйн хичээлийн хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид сургалтын хөтөлбөрийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор энэхүү судалгааг “Цогц хөгжлийн үндэсний төв” төрийн бус байгууллагатай хамтран гүйцэтгэж байна.

Монгол Улс дахь авлигын шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байгаа олон хүчин зүйлийн дотор иргэдийн сэтгэлгээ, ухамсрын түвшин, ёс зүйгүй байдал тодорхой хувийг эзэлж байгааг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй судалгаанд оролцогч төрийн албан хаагч, бизнес эрхлэгч, шинжээч зэрэг респондентууд онцолж байна. Иймд их, дээд сургуульд шударга ёс, ёс суртахууны төлөвшил, ёс зүйн чиг хандлага олгож буй байдал, сургуулийн орчин, ёс зүйн хичээлийн хөтөлбөрийн агуулга, эзлэх хувь, сургалтаар олж авч буй мэдлэг нь бодит байдал дээр ямар түвшинд байгааг тодорхойлохоор дээрх мэргэжилтнүүдийг бэлтгэдэг 3 их сургууль буюу Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн багш, профессор, албан хаагч, оюутны төлөөллөөс бэлтгэсэн асуулгын дагуу мэдээлэл цуглуулах, сургалтын хөтөлбөр, үүн дотор ёс зүйн хичээлийн агуулга, цаг, үр өгөөж зэрэгт шинжилгээ хийх зорилгоор энэхүү судалгааг зохион байгуулав.

Өнөөдрийн байдлаар 843 оюутан, 110 багш, албан хаагчаас анкетын судалгаа авч, дээрх 3 сургуулийн сургалтын хөтөлбөрт шинжилгээ хийж тайланг боловсруулах шатанд ажиллаж байна. Улмаар судалгааны үр дүнтэй холбогдуулан боловсролын салбарын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Авлигын эсрэг хууль болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт сургалтын байгууллагууд эрх зүйн болон ёс зүйн хичээлийн хүрээнд суралцагчдад авлигын нийгмийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг эзэмшүүлж, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, авлигын эсрэг боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, стандартад тусгахаар заасан билээ.

Эх сурвалж: АТГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top